М.ЗОРИГТ: ИЗН Ардчилсан намтай нэгдэх ёстой

- Нэг чигийн үзэл баримтлалтай олон саланги намууд хувь хувийнхаа жижигхээн амбицыг давчихвал, АН ч ахархдаг зангаа хаячихвал ардчилсан хүчний том нэгдлийн цаана улс орны хөгжлийн зөв гарц нээгдэх юм-

УИХ-ын ээлжит сонгууль дөхөж буй энэ үед олны анхаарал, ажиглалтыг татаж буй орчин бол яах аргагүй Монголын улс төрийн намууд юм. Намууд шинээр бий болох, нэгдэх, салах зэрэг үйл хөдөлгөөн бүхэн улс төрд шинэ нөхцөл үүсгэж байдаг. Иргэний зориг-Ногоон намын нэгдлийг Улсын дээд шүүх бүртгэхгүй удаж байна. Үйл явдлын эргэн тойронд  2004-2008 онд УИХ-д ИЗН-ыг төлөөлөн ажиллаж байсан, УИХ-ын гишүүн асан М.Зоригттой ярилцлаа.

-Улсын Дээд шүүх ИЗ-НН-ыг бүртгэхгүй удааширч байна. Ингэсээр байгаад ирэх сонгуультай тулчихвал яах вэ?

-Иргэний Зориг Нам Ногоон Намтай нэгдсэн нь нэг талаар хоёр улс төрийн намын их хурлаар шийдсэн асуудал, нөгөө талаар ардчилсан хүчний намуудын нэгдэл, нягтралын төлөөх шийдвэр. Зөвхөн бүртгэх үүрэгтэй Дээд шүүх элдэв шалтгаан хэлж байгаа нь шуудхан хэлэхэд тэдний үйл ажиллагаа шударга, хараат бус байна уу гэдэгт эргэлзэхэд хүргэж байна. Хувь хүний хувьд би ИЗН зөвхөн НН-тай нэгдэх бус хоёр нам хоёулаа АН-тай нэгдэх ёстой гэсэн хатуу байр суурьтай байсан. Уг асуудлаар нам дотроо цөөнх болж байсан. Одоо ч ИЗН АН-тай нэгдэх ёстой гэсэн байр суурь, итгэл үнэмшил маань хэвээрээ байна.

-Яагаад? Та сая ИЗН АН-тай нэгдэх асуудлаар нам дотроо цөөнх болсон гэлээ. Энэ нэгдлийг дэмждэг хүмүүс бас танай намд байх нь ээ?

-Би бусдыг төлөөлж ярьмааргүй байна. Гэхдээ АН-тай нэгдэж, ардчилсан хүчний хүчийг зузаатгах хэрэгтэй гэсэн байр суурьтай хүмүүс манай намын аль ч шатанд цөөнгүй бий. Миний хувьд сүүлийн үед барьж байгаа тууштай байр суурь гэвэл зөвхөн ИЗН ч биш бусад ардчиллын төлөөх жижиг гэгддэг бүх нам АН-д нэгдэж нэг цул болмоор байна. АН хүчирхэгжиж, нэгдмэл бодлого явуулах нь эцэстээ улс орны хөгжилд л хэрэгтэй. Нэгдлийн санаачлагыг АН ч зоригтой тавих цаг нь болсон. Намуудыг үл тоомсорлож, өөрсдөө гүйгээд ирнэ биз гэсэн ихэрхэх хандлага нь хуучирсан. Нэг чигийн үзэл баримтлалтай олон саланги намууд хувь хувийнхаа жижигхээн амбицыг давчихвал, АН ч ахархдаг зангаа хаячихвал ардчилсан хүчний том нэгдлийн цаана улс орны хөгжлийн зөв гарц нээгдэх юм. Нам гэдэг чинь эцэстээ үзэл бодол, итгэл үнэмшлээрээ нэгдсэн хүмүүсийн л бөөгнөрөл шүү дээ. Нам болгонд чадалтай, боловсролтой, эх орноо гэсэн сэтгэлтэй, зөв хүмүүс бий. Тэр хүмүүс өнөөдөр намын гишүүнчлэлээсээ хамаарч байх ёстой газартаа, хийх ёстой ажлаа хийж чадахгүй явна. Улс оронд хэрэгтэй өчнөөн олон нарийн мэргэжлийн хүмүүс намын харьяаллаасаа болж хэрэгтэй газраа ажиллаж чадахгүй байна. Үүнийг намууд нэгдэхийн бас нэг чухал шалтгаан гэж хэлж болно.

-Нөгөө талаас сонгууль дөхчихөөд байхад Сонгууль явуулах тогтолцоо нь ч тодорхой болохгүй, танай нэгдсэн намд эрхзүйн статус ч өгөхгүй байгаа нь та бүхнийг сульдах, итгэл алдрахад хүргэж байна уу гэж харагдаж байна. АН-тай нэгдье гэж ярихад энэ нөлөөлж байж болох уу?

-Сонгуулийн тогтолцоог пропорциональ болгохгүйгээр Монголд улс төрийн намууд нь төлөвшиж чадахгүй, улс орны хэмжээний бодлого боловсруулах хэмжээнд хүртлээ хөгжиж ч чадахгүй. Өнөөдөр сонгуулийн жил гарч байхад эрх барьж буй намуудын хэн нь ирэх жилүүдийн бодлого ярьж байна? Ардчилсан намын “Монгол хүн 2020” төслөөс өөр санаа, санаачилга сонсогдохгүй л байна. Өнөөдөр ярьцгааж байгаа зүйл нь аль намаас хэн нэр дэвших вэ, аль тойрог жалга нь шанстай вэ, хэн хэдэн төгрөг гаргав гэдэг яриа. Энэ хүмүүс Их хуралд юу хийх гэж байгаа хэрэг вэ. УИХ гэдэг төрийн эрх барих дээд байгууллага. Төрийн эрхийг улс төрийн намуудаар дамжуулан хэрэгжүүлдэг. Тэгэхээр намд улс орныг хөгжүүлэх үзэл баримтлал, бодлого байх ёстой. Үүнийгээ л уралдуулж байх цаг ирчихээд байхад хэн нь ч үүнийг ярихгүй байна. Олон хувь хүмүүс, мөнгөтэй хүмүүс УИХ-д гарч ирээд өөрийн сонгогдсон тойрогтоо хувийн болон хувьсгалын хөрөнгөөс хаяад диваажин байгуулж өгөх юм шигээр төсөөлөөд байх шиг байна. Улс орны хөгжил гэж үүнийг хэлдэггүй юм. Энэ байдал руу татаж байгаа зүйл нь сонгуулийн тогтолцоо. Гэтэл үүнийг өөрчлөх зориг зүрх эрх мэдэлтнүүдэд дутаад байна. Энэ байдлаар бол ирэх сонгууль нөгөө л хуучин эрхзүйн орчиндоо болж таарах нь. Тэгэхээр тэр тусам нь ардчиллын төлөөх намууд нэгдэж байж, зорилгодоо алхам ойртох юм биш үү. Сонгуулийн өнөөгийн тогтолцооноос болоод парламентад суудал авдаггүй, авсан ч ганц хоёроос илүүг чаддаггүй намууд зөвхөн өөрийнхөө амбицыг хадгалж үлдлээ гээд өнөөдөр хэнд маань ямар ашигтай юм бэ?

-          ИЗН, Ногоон намын нэгдлийг бүртгэхгүй удаж байна. Энэ асуудал юунаас болж байгаа гэж бодож байна. Улс төр, ямарваа хөндлөнгийн сонирхол яваад байна уу?

-          Асуудал Ногоон намтай холбоотой. Тус нам ИЗН-тай нэгдэх асуудлыг дүрмийнхээ дагуу шийдсэн, шат шатанд олонхиор шийдвэр гаргасан гэж байгаа ч цаг хугацааны явцад арай өөр зүйл харагдаад байна. Ногоон намыг татан буулгахгүй, ИЗН-тай нэгдэхгүй гэсэн байр суурьтай гишүүдийн дуу хоолой хүчтэй явж байна. Улсын Дээд шүүх Ногоон намыг эхлээд татан буулгах ёстой гэж үзэн хоёр намын нэгдлийг бүртгэхгүй байгаа. Тэгээд Ногоон намыг татан буулгах гэхээр үүнийг зөвшөөрөхгүй гишүүдийнх нь байр суурь  хүчтэй байгаад байдаг. Өөрөөр хэлбэл, Ногоон намын статус хэвээрээ байгаа. Би хэлбэр талаас нь бол ингэж л харж байна. Цаана нь улс төрийн өөр сонирхол, тоглоом байж болохыг үгүйсгэхгүй. Ийм байдалд удах тусмаа хаа хаанаа ашиггүй. Ардчиллын төлөө бидний нэгдлийн зорилго оршиж байгаа юм бол Ардчилсан нам дээр нэгдэл тойрох ёстой юм биш үү гэдгийг энэ үйл явц бас харуулаад байгаа юм.

-          Хэрвээ ИЗН АН-тай нэгдчихвэл нөгөө улс төрийн гурав дахь хүчний орон зай хүчгүйдэж, ёстой нөгөө хоёр том намын эрх мэдэл л улам бэхжих юм биш үү?

-          Улс төрийн бусад хүчнүүдэд засаглах ямар ч орон зай, боломж өгөхгүй байх тийм тогтолцооны төлөө өнөөгийн эрх баригчид улайрч байна. Үүний ойрын жишээ нь дээр цухас дурдсанчлан УИХ-ын сонгуулийн хуулийг парламентаар хэлэлцэж байгаа байдал. Өнгөн талдаа төлөөллийн ардчиллыг дэмжинэ гэж хэлчихээд л цаанаа аль намаас хэнийгээ дэмжих вэ гэсэн тохиролцоо явагдаж байна. Сонгуулийн ямар ч тогтолцоо байсан аль намын хэнийг гишүүн болгох, хэнийг сайд болгох вэ гэдэг дээр л улс төрийн тоглоомын дүрэм явагдаж байна. Сонгуулийн хууль бол өнгөлөн далдлалт гэж болно. Ер нь энэ бол зөвхөн өнөөдөр болж буй үйл явц биш, өмнө ч гэсэн байсан зүйл. Монголчууд бид өнгөрсөн онд ардчиллын 20 жилийн ойгоо тэмдэглэж, хөгжлийн түүхээ дүгнэсэн. Олон намын тогтолцоо, төлөвшлийн төлөө энэ хорин жилд явсан бол хүчтэй улс  төрийн гуравдагч хүчин төрж, бэхжих байлаа. Гэтэл хаана байна, гуравдагч хүчин сонгуульд амжилт олж, улс орныг удирдах эрх мэдлээ хэрэгжүүлсэн нь. Магадгүй энэ нь монголчуудын сэтгэхүй, хандлагатай ч холбоотой байж болох. Ийм улс төрийн шударга бус, тэнцвэргүй орчин улам дархлаажих тусам жижиг намын зөв бодолтой, боловсрол чадалтай хүмүүс илүү хохирох болно. Жижиг намууд ч зөвхөн улсад бүртгэлтэй үл үзэгдэгч хүчнүүд болно. Боловсролтой, чадалтай, элэг зөвтэй хүмүүсээ хөгжилд ашиглахгүй хоцорвол Монгол Улс өөрөө хохирно. Эх орны эрх ашиг хохирно. Ёстой нөгөө элит төвшин гэж өөрсдийгөө нэрлэсэн хоёр нам доторхи хөрөнгөлөг хэсэг бүлэг хүмүүс, тэдний үр хүүхдүүдийн эрх мэдэл л хэдэн арван жилээр ноёрхох болно шүү дээ. Ийм удирдлагын тогтолцоотой орнууд байна. Тийм орны ард түмэн ядуу дорой хэвээр, залуучууд нь хүсэл тэмүүлэлгүй болчихсон байдаг нь л хамгийн харамсалтай. ИЗН АН-тай нэгдснээр АН-д буй болж буй эрүүл бус зүйлүүд шинэ хүчээр сэлбэгдэж, эрүүлжигдэнэ. Үндэсний хэмжээний, эрх барьж буй нам өөрөө эрүүл байж төр эрүүлжинэ. Төр эрүүлжиж байж сайн засаглал тогтоно.

-          Та ИЗН-ыг АН-тай нэгдэх ёстой гэж хэвлэлээр ил тод хэлснийхээ төлөө намынхаа хамт олноос зэмлэл хүлээнэ гэж эмээхгүй байна уу?

-          Би зэмлүүлнэ гэж эмээхээс илүү, том эрх ашгийн төлөөх нэгдэл гэдгийг гишүүддээ, дэмжигчдэдээ зөв ойлгуулах нь хамгийн чухал. Манай ИЗН бол үнэхээр зөв нам. Бодлого, үзэл баримтлал нь ч зөв, хүмүүс нь ч зөв. Гэтэл 2000 онд байгуулагдсанаас хойш бүх шатны сонгуульд дангаараа болон бусадтай эвсч өрсөлдлөө. УИХ-д 1-2 суудал л авдаг нам болсон. ИЗН бол 35000 гишүүнтэй нам. 2008 оны томсгосон 26 тойргийн 20-д нь зөвхөн нэг нэг хүн нэр дэвшүүлээд л өрсөлдөхөд нийтдээ 120 гаруй мянган хүн ИЗН-ын төлөө саналаа өгсөн байдаг юм. Энэ бол нийт сонгуулийн саналын 12 хувь юм. Сонгогч болон сонгуульд санал өгсөн сонгогчийн тоотой харьцуулж үзэхэд олон арван мянган хүн ИЗН-ыг дэмжжээ. Гэтэл тэр их саналыг, тэр том дэмжлэгийг ганцхан хүн УИХ-д төлөөлөөд сууж байна гэдэг бол үнэхээр сонгуулийн тогтолцооны гажиг, сонгуулийн луйвар л юм даа. Орон нутгийн сонгуульд бол ИЗН илүү олон суудал авдаг. Намын зарим гишүүн сумын ИТХ-ын даргаар сонгогдон ажиллаж байсан тохиолдол бий. Хэдий тийм ч олонхи болж, хөгжлийн бодлого хөтөлбөрөө хэрэгжүүлж чадахгүй 10 гаруй жил явлаа. Тэгэхээр намын гишүүдээ бодсон ч, намын дэмжигч олноо бодсон ч ИЗН цаашид АН-тай л нэгдэж байж нөгөө бидний яриад байгаа төлөөллийн ардчиллыг жинхэнэ утгаар нь хөгжүүлж чадна. ИЗН болон АН-д үзэл баримтлал болон бодлого чиглэлийн хувьд эрс тэс зөрөөтэй зүйл огт байхгүй, харин ижил төстэй зүйлүүд л их бий. Гишүүд, дэмжигчдийн хувьд ч зөрөлдөөд байх юмгүй, ялангуяа сум, дүүргийн хүрээнд бол бүр ч илүүтэй сонгууль болон аливаа нэг улс төрийн үйл ажиллагаа явуулахад нэг нэгнээ дэмжиж, аль болохоор л эвсэх талыг барьж явдаг.

-          ИЗН-ын угшил нь угаасаа АН тухайн үеийн МҮАН-аас өрх тусгаарласан улс төрийн хүчин биз дээ. Таны энэ нэгдэх нь зүйтэй гээд байгаа хатуу үзэл бодол ч төрхөмдөө буцсан нь дээр гэсэн утга тээж байна уу?

-          ИЗН МҮАН-аас өрх тусгаарласан улс төрийн хүчин гэх нь юу юм, анх үүсгэн байгуулахыг санаачилсан цөөн хэдэн хүн МҮАН-ын гишүүд байсан учраас тэгж хардаг байх. Гэхдээ санаачлагчдыг дэмжээд намын гишүүнээр элссэн хүмүүсийн 90 гаруй хувь нь нам бус хүмүүс байдаг юм. Чухамдаа Оюун дарга ч өөрөө тэр үед нам бус байсан. 2000 оны улс төрийн нөхцөл байдал өөрөө ИЗН-ыг төрүүлсэн, тэгээд ч хүмүүс дэмжсэн. Тэр үед эрх баригч намын бодлогын алдааг зоригтой шүүмжилж, шударга ёсны төлөө, авлига, хээл хахуулийн эсрэг, сайн засаглалын төлөө, нийгмийн хөгжилд иргэний оролцоог чухалчилсан үзэл баримтлал нь нийгэм олон нийтийн анхаарлыг үнэхээр их татаж байсан. 2000-2004 онд МАН-ын олонхийн жинхэнэ дарангуйлал бүх шатанд тогтсон үед парламентад ИЗН-ын дарга Оюуны дуу хоолой л ардчиллын төлөөлөл болж байсан гэхэд хилсдэхгүй. Тэр он жилүүдэд тариалангийнхаа газрын төлөө тэмцсэн тракторчдын хөдөлгөөнийг эс тооцвол АН болон бусад ардчилсан хүчнийхэн үнэндээ гудамжинд ч хүчтэй дуугарч чадахгүй байсан үе шүү дээ. Харин ИЗН парламентад ч, парламентын гадна ч хүчтэй дуугарч тухайн үеийн газар өмчлөлийн буруу бодлогын эсрэг жагсаал цуглаан зохион байгуулж, олон түмний саналыг авч, Оюун дарга өрөөндөө улс төрийн суулт хийж байсныг хүмүүс мартаагүй байх. Мөн Оюун гишүүн парламентын түүхэнд анх удаа хөрөнгө орлогоо нийтэд ил тод мэдээлж, бусдыгаа уриалж байсан нь өнөөдөр хууль болон хэрэгжиж байна. Монголын ард түмэн аль хэдийн Оюун гэдэг хүнийг чадалтай, боловсролтой, улс орноо гэх сэтгэлтэй улстөрч гэдгийг зөвшөөрчихсөн. Харин улс төрийн хүрээний цөөн хэдэн хүн л Зориг ахаар нь зориуд овоглож, хийснийг нь үгүйсгэж, улстөрчийн хүч зоригийг нь мохоох гэж оролддог. Ингээд яриад байвал өнгөрсөн 10 жилийн түүхэнд ИЗН-ын парламентын намын хувьд хийсэн зүйл их бий. Гэхдээ хийж чадаагүй шинэчлэлийн төлөөх бодлогууд хаягдаж байгаа нь нөгөө л парламентад, гүйцэтгэх засаглалд хүн хүч дутагдсаных. Өнөөдрийн улс төрийн нөхцөл байдал цөөн хэдэн хүний эрх мэдлийн гинжин холбоог улам бэхжүүлэх тийшээ явж байгаа үед ИЗН-ын гишүүд дангаараа түүнийг сөрөх биш харин АН-тай нэгдэж байж л өөрчилж чадна. Манай Оюун дарга ч гэсэн ахынхаа үүсгэн байгуулсан намд нэгдэж ороход хувь хүний хувьд татгалзахгүй байлгүй дээ.

-          Заавал нэгдэх биш, эвсэх боломж бас байна шүү дээ. Тухайлбал, 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд АН танай нам, НН-тай эвсч өрсөлдсөний үр дүнд ялсан?

-          ИЗН-ын явж ирсэн түүхээс харахад 2000 оны сонгуулиас хойш орон нутгийн сонгуулиас эхлэн ардчилсан хүчний намуудыг эвсэл, нэгдэлд байнга уриалан дуудсан байдаг юм. Учир нь тухайн үеийн сонгуулийн хуулийн онцлогоос болж парламентад ардчиллыг дэмжигч хүмүүсийн төлөөлөл маш бага сонгогдож, тэр чинээгээрээ улс орны хөгжлийг нэг нам дангаараа, дур зоргоороо удирдаж байгааг засч залруулах боломж бол ердөө л эвсэл, нэгдэл гэдгийг ИЗН мэдэрч, бусдыгаа нэгдье, эвсье гэж уриалж байлаа. 2000 оны орон нутгийн сонгуульд БНН, МТН, МоАН, МУНН гээд жижиг намуудын эвслийг байгуулж оролцон, улмаар тэр ондоо Монголын төлөө нам, Хөдөөгийн хөгжлийн намыг, 2002 онд Бүгд найрамдах намыг, 2007 онд Монголын эв нэгдлийн намыг өөртөө нэгтгэж байсан. Чиг зорилго нэгтэй намууд тархай бутархай явснаас нэгдсэн нь улс орны хөгжилд хэрэгтэй гэдэг хатуу үзэл бодлыг ИЗН өөртөө гол болгодог, дүрмэндээ ч тэгээд заачихсан байдаг. 2004 оны сонгуульд ардчилсан хүчний намууд эвсч байж л ялна гэдэг нь янз бүрийн судалгаа, намуудын рейтингээс тодорхой байсан. Тийм ч учраас АН-д олон удаа санал тавьж ярилцсаны эцэст 2002 оны сүүлээр Д.Дорлигжавыг намын дарга байхад нам намынхаа шат шатны хурлаар хэлэлцүүлж, батлуулж, дарга нарын гарын үсэг зурж баталгаажуулсан “Түншлэлийн гэрээ”-г байгуулсан юм. Энэ гэрээ бол үнэхээр ардчилсан үзэлд нийцсэн, улс төрийн намууд харилцан нэг нэгнээ хүндэтгэсэн, эрх тэгш, эн тэнцүү байх зарчимд суурилсан эвсэл, цаашлаад нэгдлийн төлөөх маш том эхлэл байсан гэж болно. Гэтэл АН-ын дарга Энхсайхан болонгуутаа л Түншлэлийн гэрээг үгүйсгэн, намуудыг том жижгээр нь, гишүүдийг нь хөрөнгөтэй үгүйгээр нь ялгаварлан Эх орон намтай яаравчлан эвсэл байгуулсан нь үнэхээр алдаа байсан. Алдаа байсан гэдэг нь ч сонгуульд ялж, олонхи болж чадаагүй, түүнчлэн Эвсэл задарсан зэрэг үйл явцаар нотлогддог. 2004 оны сонгуулийн өмнөхөн л ИЗН-ыг “Эх орон-Ардчилал” Эвсэлд арайхийж нэг юм 5 нэр дэвшигчийн квоттойгоор оруулсан юм шүү дээ. Тэр үед ИЗН эвсье гэхээр цаашаа, больё гэхээр наашаа гэсээр маш их цаг хугацаа алдсан юм. Уг нь АН зөвхөн ИЗН, Эх орон нам гэхгүйгээр эвсэлд нэгдэх бүх намуудтай ижил тэнцүү байр сууринаас ярилцан, гурав байтугай намуудын эвслийг байгуулж сонгуульд оролцсон бол ардчилсан хүчний эвсэл Засгийн эрхийг дангаараа барих түүхэн үе байсан. Тэр ч бүү хэл, ардчилсан хүчний намуудын жинхэнэ нэгдлийг хангах эвслийг тухайн үед хийж болох байсан. Тэгж чадаагүйгээс хэн хохирсон бэ гэвэл улс орны хөгжил удааширч, тэр чинээгээр хүн амын амьдралын түвшинд ахиц гарч чадаагүй, нөгөө л ажилгүйдэл, ядуурал, авлигын асуудалтайгаа хоцорсон шүү дээ. Ийм байдлыг 2012 оны сонгуульд дахин давтмааргүй байгаа юм. Сонгуулийн ямар ч тогтолцоо бай одооноос ардчилсан хүчний намууд нэгдэж, бодлого хөтөлбөрөө нэгтгэж, энэ олон түмэнд нэг сайн сайхан амьдрах итгэл, тэмүүллийг нь бий болгомоор байна. Энэ бол ардчилсан хүчнүүдийн үүрэг хариуцлага, түүн дотроо цөм нь болсон АН-д оногдож байгаа том үүрэг хариуцлага гэж хэлж болно. АН бол 6 намын нэгдлийн хүч. Тэд задарвал сульдана, нэгдвэл хүчирхэгжинэ гэдгийг бие сэтгэлээрээ бүрэн мэдэрсэн. Тийм болохоор улам хүчирхэгжихийн төлөө илүү санаачлагатай байх ёстой.

-          Та өмнө нь хэлж байсан. ИЗН, АН-ын гишүүд сум дүүрэгт их амь нэгтэй байдаг гэж. Энэ нь өөрөө нэгдлийн чухал хөрс юм биш үү?

-          Үнэхээр амь нэгтэй байдаг намын байгууллага, гишүүдтэй сум дүүргүүд олон бий. Зарим аймагт ч мөн адил. Гишүүдийн ертөнцийг үзэх үзэл, аливаад хандах хандлага нь адил учраас амьдрал тэднийг ижилсгээд байгаа юм. Ер нь олон жилийн улс төрийн үзэл бодлын талцал, танай манай нам гэсэн эсрэг тэсрэг байр суурь зарим орон нутагт их өөрчлөгдөж байна. 80,90 жилийн нэг намын улс төрийн засаглал нь хөдөө орон нутагт эрх мэдлийг даргын хүүхдүүд, найз нөхөд үе залгамжлан авсаар дарга анги тогтсон. Тэр дарга ангийг төө тэр хол Улаанбаатараас бас нэг хэсэг дарга зааварлана, удирдлагаар хангана. Ордны цонхоор харан орон нутгийг удирдсаар явтал хөдөөгийн хөгжил хоцрогдчихсон, хүмүүс нь хөдөлгөөнгүй болчихсон. Гэтэл энэ олон жилийн дараа, би Сүхбаатар аймгаар жишээлж ярихад АН орон нутгийн эрх мэдлийг авлаа. Үнэндээ бол өнөөдөр АН-аар дамжуулан ард иргэд нь засгийн эрхээ барьж байна. Олон жил идэвхгүй явсан хүмүүс нийлээд нутаг орноо удирдаж байна. Бид энэ л орон нутагтаа амьдарч байна, цаашид ч амьдрах учраас аймгаа хөгжүүлье дэвжүүлье гэж тэд зүтгэж байна. Хүмүүс тэнд АН, ИЗН, МАН нам гэж үзэл бодлоороо талцалгүй хөгжлийн төлөө их юм хийж байна. Сүхбаатар аймаг хөгжиж байна. Нөгөө олон жил нам минь гэж явсан хөгшчүүл залуучуудаа дэмжиж, магтаж, урам өгч байна. Урмын үг сонссон залуучууд хот явж гишүүн болно, сайн ажиллаад сайд болно гэсэн сэтгэлээр биш нутгаа, нутгийнхнаа гоё амьдруулах гэж ажиллаж байгааг харахад үнэхээр сайхан байна. Саяхан Улаанбаатарт болсон “Эдийн засгийн хувьсгал” хэлэлцүүлэг дээр гурван хүн л итгэл тавилаа. АН-ын дарга Алтанхуяг нь ярилаа, Баабар нь лекц уншлаа, гурав дахь хэн байсан гээч, Сүхбаатар аймгийн Засаг дарга Батсуурь гээд бод доо. Үнэхээр бахархмаар. Хүмүүсийн үзэл санааны энэ өөрчлөлт эцэстээ хөгжилд хүргэдэг гэдгийг би өөрийн нүдээр Сүхбаатар аймгаас олж харлаа. Яагаад би энэ аймгийг онцолж яриад байна гэвэл тэр АН-ын залуус манай намын залуустай л адил. ИЗН-ын залуус боловсролтой бол боловсролтой, чадалтай бол чадалтай. Тэр залуус буруу ч зөв ч бушуухан дарга больё гэж бодсон бол мэдээж ИЗН-ыг сонгохгүй байсан нь ойлгомжтой. Гэхдээ өнөөдрийн энэ улс төрийн гаж байдал нь залуу хүмүүст боломж ерөөсөө өгөхгүй байна. Залуус хийж чадна, өөрчилж чадна гэсэн итгэл найдвар, боломжийг өгөхийн тулд бүх газар Сүхбаатар аймгийнхан шиг байгаасай гэж хүсч байна.

Монголчууд бид чинь цөөхүүлээ ард түмэн. Энэ цөөхөн дотор улс орныг аваад явах хүч нь тэр чинээгээрээ цөөхөн. Тэд нь дотроо нам гээд хуваагдчихдаг. Ийм байдлаар 20 жил явлаа. Алджээ гэдгийг амьдрал өөрөө харуулж байна. Тийм учраас ИЗН АН-тай нэгдэж, тэдний эрүүл саруул хүчний хүчийг зузаатгаж, хамтдаа амжилт гаргаж, өөрсдийнхөө боловсрол, чадлыг улс орныхоо хөгжилд зориулах ёстой юм байна гэсэн итгэл үнэмшил надад үнэхээр гүн бат төрсөн шүү. Энэ нэгдэл бол ялангуяа намын залуу үеийнхнээр дамжуулан улс орны ирээдүйд маш их хэрэгтэй нэгдэл юм.

-          Та энэ үзэл бодлоо ИЗН-ынхантайгаа хуваалцсан уу?

-          Ер нь бол манай Зоригт дарга АН-тай нэгдэхийг дэмждэг гэдгийг гишүүд маань мэддэг. Гэхдээ намын гишүүд өнөөдөр ямар бодолтой байгааг би мэдэхгүй байна. Хоёр жилийн өмнө бол АН-тай нэгдэх биш эвсч ажиллахыг л илүүд үздэг байсан. Намын дүрэм журмаар бол Их хурлаар л шийдэх асуудал. Хэтийн замаа харах юм бол бид нэг цул нам болж байж л одоо улам бүр хүчирхэгжих тийшээ явж байгаа хөрөнгөлөг цөөнхийн засаглалаас ардчиллыг аварч, зөв шударга олонхийн засаглалыг тогтоож чадна.  ИЗН-ын гол үзэл баримтлал бол иргэдийн оролцоонд түшиглэсэн ил тод, хариуцлагатай засаглал бүхий ардчиллыг бэхжүүлэхэд байдаг. Энэ үзэл баримтлалаа тууштай хамгаалан, хэрэгжүүлэхэд ИЗН АН-ын нэгдэл л зөв гарц нь байх болно. Энэ өнцгөөс харвал нэг их том эсэргүүцэлтэй тулгарахгүй байх. Жирийн гишүүний амьдрал дээр аваачиж ярьвал бид хүүхдүүддээ “Энэ улс орныг бид удирдана” гэсэн хүсэл тэмүүллийг өгч, тэднийгээ дэмжинэ гэвэл ардчилсан хүчний нэгдлийг өөрсдөөсөө эхлэхээс өөр замгүй. Тийм болохоор гишүүдийнхээ дунд өргөн хэлэлцүүлэг явуулах хэрэгтэй байна.

АН-ыг ч энэ нэгдлийн төлөө хэлэлцүүлэг явуулаасай гэж хүсч байна. АН өнөөдөр ИЗН-ыг Оюун, Зоригттой нь, НН-ыг Энхбат, Бум-Ялагчтай нь, МСДН-ыг Ганбаатартай нь, өөр ямар нам, хэн байна бүгдийг нь өөртөө нэгтгэхийн төлөө бүр нэг үндэсний хэмжээний том нам шиг санаачилгатай, хариуцлагатай  ажиллах цаг болсон. Нэг чиг зорилготой намууд нэгдэх нь, ардчилсан хүчнүүдийн нэгдэл нягтрал нь ардчиллыг мөн чанараар нь хөгжүүлэх, нийгмийг ардчилахын төлөө хийж байгаа хариуцлагатай алхам юм.


URL:

Сэтгэгдэл бичих