Х.Баттулгын эрх ашиг Засгийн газраас үнэтэй юу?

gag_700x700Эрхэм гишүүн Х.Баттулгын эрх ашиг Монгол Улсын Засгийн газраас үнэтэй байж мэдэхээр хачин жигтэй үйлдэл төрийн зарим түшээгээс гарах болов.

Х.Баттулга гишүүний мэдлийн “Баянгол” зочид буудалд байрлах хоёр компанийн санхүүд аудитын шалгалт хийсний төлөө эрхэм гишүүн тийш гүйн очиж өөрийг нь баривчлах гэж байгаа мэтээр сүр дуулиантай жүжиг тавьсан. Үүнтэй зэрэгцээд Л.Эрдэнэчимэг гишүүн “Хэрэв Х.Баттулга гишүүнээр оролдвол МоАХ фракц дөрвөн сайдаа засгаас татна хэмээн”сүрдүүлсэн”.

Энэ эрүүл үзэгдэл мөн үү. Х.Баттулга гишүүний “Намайг барих гэлээ” гэсэн сэрүүн зүүд Засгийн газраас үнэтэй болж таарав уу. Л.Эрдэнэчимэг гишүүн Засгийг тараах мэдэгдэл гаргадаг эрх мэдэлтэн мөн үү гээд олон асуулт эндээс ургана.

Хэрэв МоАХ-ны даргын ойр тойрны хүмүүсийг шалгалаа хэмээн Л.Пүрэвсүрэн, Р.Бурмаа М.Зоригт, Д.Дорлигжав нарыг Засгийн газраас татвал Гадаад хэрэг, Хүнс, хөдөө аж ахуй, Зам тээвэр, Хууль зүй гээд дөрвөн гол яам толгойгүй болж, Засгийн газар нурж унах дээрээ тулна. АСЕМ болох гэж байхад гадаад хэрэг нь эзэнгүй, улс орны амин судас болсон дэд бүтэц, хүнс хөдөө аж ахуйн салбар нь толгойгүй, хууль ёс сахиулах яам нь захиргаагүй болчихвол улс гүрэн байна гэж хэлэхэд ч хэцүүднэ биз ээ.

Ерөөсөө ч сууринаас нь ганц тоосго сугалахад л хэр баргийн байшин нурахгүй гэхэд хазайна биз дээ. Ингэх боломжгүй болмогц Хууль зүйн сайд Д.Дорлигжав ЦЕГ-ын дарга Р.Чингисийг огцруулах бичиг үйлдэн Засгийн газрын хуралдаанд оруулж, Ерөнхий сайд зөвшөөрөхгүй гэмэгц хурал хаяж, оодонгийн тугал шиг гарч харайсан сурагтай.

Энэ бүгдээс харвал Х.Баттулга гэдэг гишүүн тэр чигээрээ засаг, төр юм биш үү. Хавь ойрынх нь хэдэн хүнийг шалгах гэсний төлөө ингэж засгаар наадахдаа тулж байгаа хүн өөрөөс нь буруу олдвол улс гэрээ төвөггүй нураах юм байна гэсэн бодол төрөхөд хүрч байна шүү.

Хууль зүйн сайд ч туйлын болчимгүй хүн гэдгээ харууллаа. Хуультай орны цагдаа шалгалт хийж байгаа үйл ажиллагаанд хамгаалалтын үүрэг гүйцэтгэсний төлөө сайд нь цагдаагийн даргаа авч хаяна гээд л явж байдаг.

Эдгээр эрхмүүдийн үйлдэл ардчилалд, Монголын улс төрд туйлын буруу жишиг тогтоож мэдэхээр байна. Цаашдаа хэн нэг түшээгийн туслах, ойр тойрны хүмүүсийг шалгах хэрэг гарах тоолонд засгаа самарна, төрөө түйвээнэ гээд байвал улс Монгол хохирохоос өөр хэн хохирох вэ гэдгийг бодууштай л юм.

 

Д.ЦЭНГЭЛ /ЗУУНЫ МЭДЭЭ/


URL:

Сэтгэгдэл бичих