“ХЯТАД” ГЭХ ТОДОТГОЛТОЙ М.ЭНХСАЙХАНД ХАНДАЖ ОРОСЫН ЭЛЧИН САЙД ИНГЭЖ ХЭЛЭВ
ОХУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд И.К.Азизов үг хэлэхдээ “ОХУ руу мах экспортлох нь богино хугацааны буюу 2-3 жилийн асуудал. Яагаад богино хугацааных гэвэл ОХУ-ын Засгийн газар махны экспортоо шийдэх гэж олон гарц хайж байгаа.
Дотоодынхоо гахай, тахианы аж ахуйг сайжруулж энэ төрлийн махны хэрэгцээг дотоодоосоо бүрэн хангах боломжтой болж байна. ОХУ үхрийн маханд гол анхаарлаа хандуулдаг бөгөөд үхрийг саалийн болон махны зориулалттай гэж ангилж байгаа.
Тиймээс монголчууд яарах хэрэгтэй. Ийм том зах зээлийг байлдан дагуулахын тулд үйлдвэрүүд, аж ахуйн нэгжүүд хоорондоо нэгдэх хэрэгтэй. Цаашдын урт хугацааны зорилтоо тодорхойлохын тулд ч нэгдэх нь зөв гэж харж байна.
Монгол Улс зөвхөн Орос оронд мах экспортлох биш, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад нэгдсэн 158 оронд нийлүүлэх боломжтой.
Дэлхийн мал эмнэлгийн байгууллагын стандарт Орос, Хятад, Монголд тавьдаг стандартаас ялгагдах зүйл бараг байдаггүй” гэсэн байна.
Мөн тэрээр “Монголчууд Оросын зах зээлээр дамжин өрсөлдөөнтэй зах зээлд оролцох боломжтой. Дэлхийн зах зээлд эко цэвэр үхрийн махны брэндийг гаргах боломж ч бий. Тиймээс дэлхийн брэндийг бий болгооч. Монгол шиг малаар баян улс үүнийг хийх зайлшгүй шаардлагатай.
Миний үгэнд М.Энхсайхан сайд гомдох байх, уучилаарай. Монголчуудын хамгийн том давуу тал, мөнгө олох ганц гарц бол Тавантолгойн нүүрс биш шүү. Дэлхийд цойлж гарч ирэхийн тулд Монголынхоо сайхан агаар, газар нутгаа ашиглаж дэлхийн шилдэг брэнд органик бүтээгдэхүүн бий болгож, дэлхийд нийлүүлэх бүрэн боломжтой” гэжээ.
URL: