ӨНӨӨДӨР ДЭЛХИЙН ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ӨДӨР

3392

Өнөөдөр дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр тохиож байна.  НҮБ-ын Ерөнхий ассемблей 1993 оноос жил бүрийн тавдугаар сарын 3-ны өдрийг “Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр” болгон тунхагласан юм.

Сэтгүүлчид хэвлэлийн эрх чөлөөний өдрийг баяр болгон тэмдэглэхээсээ илүү хэвлэн нийтлэх эрх чөлөөнийхөө  төлөө дуу хоолойгоо нэгтгэдэг уламжлалтай.

Энэ жилийн Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг  “ Мэдээлэлтэй байх, мэдээлэл авах эрх бол Таны үндсэн эрх ” уриан дор таван тивийн 100 гаруй оронд тэмдэглэж байна.

Манай сэтгүүлчид уран бүтээлчид Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг 23 дахь жилдээ тэмдэглэж байгаа юм.

“Хил хязгааргүй сэтгүүлчид” олон улсын байгууллагаас гаргасан хэвлэлийн эрх чөлөөний индексээр өнөөдөр манай улс дэлхийн 180 орноос 54-т явна.

 

Энэ өдөр төр засаг, улс төрчдөд хэвлэлийн эрх чөлөөний үнэ цэнийг сануулах, хэвлэлийн чөлөөт байдал хэр хангагдсан,бид хэвлэлийн эрх чөлөөгөөрөө дэлхий дахины хаана нь явна гэдгээ хэлэлцэн ярилцахын зэрэгцээ энэ үйлсийн төлөө амь амьдралаа зориулсан мэргэжил нэгт нөхдөө дурсан санаж хүндэтгэл үзүүлдэг учиртай.

Олон улсын (Press Emblem Campaign) байгууллагын судалгаагаар  2015 онд хамгийн олон буюу 110 хэвлэл,мэдээллийн ажилтан ажил үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан байна.

Дэлхий дахин төдийгүй Монгол Улсад сэтгүүлч ажил үүргээ гүйцэтгэснийхээ төлөө мөрдөн мөшгүүлж, дарамтлуулан, торгууль шийтгэл хүлээж буй олон жишээ бий.

Мөн зарим албан тушаалтан өөрсдийн хийсэн булхай бүхнийг сэтгүүлчид илрүүлэх вий гэж эмээсэндээ мэдээлэл авах эрх чөлөөг нь боомилж, дарамт үзүүлэхийг хичээсээр байна.

Үргэлж шударга үнэний талд зогсох амаргүй үүргийг хүлээж яваа сэтгүүлчид энэ өдөр хэвлэлийн эрх чөлөөг боогдуулж буй гэмт үйлдлийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэж байна.

Нийт сэтгүүлчид, уран бүтээлчид,мэргэжил нэгт нөхөддөө Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн мэнд хүргэж ард түмнийхээ үнэний төлөө үйлчлэх хариуцлагатай албанд нь өндөр амжилтыг хүсэж байна.

 

Bolod.mn

 


URL:

Сэтгэгдэл бичих