Сири шинэ зэвсэг турших талбар биш

Женевийн уулзалтын үеэр төлөөлөгчид Сирийн Алеппо хотыг бөмбөгдсөн асуудлаар ярилцжээ. Энэ талаар “CNN” агентлаг мэдээллээ.

 

Сирийн Алеппо хотыг агаараас бөмбөгдсөнөөс болж АНУ болон ОХУ-ын эрх баригчдын байгуулсан гал зогсоох дэглэм хүчингүй болоод байна. Өнөөг хүртэл бөмбөгдөлтийн буруутан тодорхойгүй байгаа бөгөөд иргэд хэт даврагчид хотоос холгүй халдлага зохион байгуулсан хэмээн мэдэгджээ. Харин сөрөг хүчний дэмжигчид Башар аль Ассадын цэргүүд нууцаар цэргийн ажиллагаа явуулсан хэмээн мэдэгдсэн аж.

 

 

НҮБ, Алеппо хотыг бөмбөгдсөн асуудлыг шалгаж буй бөгөөд “тун удахгүй буруутанг илчлэх болно” гэсэн байна. Женев хотноо үргэлжилж буй Сирийн хямралыг зогсоох олон улсын хамтарсан уулзалт үр дүнгүй үргэлжилж буйг АНУ-ын Барак Обама шүүмжилжээ. Тэрбээр “Бидэнд гарц хэрэгтэй. Бид энэ оноос өмнө Сирид энхтайван тогтоох хэрэгтэй” гэж мэдэгдсэн аж. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри өнгөрсөн сараас хойш уг уулзалтад оролцоогүй бөгөөд Ерөнхийлөгчийн даалгаврын дагуу өчигдөр Женевийн уулзалтад оролцож, Сирийн Засгийн газрын зарим төлөөлөгчтэй уулзжээ. Тэрбээр мөн уулзалтад оролцож буй төлөөлөгчдөд Алеппо хотын бөмбөгдөлтийн дараах үеийн гэрэл зургуудыг үзүүлсэн байна. Керри, дүүгээ тэврээд явж буй өсвөр насны хүүгийн зургийг үзүүлээд “Бид энд муудалцаж байхад тэнд хүмүүс амиа алдаж байна. Өнөөг хүртэл хэлэлцээрийн ширээний ард суухаас татгалзаж буй Сирийн эрх баригчид ард түмнийхээ өмнө буулт хийх цаг нь боллоо” гэж мэдэгджээ.

 

Ихэд уурласан маягтай ийнхүү мэдэгдсэнийхээ дараа Керри “Гал зогсоох дэглэмийг шинэчлэн байгуулах хэрэгтэй. Эхний ээлжинд гал зогсоох дэглэм хэрэгжиж буй бүс нутгуудын аюулгүй байдлыг хангаж, зарим бүс нутагт хэсэгчлэн гал зогсоох ёстой. Сирийг аврах эхний гарц бол гал зогсоох дэглэмийг хүчин төгөлдөр хэвээр нь авч үлдэх” гэсэн байна.

 

Алеппо хотноо сүүлийн 10 хоногийн дотор 250 гаруй хүн амиа алдсан болохыг НҮБ дахь Сирийн асуудал харицсан төлөөлөгч мэргэжилтэн Стаффан де Мистура мэдэгдлээ. Тэрбээр “Иргэд орон гэрээсээ дайжиж эхэллээ. Бидэнд үнэхээр гарц байхгүй гэж үү” гэсэн байна. Керри болон Мистура, Саудын Араб болон Йорданы Гадаад хэргийн сайд нартай Сирийн асуудлаар ярилцжээ. Уг уулзалт хаалттай болсон юм. Уулзалтын төгсгөлд Мистура “Сирид нийлүүлж буй хүнсний тусламжийг зогсоохгүй. Сирид энхтайван тогтоох нь чухал ч иргэдэд хүнсний тусламж нэн шаардлагатай” гэсэн байна. Алеппо хотын асуудлаас болж олон улсын байгууллагууд Сирид нийлүүлэх тусламжаа зогсоожээ. Уг тусламж тасалдснаар Сирийн 40 мянган иргэн өлсгөлөнд нэрвэгдээд байна.

 

Уулзалтын үеэр Мистура “Сирийн хямралыг зогсоох эцсийн буюу хамгийн найдвартай арга бол АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама болон ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нарын дээд хэмжээний уулзалт зохион байгуулах явдал. Бид энэхүү дээд хэмжээний уулзалтыг яаралтай зохион байгуулах ёстой” гэж мэдэгджээ.

 

 

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров “АНУ эцэс төгсгөлгүй бөмбөгдөлтөө зогсоосон цагт дээд хэмжээний уулзалт зохион байгуулагдах боломжтой. Мэдээж хэрэг энэхүү саналыг хүлээн авсан тохиолдолд. ОХУ-ын хүсэлтийн дагуу Сирийн Засгийн газрын төлөөлөгчид Женев хотноо хүрэлцэн ирснийг мартах учиргүй. Тэд олон улсын эвслийг цэргийн ажиллагаагаа зогсоохыг шаардаж байна” гэж хэлжээ.

 

Лавровын мэдэгдлийн дараа Сирийн сөрөг хүчин “Оросын цэргийн ажиллагаа бидний эсрэг чиглэсэн” гэсэн байна. Сайд уг мэдэгдлээ баталгаажуулахыг сөрөг хүчний удирдлагуудаас шаардаж “Бид Сирийн сайн сайхны төлөө цэргийн ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн гэдгийг бүү март” гэж мэдэгджээ.

 

Германы Канцлер Ангила Меркел “Сирид цэргийн ажиллагаа явуулж буй гүрнүүд тун болгоомжтой хөдлөх ёстой. Сири шинэ зэвсэг турших талбар биш гэдгийг сана” хэмээн хатуухан мэдэгдэв.

 

Обама өнгөрөгч долоо хоногт Сири рүү явган цэргээ илгээснээс гадна Сирийн 10 мянган иргэнд орогнол олгохоо мэдэгдсэн юм. Сирийн Засгийн газар Обамагийн цэрэг оруулах саналыг эсэргүүцэж буйгаа илэрхийлэн “Хэт даврагчид бууж өгөхөө мэдэхгүй” гэсэн байна. Пентагон аюулгүй байдлын үүднээс цэргүүд хэзээ Сирид хөл тавихыг зарлаагүй юм. Обамагийн шийдвэрийг Британийн Ерөнхий сайд Дэвид Камерон дэмжжээ.

 

Б.Дэлгэрцэцэг


URL:

Сэтгэгдэл бичих