Б.Сэр-Одыг морьтой уралдуулаад үзье

Гүйдэг Б.Сэр-Од БНСУ-д болсон хөнгөн атлетикийн 2011 оны ДАШТ-ий марафонд хурдан гүйлээ. Дэлхийн шилдгүүдтэй уралдаж, 20 дугаар байрт орж өмнө нь өөрийнхөө тогтоосон Монголын дээд амжилтыг эвдлээ. Түүнээс өмнө манай тамирчдаас хэн нь ч ингэж дэлхийн гүйлтийн замд шилдэг хорьд багтаж байсангүй. Африк, Кенийн хурдтай тамирчидтай 42 км-ийн турш уралдаж, Монгол хүний тэсвэр тэвчээр ямар ихийг харуулав.

Энэ удаагийн ДАШТ-ий марафонд олимпийн нормативыг биелүүлсэн буюу “Лондон-2012″-ын эрхээ аль хэдийнэ өвөртөлчихсөн олимп, дэлхийн аварга тамирчид өрсөлдсөн гэдгээрээ онцлогтой байв. “Би нэгэнт марафоныг сонгосон. Тийм болохоор хэдий ядарсан, сульдсан ч гэсэн хамгийн сүүлд, алхаж орсон ч хамаагүй.  Хамгийн гол нь тэр замыг дуусгаж чадвал миний зорилго биелнэ” гэсэн зарчмыг баримталдаг Б.Сэр-Од монгол эр хүний уужим сэтгэл, тамирчны хатуужлаар хилийн чанадад Монгол Улсынхаа нэрийг гаргаж, эх орноо сурталчилсаар гүйж явна.

Тэрээр Афины олимпод Монголоо “том” сурталчилсан нэгэн. Тэрээр манай сонинд өгсөн ярилцлагадаа “Тухайн үед манай холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан хүн зарим дасгалжуулагчидтайгаа нийлж мөнгө идэхийн тулд хуйвалдаад “Нарантуул” захын наад талд байдаг хувийнхаа жижигхэн зочид буудлын гэрэл гэгээ муутай дээврийн өрөөнд биднийг байрлуулсан.

Өдөр хийж өгсөн хоол нь үлдвэл орой нь халааж өгнө, түүнээс нь үлдвэл маргааш өдөр нь халааж өгдөг байсан. Тэгээд би тэнд  долоо хоног байрласан чинь гэдэс өвдөөд дээшээ доошоо гүйлгээд ямар ч тамиргүй болоод бүтэн жил хийсэн бэлтгэл маань олимпийн өмнө үрэн таран болчихсон. Тэгээд би утсаар яриад “Энд чинь байж чадахгүй ээ. Би гэрээсээ бэлтгэлдээ явж байгаад олимпод явна” гэсэн. Тэгээд би олимпоос 14 хоногийн өмнө Буудлага спортын клубт О.Гүндэгмаа нартай хамт байрласан. Тэнд биеэ сэргээгээд тэгээд л олимпод орсон доо.

Олимпод ороод Монголын рекордыг эвдээд ч яах юм бэ. Түүнийхээ оронд Монгол Улсын тамирчдад марафон гүйлтэд гүйж чадах чадвар байгаа шүү гэдгийг, дээр нь Монгол гэдэг улсыг дэлхийд цаг гаруй хугацаанд сурталчлахын тулд би төрийнхөө далбааг барьж 20 км гүйсэн юм” гэж ярьж байсан. Б.Сэр-Од Афины олимпийн тэр марафонд цойлон гарч ирж, эхний 20 км-ийн турш, төрийнхөө алтан соёмбот тугийг намируулан хар эрчээрээ гүйж дэлхий даяар “Mongolia” хэмээн цуурайтуулсан. Түүний хийсэн энэ үйлдэл Монголыг сурталчилсан эр зоригтой, бахархмаар явдал байсан шүү.

Б.Сэр-Одыг одоогоор Монголын хамгийн хурдан хүн гэж хэлэхээсээ илүүтэй холын зайн уралдаанд урдаа хэний ч хөлийг гишгүүлэхгүй хурдтай, чадалтай тамирчин гэнэ. Мориор бол шандас, шөрмөстэй л гэсэн үг. Энэ тамирчнаараа бид бахархах хэрэгтэй. Түүний эдгээр гавьяагаар зүгээр бахархаад өнгөрөх биш түүнийг урамшуулж, амьдралынх нь баталгааг бий болгох хэрэгтэй юм. Яагаад гэвэл та бидний нэрийг дэлхийд гаргах гэж уушгиныхаа гурван судсыг тэлтэл гүйж байгаа түүнд бид юу өгч гийгүүлсэн билээ. Өнөө жилийн наадамд үзүүрлэсэн Г.Эрхэмбаяр арсланд 78 сая төгрөг гаргаад өгч чадаж байна. Энэ хүн сайн бөх байх аа. Түүний талаар маргах гэсэнгүй. Харин үндэсний бөхөөр яаж ч дархан аварга болоод Монголын нэрийг дэлхийд гаргаж чадах билүү. Тэгвэл Б.Сэр-Од ямар ч байсан Монголын нэрийг дэлхийд гаргаж чадаад байна. Түүнд хэн нэгэн баяныг хэдэн халтар төгрөг хандивла гэсэнгүй. Өөрөөр нь мөнгө олуулах нэг арга сэдмээр байна. Түүнийг монгол адуутай бооцоотой уралдуулах санал байна.  Өндөр бооцоо тавиад ялсан ч ялагдсан ч хэдэн төгрөг олчихоор зохион байгуулах хэрэгтэй.

Манайхан чинь цагаа тулахаар Эрдэнэчулууны шарга, “Ажнай”-н Бат-Эрдэнийн туган ухаа, сувдан зээрд, сүмбэн зээрд, тайж халтар, хишиг хүрэн энэ тэр гээд л адгуусанд амиа тавихаас буцахгүй олон зуун саяар худалдаж аваад байдаг сонин улс. Тэглээ гээд тэр морьд чинь Б.Сэр-Од шиг Монгол Улсаа сурталчлаад олимпийн замд далбаагаа бариад гүйсэн билүү. Дэлхийн аваргад өнөө цагийн шилдгүүдтэй уралдаж, олимпийн эрх авсан уу. Үнэндээ наадам, даншиг гэдэг чинь дов төдийхний л юм шүү дээ.

Б.Сэр-Одын байгуулаад буй гавьяа, хөлс хүчний дэргэд бол өнөө цагт наадмуудад манлайлаад байгаад хурдан морьдын алдар цол бол дэндүү өчүүхэн, харьцуулахад ч инээдтэй.

Б.Сэр-Одтой уралдуулах морь уяж сойдог хурдан адуу биш жирийн уналгын морь байх юм. Хүн хэзээ байтлаа адуутай уралдаж байлаа гэж буруушааж болно. Гэхдээ энэ чинь сонин байхгүй юу. Монголчуудын дунд холын зайд Б.Сэр-Од шиг хөнгөхөөн гүйгээд ирэх тамирчин байна уу. Үнэндээ гүйлтэд түүн шиг мэргэшсэн, гаршсан чадварлаг тамирчин алга. Түүнийг жирийн монгол адуутай уралдуулж үзье. Б.Сэр-Од уу, морь нь уу гэхээс илүүтэй монгол хүн, морьтой уралдсан гэдгээрээ сонирхолтой шүү дээ. Аль нь түрүүлэх бол? Аягүй бол холын зайд Б.Сэр-Од өнөө морийг хаячихаж ч мэднэ шүү.


URL:

Сэтгэгдэл бичих