Зодуулна, Өршөөнө, Мөнгөө өгнө…
Жастин Каплагийн асуудал ахиад л босч ирэв. Энэ бол зүгээр л нэг хүн өршөөсөн асуудал биш, харин Монгол Улсад асар их хохирол учруулсан бизнесийн далд сүлжээ, заль луйвар, эх орноо худалдсан ноцтой асуудал гэдгийг манайхан мартчихаад байна. Энэ тухай өгүүлсү…
Баруун солгойгүй шаадаг гар…
Адгийн шааруудын адгийн үйлдлийг бичихэд соёлтой үг зохидоггүйг эхлээд сануулж байна. Жастин Капла гэж ёстой нэг даварсан гар байна аа. Анх энэ нэр Ерөнхий сайд С.Баярыг зодсон гэдгээр алдаршиж байсан билээ. Энэ явдлыг “бие хамгаалагчтай учраас манай Ерөнхий сайдыг зодох боломжгүй” гэж тайлбарлан дараад өнгөрсөн. Гэтэл С.Баяртай цуг архидаж байгаад “пялчих” шиг амархан юм гэж үгүй…
Ерөнхий сайдыг нь шааж унагаад, 35 тэрбумын татварыг бас шаачихдаг. Тэгээд ялгүй мултардаг. Ерөнхийлөгчөөр нь өршөөлгөөд 35,0 тэрбумын татварын өрөө 18,0 болгоод буулгачихдаг. Монголоос бараг л хүндэт харуулаар үдүүлж гарчихаад буцаад Монголын ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтоор 18,0 тэрбумын өрийг нь цувуулж авах, авах авахдаа дампуурсан компанийнх нь хувьцаагаар, хуучирч муудсан тоног төхөөрөмжөөр авах “лүндэнг” шүүхэд өгүүлж чадаж байна.
Монголын төрийг нулимаад хаяж байгаа байхгүй юу. Гэтэл манайхан Оросын Гадаад хэргийн сайдын өмд гутлыг ярьж мундгаа гайхаж байгаа хэр нь ердийн хулгайчид төрийн бүх өндөрлөгүүдээ базуулчихсан байна. Мэдээж Лавров руу хийсэн дайралтыг “Төвийг сахих”-ын талын хэдэн гарууд зохион байгуулалттай хийсэн хэрэг.
Ийм юм сонссон монгол хүн “Өө, овоо сайн эр байна” гэж магтах уу ?! Ийм увайгүй гарууд гудамжинд чулуу шидэхэд л оногдоно л доо. Барууны шулаачдын шавхруугаар гэдсээ тэжээж байсан хөгийн “либраалчид” “хөрөнгө оруулагчийг маань алах нь” гэж “лалартаж” байгааг зөв гэх үү ?!
Нэртэйгээр нь “…тэдээс дээш тэрбумын хөрөнгө оруулагч манай Ерөнхий сайдыг зодож болно” гэсэн хууль санаачилчих хэрэгтэй. Бас “35 тэрбумаас дээш татвар луйвардсан хулгайч Ерөнхийлөгчийн ивээлд орно” гээд нэмчих хэрэгтэй. Хулгайч хулгайчаа өмөөрдөг. Түүний 50 хувийг ЗГХЭГ хөнгөлөх эрхтэй гээд бас заачих. Эцэст нь дампуурахаар нь хувьцааг нь өрөндөө суутгаад улсаа хөгжүүлнэ гээд тунхаглачих…
Ийм л юм болж байна, энэ улсад чинь. Энэ үйл явдал бол Монголд болж байгаа үйл явдлын хамгийн хөгийн бүдүүлэг зохиомж. Гэтэл арай “соёлтой” яг ийм зохиомж бол “Оюу толгой”-д болж байгаа. 130 саяын татварын зөрчил илрүүлэхээр Ерөнхий сайдын зөвлөх нь “манай татварын албаныхан тэнэг, вагон дүүрэн баримтыг калькулятороор бодоод ийм дүн гаргаж байгаа юм” гэж баалсаар байгаад 100 саяыг нь өршөөсөн.
Гэтэл үүнийх нь дагуу бариад авах Каплагүй компани юм байх даа, тэр “Оюу толгой”. Хэрэв манай нэг компани 130 сая ам.доллар буюу 2,6 тэрбум төгрөгийн татварын зөрчил гаргасан бол өдийд бараг цаазлуулж байгаа даа. Эсвэл монголын арми тэр чигээрээ бүслэж байгаад хамаг хөрөнгийг нь дээрэмдэх байсан.
Ийм хоёр нүүрт стандарт энэ улсад байна. Ийм улсыг тусгаар улс гэх үү ? Ийм удирдагчдыг манай удирдагч гэх үү ? Хүмүүс хэдхэн өгүүлбэр дотор байгаа нэрийг салгаж ойлгоод байдаг учраас энэ үйл явдалд хамгийн идэвхтэй оролцогчдыг нэг дор нэрлэе. С.Баяр, Ц.Элбэгдорж, С.Баярцогт, Баабар.
Ч.Сайханбилэг бол ёстой сүрлэн мануухай л юм байна билээ. Тэр юугаа ч мэдэхгүй зөвхөн хэл гэснийг нь хэлээд, хамаг хараалын хүүдий болж яваа нэг муу Павка Корчагин л байхгүй юу. Дээр дурдсан адгийн шаарууд өөрсдөө илрэхгүйн тулд өмнөө барьсан цаасан бамбай л юм. Сүүлдээ улсынхаа эдийн засгийг байтугай эздийнхээ зааврыг ойлгохоо больтлоо мангартахаар нь Баабарыг залж, хэлэх үгийг нь бэлдүүлж байна шүү дээ.
Эцэстээ энэ Монгол Улс чинь Британийн хамтын нөхөрлөлийн орнуудын нэг болчихсон юм уу? Манай Ерөнхийлөгч чинь хатан хаанаас томилогддог амбан захирагч төдий этгээд юм болов уу? гэж бодогдохоор хөгийн үйл явц өрнөж байна шүү дээ.
Муур ба хулгана
Жастин Капла нарыг өршөөснөөс хойшхи үйл явцыг Г.Уянга маш анхааралтай ажиглаж байсан. Гурван хүн суллаад 35 тэрбумыг олоод авчих байх гэж бодож байсан. Бас найрсаг улсын Ерөнхийлөгч гуйсан бол бас ч гэж дэлхийгээр нэг тарсан Монголчуудын хэн нэгний алдааг “өршөөх” боломж гэж харж байснаа илэрхийлж байна.
Харин Ц.Элбэгдорж “Би их бодлоо, улс орныхоо нэр хүндийг бодоод өршөөлөө” гэж ганц жиргээд түүнээс хойш Монголчууд сар болоод хоолтойгоо холиод идчихнэ, Баабарын хэлдэгээр жорлон руугаа асгачихна гэж бодсон бол ёстой гонж. Бид бүх үйл явцыг харж, мэдээлэл цуглуулж, дараа дараагийн алхамуудыг нь тооцож байсан.
Үнэндээ Ц.Элбэгдорж 35 тэрбумыг улсдаа авах ямар ч сонирхолгүй байсан, харин ч бүр авахгүйн тулд ийм юм хийсэн гэсэн дүгнэлтэд хүрсэн учраас ийм хүн төрийн тэргүүний суудалд залрах ёс суртахууны бөгөөд хуулийн өмнө эрхгүй гэж үзсэн Г.Уянгын дүгнэлт туйлын зөв юм.
Гэтэл яг асуудлыг олон нийтийн өмнө ил тод хэлэлцэх болохоор Ц.Элбэгдорж нөгөө л муухай арга залиа хэрэглэж зугтах гэж оролдож байна. УИХ-ын гишүүн бланкан дээрээ асуудлыг гаргаж тавьснаас 14 хоногийн дотор УИХ асуудлыг хэлэлцэх хуультай. Гэтэл яаж ийгээд 7 хоног хэтрүүлж байна. Ахин дахин бичиг сачиг илгээж хэрүүл хэлцэл болсны эцэст эрхбиш байнгын хороогоор хэлэлцэх болтол МАН завсарлага авч өөрийгөө илчлэв.
Ч.Сайханбилэг гэж юу ч үгүй болтлоо салмайсан бамбай одоо хэрэггүй болсон учраас бүхэл бүтэн “сөрөг хүчин” гэгчээр бамбай хийж байна. МАН сонгуульд ялах хүсэлтэй бол, үнэнхүү “сөрөг хүчин” юм бол ийм асуудлыг шүүрч аваад эрх баригчдаа хэмх нүдэх ёстой биз дээ ? Тэр тусмаа сонгууль хаяанд ирчихээд байхад…Гэтэл хийх ёстойгоо яг эсрэгээр нь хийж байна.
Үүнийг л МАНАН гээд байгаа юм шүү дээ. Бас нэг муу үмхий заль гаргаж “Бүх асуудлаар завсарлага авлаа” гээд байгаа юм аа. Ц.Элбэгдоржийн өрөөнд орж цагаа бүртгүүлдэг “нутгийн дүү” С.Бямбацогтын чармайлт намыг ийм хар нүх рүү чирэхгүй, цаана нь асар том нөлөөлөл бий учраас ийм юм болж байгаа хэрэг. Харж ээ байх нь ээ, одоо Ц.Элбэгдоржийн хар сүүдэр АН-ыг нураагаад зогсохгүй шинэ холбоотон МАН-аа ч сүйтгэж чадахаар өтгөрчээ.
Эндээс хэд хэдэн зүйл тодорхой болж байна.
Нэгт: Миний “Далд засаглал” өгүүлэлд дурдсан ёсоор Ц.Элбэгдорж МАН-тай нэг тал болж намаа сүйтгэх туйлын сонирхолтой байна. Үүнийг батлагдлаа гээд баярлах юм алга, ядаж ийм новшийн үйлдлээр батлагдаад байхдаа ч яахав дээ, би бас нэг муу юм төр улсынхаа нэр төрийг боддог ухаантай.
Хоёрт: С.Баярцогт яаж ч хөөрхөн царайлсан энэ төрийн дээд зиндаанд ажиллаж байх хугацаандаа улс орноо зарж барахын тулд бүхнийг хийх нь тодорхой юм байна. Энэ хүн хамгийн их нүгэлтэй, хамгийн их барьцаалагдсан этгээд мөн.
Үүнд тэр хятадын эрлийз хурлийз ёстой падлийгүй. Зальтай этгээд учраас бүх асуудлыг монголчуудын ярих дуртайгаар нь эрлийз хурлийзийн хэлэлцүүлгээр булаад цаагуур нь сая сая доллар, төгрөгөөр тэрбум тэрбумын зувчуулалт хийж суудаг хүн юм байна.
Гуравт: Үүнд С.Баярын нэр хамгийн ихээр холбогдож байна. Бүр Жастин Капла нь шанаа өгөх хэмжээний ойр нөхөд юм байна. Нэгдүгээр зэргийн хамгаалалттай байхад нь шүү дээ. Хэрэв С.Баяр энэ хэргийг дараагүй бол Жастин Капла эрүүгийн гэмт хэрэгтэн мөн. Хэрэв ийм үед хуулийн болоод бусад хамгаалалт хийж чаддаггүй юм бол тэр нэгдүгээр зэргийн хамгаалалт энэ тэрээр яах юм.
Үүнтэй холбоотой дурдахад саяхан бас Ч.Сайханбилэгийн цохиулсан хамарны асуудал дэгдэж, түүнийг дарах гэж ЗГ-ын хэвлэлийн алба хамгийн мугуйд арга хэрэглэж байна. Үүнээс сэтгүүлчид, ажиглагчид бас хараа салгаж болохгүй. Г.Уянгын тавьсан асуудал хэлэлцэгдэхтэй зэрэгцэн ийм шуугиан гарч байна шүү дээ.
Яг үнэндээ УИХ-аар асуудлыг хэлэлцүүлэхгүйн тулд УИХ-ын дарга З.Энхболдод ч шахалт дарамт үзүүлэх оролдлого хийсэн тухай сонссон. Тэгж байж долоо хоног л хойш нь татсан. Бидний аз болоход намаа хамгаалсан З.Энхболд, МАН-тай нийлсэн Ц.Элбэгдорж хоёрын зөрчил нь “дургүйд хүчгүйн” үлгэрээр нэг долоо хоногийн л авралаар хязгаарлагдсан хэрэг. Эцэст нь Ц.Элбэгдорж намаасаа биш, “холбоотнууд”-аасаа туслалцаа эрж, тэр нь хангагджээ.
Үүнийг бас анхааралтай асууж мухарлах хэрэгтэй. Жишээ нь ийм мэдээллийг Г.Уянга ярихгүй, хэдий зөвлөх нь авч надад хэлэхгүй, ёс зүйгүй хэрэг. Гэхдээ би ч бас ордонд танил нөхөд олонтой хүн. МАН-ын ч, АН-ын ч, эвслийн ч…
Одоо байнгын хороогоор энэ асуудлыг авч хэлэлцэх ёстой. МАН завсарлагаа сунгахгүй бол шүү дээ. Ингэж яарахын учир нь Ц.Элбэгдорж өөрийгөө авч үлдэхийн тулд учраа олохоо байсан уймраа Ч.Сайханбилэгээр золио хийчихэж тун магадгүй.
Өөрөөр хэлбэл эвсэл задарснаар далимдуулж, Засгийн газрыг бүрдүүлэгч парламентын нэг субьект “устсан” учраас МАН-ыг түлхэж Засгийн газрыг огцруулах асуудлыг оруулж ирээд өөрөө араар нь хэвтчихэж чадна. Яаж ийж байгаад сонгууль хүргэчихвэл аврагдлаа л гэсэн үг болно. Гэхдээ хэрэг хуучирдаггүй гэж нэг үг бий.
Хоёр асуудалд Ц.Элбэгдорж тайлбар өгөх ёстой. Нэг дэх нь Г.Уянгын шаардсанаар шүүхийн процесс дуусаагүй байхад яагаад хууль зөрчиж уучлал үзүүлэв? Хэрэг эцэслэж, УДШ алхаа цохисны дараа л “жинхэнэ ялтан” болсон хүнд өргөдөлд нь үндэслэж “уучлал” үзүүлэх ёстой. Ерөнхийлөгчид “өршөөл үзүүлэх” эрх байдаггүй, энэ тухайгаа Ц.Мөнхбаярыг яагаад “уучилж чадаагүйгээ” тайлбарлахдаа нөгөө “Цензургүй яриа”-нд орохдоо тодорхой хэлсэн.
Хоёрт, энэ бол миний л санаа. Жастин Каплаг өршөөхийг яг аль улсын Ерөнхийлөгч ямар хэлбэрээр хүссэн болохыг тодорхой хэлэх ёстой. Нэг улсын Ерөнхийлөгч ярьсан болохоор, би Ерөнхийлөгч болохоороо “өршөөчихсөн” гэж УИХ-д томордоггүй юм. Энэ улс орны эрхийг УИХ барьдаг, УИХ нь биш юм гэхэд хуулиас гадуур үйлдэх эрх хэнбугайд ч байхгүй.
Одоо муур хулгана болж тоглох цаг алга. Уянга ч хулганад мяраасан муур шиг айлгаж, нөгөөдүүл нь нэгийгээ бариулахгүй гэж зальдаж байгаа хулганууд аятай жүжиг тавиад хэрэггүй. Харин нэг юмыг онцлон хэлье. Яг энэ асуудлыг тавихтай зэрэгцээд Г.Уянга “хууль батлуулдаггүй”, Г.Уянга “юм хийдэггүй” гэсэн дайралтыг хөлсний лаларуудаараа дамжуулж хийгээд хэрэггүй дээ.
Бүгд л харж байнашт. Яаж олноороо бөөрөлхөж, нэгнээ хаацайлж, Уянгын алхам бүрт дэгээ тавьж байгааг. Энд бичсэн бол зөвхөн нэг л жишээ. Г.Уянга ганцаархнаа “Гацуурт”-ыг хамгаалах гэж таван удаа оролдсон. Энэ хооронд хоёр цагаан сар дамжсан. Тэгэхэд УИХ, намуудын бүлэг тэр ч байтугай эвслийн бүлэг нь нийлээд, дээрээс нь Засгийн газар хамжаад зүтгэсээр байж ашиглуулах шийдвэр гаргуулж л байсан. Үүнийг “юм хийгээгүй” гэдэг юмуу ?
Харин ч “МАНАН”-гийн адгийн шааруудыг ийм “бузар булай юм хийлгэхгүйн” төлөө Г.Уянга яаж ажиллаж байгааг хараад би өрөвдөхөөр зогсохгүй цухалддаг. Эцэст нь Та нар өөрийн мэдлийн хэвлэлээр юу гэж дайрдаг гээч? “Юм хийлгэхгүй байна” гэдэг. Наад тэнэг үгэн тоглоомонд чинь хэн ч итгэхээ байсан.
Харин азаар (бас л баярлах юм биш) “юу хийх гэж” байсныг чинь илчлэх ч шаардлагагүй болсон гэж бодож байна. Зүгээр нь наад захын “хийсэн юм” чинь Дубайн гэрээ. Бас энэ Каплагийн өршөөл. Одоо үлдсэн богино хугацаанд та нараар “юм л хийлгэж болохгүй” юм байна гэсэн ганцхан бодол л наад ард түмний чинь тархинд хадаатай байгаа шүү. Ялангуяа Ц.Элбэгдоржоор, С.Баярцогтоор… Дээр нь Баабараар бичүүлж болохгүй. Ядаж байхад бичсэнийг нь уншсан Ерөнхий сайд нармайгаа нээлгэчихээд байдаг болж…
Угийг нь ухвал…
Энэ “Саус гоби сэндс” бол анхнаасаа их “но”-той компани. Яг үнэндээ бид нэрээр нь нэрлээд байгаагаас Р.Фрийдландын компани юм.
Энэ компани өмнийн говийн элсэн дорх нүүрсний хамгийн баян ордод эзэн суугаад дураараа дургиж байв. Дээр нь хувьцаагаа дур мэдэн Хятадуудад зарах гэж байгаад баригдаж, тэр үйлдэл нь зогссон.
Үүний цаана бас нэг юм байсан нь Р.Фрийдланд “Өмнийн говийн элс” компаниас зарсан нүүрснийхээ орлогоор “Оюу толгой” дахь хөрөнгө оруулалтаа хийж байсан юм. Түүнд нүүрсний экспортоо татваргүй чөлөөтэй хийх бараг л хил дамнасан худалдаагаа нэг улсын дотоодод хийж буй худалдаа шиг чөлөөтэй хийх боломж хаалгыг хэн нээж өгсөн юм ? гэдэг асуудал ч одоо сөхөгдөнө. Нарийн шалгавал нийтдээ 6,1 тэрбум ам.долларын мөнгөний махинацийн асуудал цаана нь нуугдаж байгааг манай шүүхийн өмнөх шигээ ажиллаж тогтоох ёстой.
Харин цагдаагийнханд итгэх аргагүй. Учир нь үүнийг гардан хийх ёстой ЦЕГ-ын найдваргүй даргыг солих оролдлого гацчихаад байна. Хэрэв шударгаар асуудлыг шийдье гэвэл ЦЕГ-ын даргыг солиод хэргийг дахин нарийвчлан шалгах шаардлагатай.
2008 оны сонгуулийн өмнөхөн тэдний энэ үйлдлийг хязгаарласан хууль батлагдсаны дараа Жастин Капла С.Баярыг “зодсон”. “С.Баярын нам” сонгуульд ялагдсаны дараа шалгалт үргэлжилж татварын зөрчлийг илрүүлснээр энэ асуудал одоо болтол үргэлжилж байна.
Баруунхан руу дандаа дайрдаг, хужаа нарыг оруулж ирэх гэж байгаа энэ тэр гэсэн тэнэг хаалтаа болиорой, харин ч наадуул чинь Канадын хөрөнгө оруулагчдын уламжлал ёсоор өрмийг нь хамчихаад үлдэгдлийг нь хятадуудад зарчихаад бултдаг балиар луйвраа хийх байсныг бас гудамжнаас шаардаж шахаж байж зогсоосон юм шүү.
Чухам манай нүүрсний экспортод гай болсон Монгол-Хятадын хооронд бий болсон үл ойлголцол яг энэ компаниас эхтэй гэдгийг харин нотлох ч шаардлагагүй. Одоо сэтгүүлчид ажлаа хийцгээ, сэжүүрийг нь гаргаад өглөө шүү…
“Саусгоби сэндс”-ын татварын зөрчил анх 68 тэрбум төгрөг байв. С.Баярыг зодсоны дараа 35 тэрбум болов. Ц.Элбэгдорж өршөөсний дараа 18 тэрбум болж ахин буурав. Эцэст нь С.Баярцогтын “лүндэнгээр” энэ 18 тэрбумыг цувуулж авах, чингэхдээ бүр дампуурсан компанийнх нь хувьцаагаар, хуучин тоног төхөөрөмжөөр авах шийдэлд хүрч байна.
Гаднын хэдхэн луйварчинд бүхэл бүтэн Монгол Улсыг адгийн муухайгаар доромжлох боломж олгож эх орноо худалдсан С.Баяр, Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг, С.Баярцогт, Баабар нартай хатуу тооцоо бодох нь хамгийн шударга үйлс болно.
Эд нар бол Монгол үндэстний дайснууд мөн…
Судлаач Х.Д.Ганхуяг.
URL: