“Эрдэнэт үйлдвэр”-ийнхэн сэтгүүлчдийн бүтээлийг үнэлнэ
“Нийгэмд тустай сайн мэдээ түгээх аян”-ыг “Эрдэнэт үйлдвэр” компаниа санаачлан Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлтэй хамтран зохион байгуулахаар болсон тухай өчигдөр хэвлэлийнхэнд мэдээллээ.
Б.Галаарид: АЯНДАА ИДЭВХТЭЙ ОРОЛЦОХЫГ УРИАЛЖ БАЙНА
-Нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэгч “Эрдэнэт үйлдвэр” компани эртнээс Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлтэй харилцаж ирсэн уламжлалтай. Энэ хүрээнд хоёр тал сэтгүүлч болон хэвлэлийн байгууллагыг хэрхэн дэмжих талаар санал солилцон тохиролцсоноор энэхүү аяныг хэрэгжүүлэхээр болсон. Хоёр тал хамтран ажилласнаар нийтэд ил тод нээлттэй байх, хариуцлагатай байх, хийж хэрэгжүүлж буй ажил нь бусдад шинэ санаачлага болох учиртай юм. Ингэснээр бусдад үлгэр, дууриал болох ёстой гэдэг асуудалд нэгдсэн байр суурьтай болсон.
Тиймээс уг аяны хүрээнд хийж, хэрэгжүүлж байгаа ажлуудыг нийтэд сайн мэдээ хэлбэрээр хүргэх эрхэм үүргийг хэвлэл, мэдээллийн байгууллагаар дамжуулан сэтгүүлчид хийх болно. Энэ нь нийгэмд тустай сайн, сайхан ажлыг олон нийтэд түгээнэ. “Эрдэнэт үйлдвэр” компанийн санаачилсан аяныг Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл зохион байгуулж, найман сарын хугацаатай “Нийгэмд тустай сайн мэдээ түгээх аян”-ыг хэрэгжүүлэхээр боллоо. Тиймээс хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид энэхүү аянд идэвхтэй оролцохыг уриалж байна.
Б.Намхайнямбуу: ШАЛГАРСАН БҮТЭЭЛД УРАМШУУЛАЛ ОЛГОНО
-Сэтгүүлчдийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан энэхүү аянаа эхлүүлж байгаадаа баяртай байна. Бид нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэх хүрээндээ хийж байгаа ажлуудаа олон нийтэд мэдээлэн, таниулахыг зорьж байгаа юм. Эрдэнэт үйлдвэр энэ жил 15 дахь удаагаа шилдэг аж ахуйн нэгжээр шалгарсан. Өнгөрсөн хугацаанд эдийн засаг хүндэр, зэсийн үнэ дэлхийн зах зээл дээр унаж байсан ч хэмнэлтийн горим баримталж ажилласнаар баяжуулах фабрикийн өргөтгөлийг барьж, ашиглалтад оруулсан.
Мөн энэ сарын 7-нд Японы менежменттэй “Медипас” эмнэлгийг ашиглалтад оруулахаар болж байна. Энэ мэтчилэн нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлж байгаа ажлуудыг олон нийтэд таниулах ажилд хэвлэлийнхэнтэйгээ хамтран ажилласаар ирсэн. Энэ удаагийн аянаар хамтын ажиллагааны хүрээнд сайн ажиллаж буй хэвлэлийн байгууллага болон сэтгүүлчийг урамшуулах болно. Мэдээж аяны хүрээнд аливаа дарга, байгууллагад хэт дулдуйдсан мэдээлэл түгээх нь гол зорилго биш гэдгийг онцлон тэмдэглэмээр байна.
Д.Оюунчимэг
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Эрдэнэтийн луйварчид ард түмний хөлс хүчээр босгосон баялгийг ичихгүй хулгайлчаад ичихгүй юу хийж байгаан. Энэ Намхайнямбуу хотод өчнөөн байр хаустай, охин Халиунаа нь ГОК-н зардлаар USA-д өндөр үнэтэй сургуульд сурдаг