СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ ДАХЬ МЭДЭХ ЭРХИЙГ БООМИЛСОН ЗААЛТУУД
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн 23 жилийн ой өчигдөр тохиолоо. Сүржин, даржин биш ч гэлээ өөр өөрсдийн хэмжээнд дэлхийн гэх тодотголтой хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ. Өнөөдөр баярын өдөр гэж иргэдэд мэдээлэл түгээх ажлаа цалгардуулсангүй. Баярынх нь өдөр гэж сэтгүүлчид рүү асдаг, ноцдог хүмүүс ч чимээгүй суусангүй.
Харин ч эсрэгээрээ “Сэтгүүлчид юу хийж гийгүүлсэн гэж баярладаг юм бэ”, “Улс төрчдийн гар хөл биз дээ” гэхмэтчилэн өнөөх дайралтууд улам ширүүсэв бололтой. Энэ өдөр баярлаж цэнгэхээс илүүтэй Монголын сэтгүүлзүй хаана явна вэ гэдгээ тунгаан бодох учиртай гэх шүүмжлэлийг үгүйсгэх аргагүй. “Хил хязгааргүй сэтгүүлчид” олон улсын байгууллагын гаргасан хэвлэлийн эрх чөлөөний индексээр дэлхийн 180 орноос 54-т Монгол Улс жагсч байна. Айргийн тавд Скандинавын орнууд оржээ. Хойд Солонгос, Туркместан гэхмэтчилэн орнууд сүүл мушгиж байгаа юм. Манайх харин алтан дунджаас ч доогуур хэвлэлийн эрх чөлөөтэй орнуудын нэгээр тодорсон байх юм. Аргагүй биз. Сэтгүүлчдийн хэвлэн нийтлэх, хардах эрх чөлөөг нь Эрүүгийн байцаан шийтгэх хууль болон Сонгуулийн тухай хуулиар бүрмөсөн хаачихлаа шүү дээ. Улс төрийн намууд талцаж, хуваагдаж байж арайхийж баталсан
Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.6 заалтад “хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орон зай, мессеж ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт зохион байгуулах, бусдыг гүтгэн доромжлон хуурамч мэдээлэл тараах”-ыг хоригложээ. Түүнээс гадна энэ хуулийн 70.2-т “Аливаа этгээд санал авах өдөр хүртэл долоо хоногийн хугацаанд нам, нэр дэвшигчийн талаар санал асуулга явуулах, энэ төрлийн мэдээллийг бүх төрлийн мэдээллийн хэрэгсэл ашиглан нийтлэх, тараахыг хориглоно” гэжээ.
Хэрвээ Сонгуулийн тухай хуулийн дээрх заалтуудыг санаатай болон санаандгүйгээр зөрчсөн тохиолдолд тухайн сэтгүүлчид нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 6-8 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөөр торгох, судалгаа, санал асуулгыг нийтэлсэн хэвлэл мэдээллийн байгууллагын тусгай зөвшөөрлийг зургаан сар хүртэлх хугацаагаар түдгэлзүүлэхээр заасан байна. Өөрөөр хэлбэл, Сонгуулийн тухай хуулийн энэ заалт сэтгүүлчдийн хардах, үнэнийг эрж хайх эрх ашгийг нь шууд үгүйсгэсэн хэрэг болж байна. Дээр нь тус хуулийн 70.18-т дээрх заалтуудыг зөрчсөн цахим сайтын хандалтыг Харилцаа холбооны зохицуулах хороонд зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх эрхийг олгожээ. Үүгээр Харилцаа холбооны зохицуулах хороо хэвлэл мэдээллийн байгууллагын дотор сэлэм эргүүлэх эрхийг нь нээгээд өгчихжээ. Эндээс харахад нэр дэвшигчдийн эрэмбэ зиндааг иргэдийн саналаар үнэн шударга тогтоох нь улстөрчдийг айлгаж орхисон бололтой юм. Тиймээс тэд Сонгуулийн тухай хуулиар түрий барьж үнэнийг хэлбэл, сонгогчдод нэр дэвшигчдийн талаар бодитой мэдээлэл өгвөл “Цалинг чинь найм дахин нэмсэнтэй тэнцэх мөнгөөр торгоно”, “Сайтыг чинь хаана” гэж сүрдүүлж байгаа юм. Монголын хэвлэл мэдээллийн байгууллага, төрийн бус болон судалгааны байгууллагууд нэр дэвшигчдийн талаар хар цагаан хэл үггүй “Мэдсэн ч мэдээгүй” юм шиг сууж байх тийм хуулийг улстөрчид боловсруулж, баталжээ. Нарийн ярибал УИХ-ын гишүүд судалгааны чиглэлээр ажилладаг олон компанийн тавагтай хоолыг зөвхөн өөрсдийнхөө эрх ашгийн төлөө асгаж байна. Судалгааны компаниудын ард олон гэр бүлийн амьдрал тогтож байгаа шүү дээ.
Ингэхэд улстөрчид бизнесийг нь хааж байхад Монголын судалгааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниуд яагаад таг чимээгүй суусан юм бэ. Улс төрийн бохир тоглоомоос болж улс орон өнөөдрийн хэмжээнд ирсэн болохоос судалгаа шинжилгээнээс үүдэж ийм байдалд ирээгүй шүү дээ. Судалгааны компаниуд дуугүй сууснаар улстөрчдийн “Янз бүрийн судалгаа иргэдийн тархийг угаадаг” гэх тайлбарыг нь хүлээн зөвшөөрснөөс өөрцгүй болов. Хэрвээ хүсвэл намууд сонгууль болохоос хоёрхон сарын өмнө сонгуулийн тогтолцоогоо орвонгоор нь өөрчилдөг юм байна. Нэрсийн жагсаалтыг байхгүй болгохоор эрх баригч, сөрөг хүчнүүд гар барьж суугааг бид нүдээрээ харж байна. Тэгвэл хэвлэлийн эрх чөлөө, үнэнийг эрж хайх, хардах эрхийг хаасан, судалгааны бизнесийн байгууллагын үйл ажиллагаанд нөлөөлсөн халтай заалтуудаа өөрчилж яагаад болохгүй гэж. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн уриалдагаар ёстой “Шударга байцгаая” л даа улстөрчдөө.
URL: