Дахиад та нэр дэвшигчдээс ийн нэхвэл бид бүгдээрээ сүйрэх хэмжээнд хүрчихсэн шүү, эрхэм сонгогчид оо…
.
Хороо хорин, хөдөө орон нутаг, ер хаа ч ялгаагүй сонгогчид, иргэд олон УИХ-ын гишүүдээс нэгэн нийтлэг хүсэлт, шаардлага тавьдаг. Тэр нь, “Эрхэм гишүүн Та”, эсвэл
“Эрхэм нэр дэвшигч Та”
- манай дүүрэгт юу өгөх вэ? Автобусны буудлыг ойртуулах уу? Ахмадын асрамжийн газар барьж өгөх үү? Үйлчилгээний төв яах вэ?
- манай аймагт юу өгөх вэ? Чуулгын барилга барьж өгөх үү? Үр тарианы зээллэг өгөх үү?
- манай суманд юу өгөх вэ? Уяачдад хурдан азарга Зүүн талаас хүргэж ирэх үү? Дотуур байрны дээврийг засаж өгөх үү?
- манай баг, хэсэгт юу өгөх вэ? Багийн эмч нарыг Эрээнд аялуулах уу? Зээл өгөх үү? Худаг гаргах уу?
- Манай гэрт, надад юу өгөх вэ? Ямар гарын бэлэг өгөх вэ? Миний хүүхдийг их дээд сургуульд тэтгэлэгтэй сургаж өгөх үү?
.
ИЙМ ЮМ БАЙЖ БОЛОХ УУ?
Ерөнхий, дам утгаараа бол байж болно, тухайлбал, улс орон хөгжвөл сонгогч иргэн Таны тойрогт ч, гэрт ч, өөрт ч нь үр ашгаа өгнө. Өөрөөр хэлбэл эрхэм гишүүн, нам улс орноо хөгжүүлэх зөв бодлого, хөтөлбөр дэвшүүлж хэрэгжүүлбэл өрх гэрт ямар нэгэн хэлбэрээр очино.
Харин шууд утгаараа буюу материаллаг амлалт бол огт байж боломгүй асуулт, хүсэлт юм. Гэтэл үнэн хэрэг дээрээ ихэнхдээ ийм л асуулт, хүсэлт тавьдаг.
.
ЯАГААД ИЙМ ХҮСЭЛТ БАЙЖ БОЛОХГҮЙ ГЭЖ?
1. УИХ-ын гишүүний хуулиар тогтоосон эрх, үүргийн хүрээнд тухайн тойрогтоо ямар нэгэн бодит юм өгөх нь боломжгүй юм. УИХ-ын үүрэгт ч, эрхэм гишүүний үүрэгт ч тийм юм огт байхгүй. Хууль эрхзүйн талаасаа боломжгүй. УИХ-ын гишүүн нь тойрог дүүргийн, сум хорооны, өрх гэрийн тулгамдсан асуудлыг шийдэх үүрэгтэй биш, улс орны хэмжээний бодлогыг тодорхойлох, хууль эрхзүйн орчныг нь сайжруулах, хуулийн бодлогыг барих, хуульчлан тогтоож өгөх, хууль батлах үүрэгтэй хүмүүс. Харин орон нутгийн асуудлуудыг зохицуулах үүргийг хүлээлсэн шат шатны засаг захиргааны байгууллагууд гэж бий. Суман засаг дарга, аймаг, дүүргийн засаг дарга нарын хийх ажлыг УИХ-ын гишүүн хийх ёсгүй.
2. Угаасаа ийнхүү тойрогтоо, дүүрэгтээ, аймагтаа, сум, хороо, багт тохирсон ямар нэгэн юм амлах нь утга учиргүйгээр барахгүй маш их хортой үр дагавартай зүйл. Яагаад гэвэл, улс орны хөгжлийн нэгдсэн бодлого төлөвлөлт, стратеги зорилт гэдэг зүйлийг байхгүй болгож, жижиглэн тасчиж, аймаг орон нутаг дүүрэг рүүгээ онцгой ач холбогдол багатай зүйлд зөөдөг, тараан цацдаг бараг солиотой гэмээр үзэгдлийг бий болгож байгаа юм. Монгол Улс хөгжвөл танай сум дүүрэг, аймаг тойрог ч мөн адил хөгжиж таарна. Аймаг, дүүрэг, сонгуулийн тойрог гэдэг нь тусгаар улс биш, тусгаар тойрог биш. Монгол Улс бол Холбооны улс биш. Зөвхөн Сонгогч иргэн Таны сум, хороо, дүүрэг, аймаг л хөгжсөнөөр улс хөгждөг юм биш. Эсрэгээрээ улсын хөгжлийн нэгдсэн бодлого төлөвлөлт үр дүнтэй хэрэгжиж байж Таны аймаг, сум, дүүрэг хөгждөг гарцаагүй хуультай.
Өнгөрсөн он жилүүдэд бид дотоодынхоо бензиний 60 хувийг хангах хүчин чадал бүхий дунд оврын Нефт боловсруулах 2 үйлдвэр, Аж Үйлдвэрийн Парк босгох хөрөнгө, хөндлөн тэнхлэгийн төмөр зам тавьчих хөрөнгийг жижиглээд тараагаад цацчихсан. Үр дүн маш бага, том утгаар нь харвал маш их хохиролтой. Хэрвээ бид дотоодынхоо Нефтийн хэрэгцээний 60 хувийг дотоодоосоо хангадаг болчихвол гурван том ашиг гарна.
- суурь үнэ бууна,
- долларын гадагшаа урсгал багасна, бид жилд 1.2-1.4 тэрбум долларыг бензин, шатахуун худалдан авахад зардаг.
- ажлын байр тодорхой хэмжээгээр нэмэгдэнэ.
Ийнхүү суурь үнэ болон долларын ханш буурснаар бараа бүтээгдэхүүний үнэ бууна, энэ нь тухайн сумын сургуулийн дээвэр зассанаас 1000 дахин ашигтай, үр дүнд нь тодорхой хугацааны дараа сургууль зөвхөн дээврээ янзлуулах төдий биш цоо шинэ сургууль ч барих боломжтой болно. Гэх мэт…
Аж үйлдвэрийн парк, хэвтээ тэнхлэгийн төмөр зам гэх мэтийн ЭЗ-ийн үр ашгийн тухайд бол бүр ч ярилтгүй. Гэтэл бид энэ том том АШИГ, том том зорилтоо аймаг сум, дүүрэгтээ тарааж цацчихаад, тэгээд дараа нь улс хөгжихгүй байна, яагаад тэр вэ хэмээн гайхаж сууцгаах…
Чухам тиймээс л тойргуудад үр ашиг багатай, өнөө маргаашийг аргацаасан зүйлийг амлах, нөгөө талаас нэхэх нь МАШ ИХ ХОР ХОХИРОЛТОЙ, бараг гамшиг гэж хэлэхэд болно. Бид эрх ашгаа, зайлшгүй эн тэргүүнд хийх ажлаа эрэмблэх шаардлагатай.
Монгол Улсын сум бүхэнд ахмадын байр, хороо бүхэнд сагсны талбай юуны өмнө хэрэгтэй юу, Нефтийн үйлдвэр, мах боловсруулах комбинат юуны өмнө хэрэгтэй юу гэдгээ мэддэг байх хэрэгтэй.
Эхлээд Нефтийнхээ үйлдвэрийг, махныхаа комбинатыг барьчихаад, түүнийхээ үр ашгаас тэр сүм бүрд ахмадынхаа байрыг, сагсныхаа талбайг барих нь гарцаагүй зөв алхам. Харин байгаа жаахан мөнгөөрөө ахмадын байр, сагсны талбай барьчихаад, дараа нь яахаа мэдэхгүй тэнгэрээс алгаа тосоод суудаг нь гэнэн бөгөөд тэнэг явдал.
3. Тойрогтоо юм амладаг, амлуулдаг, нэхдэг явдлын гай гамшгийг дурдаад барахгүй. Өнгөрсөн 2015 оны сүүлээр зарим гишүүд тойрогтоо баахан юм тараав. Өөрийн зурагтай бидон, усны сав, аяга, мөнгө, нүүрс, бурхан, ном, СиДи, зураг, календар, хоол иддэг савх, суварга гээд тарааж болох бүхнийг л тараалаа. Иргэд, сонгогчид маань нэг удаа ийм жижиг сажиг зүйл аваад сайхан байж болно, гэтэл бэлгэнд авсан ганц савхныхаа төлөөсөнд та бүхэн бүтэн 4 жилийн идэх хоолныхоо хэмжээний төлбөрийг төлж байгаагаа ухаарч ойлгох хэрэгтэй юм. Энэ тарааж буй зүйлсийн үнэ өртөг нь хэд гэж бодно. Хэдэн зуун саяас, хэдэн тэрбумаар хэмжигдэнэ. Сонгогч Та бүхэнд учиргүй хайртайдаа, сэтгэл дотно байгаадаа ийнхүү сая сая төгрөгөө тарааж байна гэж бодож байна уу? Үгүй юм. Ердөө л та бүхэнд таалагдаж, саналыг чинь худалдан авах гэж оролдож буй хамгийн зальжин, овтой, хууль бус, эрээгүй оролдлого.
Зуу зуун саяар нь бэлгээ тараасан тэдгээр хүмүүс түүнээ нөхөж авна, бүр хэд нугалж авна. Гэхдээ хаанаас гээч, төрийн халааснаас, тодруулж хэлбэл та бүхний халааснаас, тогоотой хоолноос буцааж авна. Тэгээд тэд баяждаг, харин та бүхний амьдрал хүнд хэвээр л үлддэг. Нэг савх, нэг бидон авснаар Таны амьдрал сайжирчихгүй. Харин төр улсын бодлого зөв, түвшин явж байж Таны амьдрал сайжирна. Эрхэм сонгогч Та – нэр дэвшигчээс, эрхэм гишүүнээс “Манай тойрогт, сумд, аймагт, надад юу өгөх вэ?” гэж нэхснээрээ өөрийгөө ч, улсаа ч хорлож буй хэрэг.
.
ЯАГААД ИЙМ БОЛЧИХОВ?
Ихэнх хүмүүс үүнийг сонгуулийн мажоратор тогтолцоотой холбож тайлбарладаг. Гэхдээ 100 хувь биш юм. Ямар ч тогтолцоонд муу болон сайн тал бий. Гол нь ард олны аж амьдралын хүнд байдлыг овжноор ашиглаж буй нэр дэвшигчид, эрхэм гишүүдийн увиагүй шуналтай явдал, эрх ашгаа эрэмбэлэх чадваргүй, ухамсаргүй байдалтай шууд холбоотой. Олон түмнийг тэгэж сургаж, үүнээс өөрөөр байх ёсгүй мэт болтол нь завхруулж, дампууруулсан байна. Тэгээд ард нь “Ямар ард түмэн байна, тийм л удирдлага байдаг” хэмээн ард олныгоо дооглон тохуурхаж инээлдэх.
Энэ бол бараг 100 хувь манай улс төрчдийн алдаа. Хувь хүнээс хамаарах хамаарлыг нь багасгахад сонгуулийн тогтолцоо чухал нөлөөтэй, гэвч хувь тэнцүүлсэн тогтолцоонд ч олон сул тал байгаа. Харамсалтай нь ямар ч сайхан тогтолцоог ямар ч муухайгаар харагдуулж чадах чадвар манай өнөөдрийн дампуурсан улс төр, улс төрийн нам, улс төрчдөд хангалттай байна.
Одоо нэгэнт жижиглэсэн мажоратор тогтолцоогоор сонгуулиа явуулахаар боллоо. УИХ тэгэж шийдэв. Цаана нь намуудын далд давхар тооцоонууд бий. Тэдгээрийн тухай олныг өгүүлэх нь илүүц биз. Уг нь хүнээ зөв олоод сонгочихвол өнөөдрийн нөхцөлд шууд сонгох нь илүү ч үр ашигтай байж магад.
Гол нь Эрхэм сонгогч та бүхэн маань нэр дэвшигчээс манай аймаг, сум, дүүрэг, хороо, гэрт юу өгөх вэ гэж бүү асуугаарай. Дахиад асуувал, дахиад нэхвэл, дахиад амлавал бид сүйрэх хэмжээнд тулчихсан шүү. Харин Сонгогч Та “Төрийн гулзайсан нурууг хэрхэн түвшнээр түших вэ? Энэ талцсан намчирхсан байдлыг хэрхэн эцэслэх вэ? Энэ улс орны нуруун дээр буусан их өрийг хэрхэн барагдуулах вэ? Улмаар улс орноо тогтвортой хөгжүүлэх ямар бодитой бодлого хөтөлбөр байна вэ? Төр түмнийхээ төлөө зүтгэх Таны чин эрмэлзэл хэр байна вэ?” гэж асуугаарай, бас нэхээрэй.
Б.Наминчимэд…