С.Ганбаатар “Тусгаар Тогтнол, Эв Нэгдэл” эвсэлд нэгдэхээр ярилцаж байна
УИХ-ын гишүүн С.Ганбаатарын туслах С.Зоригтбаатарын үүсгэн байгуулсан Хөдөлмөрийн Үндэсний Намыг Ашигт Малтмалын газарт Кадастрын албаны даргаар ажиллаж байсан, МАН-ын гишүүн асан Т.Бат-Оргил, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн багт ажиллаж байсан, Оюу Толгойн компаний зөвлөх С.Боргил, “М-Си-Эс” групп, Монголын Банкны Холбоонд ажиллаж байсан, АН-ын гишүүн асан Б.Найдалаа, Сувилахуйн сургуулийн захирал байсан Н.Одонгуа, “Монреимпекс” компаний захирал У.Уламбаяр агсны хүргэн, Дэлхийн банкинд ажиллаж байсан Т.Доржханд нар хүлээн авч, шинээр зохион байгуулалт хийж, удирдаж эхэлсэн нь нэг жилийн өмнө билээ. Үүнээс хойш тус намын нэр хүнд тасралтгүй өсч, улмаар УИХ-ын гишүүн С.Ганбаатар 2015 оны 12 сарын сүүлээр тус намд элсэн, Төв хорооных нь хурлаар ХҮН-ын даргаар сонгогдсон юм. Гэтэл шинээр сонгогдсон ХҮН-ын дарга С.Ганбаатар тус намын ЕНБДаргаар ажиллаж байсан Т.Доржхандыг чөлөөлсөнтэй холбоотой тус намын удирдлагууд дунд асуудал үүсч, энэ нь тус намыг хоёр хуваан, намын даргын бүртгэлтэй холбоотой маргаан болон даамжирч өдий хүрээд буй. Үүнээс хойш тус нам С.Боргил, С.Ганбаатар, Т.Ганболд гэсэн гурван ч дарга солиод байна.
Үүнийг улс төрийн хүрээнийхэн Б.Найдалаа, С.Боргил, Т.Доржханд, Н.Одонгуа гэгчдийн үзэл бодол, арга барил,зарчмын зөрүү гэж үзэхээс илүү ХҮН-ын удирдлага гэх эдгээр залуус нь гуравдагч хүчнийг устгах МАН-АН-гийн саналыг хүлээн авч, өөрсдөө хутган үймүүлэх ажил хийсэн явдал хэмээн дүгнэх нь элбэг.
Намын даргын бүртгэл тойрсон маргаан нь өдгөө ХҮН УИХ-ын 2016 оны сонгуульд оролцох эсэхтэй холбоотой маргаан болж хувираад байна. Намын албан ёсны тамгыг эзэмшиж буй дарга Т.Ганболд нь тус нам сонгуульд оролцохгүй, АН-ыг дэмжинэ гэсэн шийдвэр гаргасан бол С.Ганбаатарын өмнө ХҮНамын дарга байсан гэх С.Боргил тус нам дангаараа УИХ-ын сонгуульд оролцоно хэмээн мэдэгдээд буй . Харин мөн л ХҮН-ын дарга гэж өөрийгөө нэрлэдэг Б.Найдалаа ямар байр суурьтай байгаа нь тодорхойгүй. Энэ эргэлзээтэй байдлыг ч эртнээс мэдэж байсан бололтой С.Боргил, Т.Доржханд нар УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшихээр Үндэсний Аудитийн газарт мөрийн хөтөлбөрөө хянуулахаар өгсөн байсан нь ил болсон. Харин УИХ-ын гишүүн С.Ганбаатар намынхаа нөхдөд үнэнч үлдэж, бие даан нэр дэвших хүсэлт гаргаагүй байна. Гэвч ХҮН УИХ-ын 2016 оны сонгуульд оролцох эсэх нь эргэлзээтэй болсон нь С.Ганбаатарт шинээр улс төрийн сонголт хийхээс өөр зам үлдээсэнгүй бололтой. Учир нь Сонгуулийн тухай хуулиар Үндэсний аудитын газарт хуулинд заагдсан хугацаанд мөрийн хөтөлбөрөө хянуулахаар хүсэлт гаргаагүй хүн УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвших боломжгүй юм. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг “Тусгаар Тогтнол, Эв Нэгдэл” эвсэлд нэгдэхээр ярилцаж эхэлсэн тухай эх сурвалж өгүүлж байна. Яриа С.Ганбаатарын зүгээс анхлан гарсан бөгөөд тэрээр уг эвслийг бүрдүүлж буй Тусгаар Тогтнол, Эв Нэгдлийн Нам, Монголын Ногоон Намын аль алинд нь намын гишүүнээр элсэлгүй гагцхүү эвсэлд нэгдэн, “Тусгаар Тогтнол, Эв Нэгдэл” эвслээс УИХ-ын 2016 оны сонгуульд өрсөлдөх бололтой.
П.Энхмандах
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
ХУДЛАА ЯРЬСААР БАЙГААД НЭР НҮҮРГҮЙ БОЛСОН БАС ХУУРАМЧ ДИПЛОМТОЙ ХҮН БАЙСАН БНАА ГЭТЭЛ ХАА Ч ГАЗАР ЦЭВЭРЛЭГЧЭЭР ОРОХОД ХҮРТЭЛ БОЛОВСРОЛЫН ҮНЭМЛЭХ БИЧГ ШААРДДАГ ШД ЭЭ ИХ ХУРАЛ ХАРИН ШАЛГАДАГГҮЙ ГОЁ ГАЗАР БАЙНА ДАА ХЭХЭХЭ