АСЕМ-д бэлтгэх үндэсний зөвлөлийн хуралдаан боллоо

12333849_720838408050658_85895442_o-800x445Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн ахалдаг Ази, Европын дээд түвшний 11 дүгээр уулзалтыг зохион байгуулах, чиг үүргээр хангах Үндэсний зөвлөлийн 25 дугаар хуралдаан тавдугаар сарын 4-нд болж,  АСЕМ-ын Сангийн сайд нарын уулзалт, Ахлах албан тушаалтнуудын уулзалтын бэлтгэл ажил, төсөв зэрэг хэд хэдэн асуудал хэлэлцлээ.

Дээд түвшний уулзалтын дагалдах арга хэмжээний нэг АСЕМ-ын Сангийн сайд нарын уулзалт ирэх зургаадугаар сарын 9-10-нд Улаанбаатарт болно. Уг уулзалтад АСЕМ-ын гишүүн орнуудаас 300 гаруй төлөөлөгч ирэхээр тооцоолсон бөгөөд одоогоор 22 орны 44 төлөөлөгч оролцохоор бүртгүүлсэн байна. Мөн тавдугаар сарын 12-13-нд болон долоодугаар сарын 12-14-нд Улаанбаатарт АСЕМ-ын түнш 51 орны АСЕМ хариуцсан Ахлах албан тушаалтнууд уулзах юм.

Дээд түвшний уулзалтын үеэр ашиглах бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн 10 автомашиныг худалдан авах санхүүжилтыг Нийслэлийн ИТХ-аас шийдвэрлэсэн байна. Эдгээр автомашиныг гаалийн болон нэмэгдсэн өртөгийн албан татвараас чөлөөлөх асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр боллоо. Уулзалтын дараа түргэн тусламжийн автомашинуудыг  нийслэлийн “Түргэн тусламжийн төв”-ийн хэрэгцээнд ашиглах аж.

Дээд түвшний уулзалтаар ирэх гадаадын 1000 гаруй сэтгүүлчид зориулсан “Хэвлэлийн төв”-ийн тохижилтын талаар болон арга хэмжээг шууд дамжуулах дотоодын телевизүүдийн тухай мөн хэлэлцлээ. Хэвлэлийн төвд уулзалтыг шууд дамжуулах 11 цэг, сурвалжлага хийх 2 цэгийг байгуулахаар ажиллаж байна. Түүнчлэн Дээд түвшний уулзалтын үеэр ажиллах орон хариуцсан ажилтнууд  АСЕМ-ын бэлгэ тэмдэг бүхий зангиа, алчуураар ижилсэхээр болов.

 


URL:

Сэтгэгдэл бичих