Иракт дахин террорист халдлага гарлаа
Өчигдөр Иракийн нийслэл Багдад хот дотор болон тус хотын ойролцоох бүсэд 3 цуврал халдлага гарч, үүний улмаас наад зах нь 14 хүн амь үрэгдсэн талаар Ройтерс агентлаг мэдээлж байна. Амь үрэгдэгсдийн дунд Багдад хотноо мөргөл үйлдэхээр явж байсан исламын шашны шийт урсгалын сүсэгтнүүд байсан талаар холбогдох албаныхан мэдээлжээ.
Өнгөрсөн ням гарагт Иракийн Самава хотод халдлага үйлдсэн Исламын улс алан хядагч бүлэглэл энэ удаагийн халдлагын хариуцлагыг мөн өөртөө хүлээсэн байна. Багдад хотын өмнөд хэсэгт автомашинд суурилуулсан тэсрэх бөмбөг дэлбэрэх үеэр 11 хүн амь үрэгдэж, 30 орчим хүн гэмтэж шархаджээ.
Мөн Багдадын хойд хэсэгт болсон хоёр дахь дэлбэрэлтэд 2 хүн амь үрэгдэж, 6 хүн гэмтэж шархадсан талаар Ройтерс мэдээлж байна. Багдадаас өмнө зүгт 30 км зайд орших Халиса хотод бас нэг дэлбэрэлт болж, энэ үеэр 1 хүн амь үрэгджээ. Гол дэлбэрэлтийг Исламын улс бүлэглэл зохион байгуулсан гэдгээ мэдэгдээд байна.
Харин бусад халдлагын хариуцлагыг ямар нэг бүлэглэл өөртөө хүлээгээгүй байгаа юм. Исламын улс алан хядагч бүлэглэл ихэвчлэн аюулгүйн хүчний албан хаагчид болон шийт урсгалын сүсэгтнүүдийг халдлага дайралтынхаа золиос болгодог юм. Энэ удаагийн халдлагыг тус бүлэглэлийн дээгүүр тушаалтныг хөнөөсний хариуд зохион байгуулсан гэж тайлбарлажээ.
URL: