С.Ганбаатар квот “царайчилсан” уу
Дээд боловсролтой залуусаас бүрдсэн, “өөр” өнгө аяс, үзэл суртал ярьж гарч ирэн ах намуудыг багагүй сандаргах хүчин гэгдэж байсан Хөдөлмөрийн үндэсний нам/ХҮН/ сонгуульд ч өрсөлдөх эрхгүй болов. Ийнхүү эрхээ алдахад хүргэсэн шалтгаан нь УИХ-ын гишүүн С.Ганбаатараас улбаатай.
Тэрбээр тус намын дарга болмогц нам нь хоёр хагарч тус тусдаа даргатай болсон. С.Ганбаатар, Б.Найдалаа, С.Боргил, Т.Ганболд нарын чухам хэн нь намын дарга нь мэдэгдэхгүй будилж, тамгаа булаацалдаж явсаар эцэстээ сонгуульд оролцох эрхгүй болж орхив.
Нэг талын дарга гэгдэх С.Боргил Сонгуулийн ерөнхий хороонд мөрийн хөтөлбөрөө өгсөн ч төлөвшөөгүй нам гэж үзээд бүртгэхээс татгалзсан. Гэсэн ч энэ тохиолдолд С.Боргилд нөөц төлөвлөгөө байсан нь намын залуусаа бие даан нэр дэвшүүлэхээр мөн хандаад байсан юм.
Өөрөөр хэлбэл С.Боргилын талын 20 гаруй залуу бие даан УИХ-д нэр дэвшинэ. Харин С.Ганбаатарын тал буюу Т.Ганболд даргатай нөхдүүд энэ сонгуульд Ардчилсан нам/АН/-ыг дэмжинэ гэж мэдэгдэж байгаа. Сүүлийн өдрүүдэд С.Ганбаатар яах учираа олохгүй сандарч, АН-д элсэхээр “гүйж” эхэлсэн гэх мэдээлэл ортой юм даг уу даа.
Учир нь Т.Ганболдоор дамжуулан АН-ыг дэмжинэ гэж Сонгуулийн ерөнхий хороонд бичиг хүргүүлэн үүнийхээ хариуд багадаа нэг квот АН-аас авна гэх тохироо хийсэн бололтой.
Д.ЖАРГАЛ
URL: