ХИЛ, ХЭЛ, МАЛ ГУРАВТАЙГАА БАЙХАД МОНГОЛ БАЯН
…Мөнх тэнгэрийн доор наран ургах зүгээс наран шингэх зүг хүртэл өргөн уудам газар нутагт “Монгол” хэмээн сэлэмнийхээ ирээр сийлж явсан тэртээ XIII зуунд монгол хэл бараг л дэлхийн хэл байжээ. Тэр цагт бидний өвөг дээдэс гадныхныг гартаа атгаж явсан болохоор гадаад хэл сурах ч шаардлага байгаагүй нь лавтай. Харин өнөөдөр “…Чихну чимэг болсон аялгуу сайхан Монгол хэл, Чин зоригт өвөг дээдсийн минь өв их эрдэнэ” хэмээн уянгалуулан унших дуртай сайхан монгол хэл минь ямархуу түвшинд байна даа. Уул нь бид чинь “Даага далантай бяруу булчинтай, онд мэнд тарган тавтай, өнөтэй сайхан өвөлжиж байна уу?”, “Сайхан хаваржиж, намаржиж, зусч байна уу?” гээд л амар мэндээ мэдэлцэх их өв соёлтой ард түмэн юмсан. Өнөөгийн нийгэм соёлд эдгээр мэндчилгээ тэр бүр таарч тохирохоо больсон бол ядаж “Сайн байна уу?” хэмээн энгийн сайхан мэндэлж болноо доо. Гэтэл хэзээнээсээ бид чинь “Hi, юу байна?” хэмээн мэндэлж, “Bye” гэж салдаг болчихвоо.
Монгол хүн, монгол бахархал гэж омогших дуртай хэрнээ хамгийн чухал “монгол ухаанаа” мартаад байгаа юм биш биз. Монгол хэл минь Алтайн язгуураас эх аван хөврөхдөө ямар өргөн уудам утга агуулга, цар хүрээг багтааж, нэгэнтээ дэлхийн хэмжээний хэл байсныг үр хойч нь мартлаа гэж үү. Хэлтэй бол хөлтэй гэж туйлширцгаан монгол үгээ гадаад үгээр сольж холин ярьж, хэлээ хугалах шахсан “хэлбэрдэгсэд” олон болжээ. Эмзэглэл энд л байна. Бусаддаа хамгийн их үлгэр дууриал үзүүлдэг урлагийнхан маань хэлбэрдэгсдийн хамгийн тэргүүн эгнээнийхэн. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ч гэсэн бичиж байгаа бичлэг, хэлж байгаа хэллэгээрээ эх хэлээ үгүйсгээд байгаа харагддаг. Ялангуяа шар хэвлэлүүд. Сүүлийн 400-гаад жилийн хугацаанд 7100-гаад хэл устаж үгүй болсон байдаг. Хэлгүй ард түмнийг тусгаар улсад тооцдоггүй. Хэлээ яаж хамгаалах вэ гээд хий яриад суух биш зөвхөн та, бид хоорондоо амар мэндээ монголоороо мэдэлцээд, монголоороо зөв харилцдаг байх нь л бидний эх хэл мөнх оршин тогтнож, Монгол улс хүчтэй байх хамгийн том хүчин зүйл юм.
Нэгэн хөдөөгийн эр улсынхаа нийслэл Улаанбаатар хотыг зорьжээ. Замдаа хүмүүст олон жилийн өмнө хотод ирсэнээ хуучлаад л түүнээс хойш хэр өөрчлөгдсөн бол хэмээн догдолж буй нь илт явсаар иржээ. Хөдөөнөөс ирсэн “шуудан”-гийн машин тээврийн товчоон дээр ирж зогсчээ. Хүмүүсийн ярьдагаар “Dragon” шүү дээ. Нийслэл хотдоо ирлээ хэмээн баярласан залуу буумагцаа “Та нар намайг харь оронд авчирчихсан юм уу? Энэ манай Улаанбаатар биш байна” хэмээн тэр хавиар нэг юм болжээ. Арван хаягны нэг нь монголоор бичигдсэн нь “дээдийн заяа” болчихсоныг харахад хөдөөгийн залуугийн яах аргагүй зөв ч энэ байдалдаа дассан хүмүүс түүнийг дооглон баахан инээлджээ. Крилл үсгээр бичигдсэн үг ийм цөөн байхад нөгөө дэлхийд ганцхан хэмээн тодрох дуртай Монгол бичиг бол бүр ч “сураггүй”. Ямар сайндаа л Өвөр Монгол зоогийн газарт найзтайгаа хоол идэхээр явахдаа гадаад эсвэл крилл үсэгтэй хаяг хайгаад олохгүй баахан төөрөх вэ дээ. Холбож унших нь бүү хэл гэзэг, гэдэс, сүүл хэмээн хальтхан гадарлан нэрлэх төдий болсон төрөлх хэл, бичгийг минь Хятад улсад албан ёсоор харъяалагддаг өвөр монголчууд биднээс илүү хэрэглэж байна шүү дээ. Монгол хүн улсынхаа нийслэлд төөрмөөр, төөрсөн эмгэнэл нь инээдэм болчихсон ийм л цаг үе болж. Гадны иргэдэд зориулсан жуулчны хот ч ийм байдаггүй дээ.
Хил, хэл, мал гуравтайгаа байхад монгол баян гэж зүгээр ч нэг хэлчихээгүй л байлтай. Энэ олон хаяг самбаруудаас гадна телевиз, радиогийн сурталчилгаа, урлагийнхны “хар гайгаар” багачууд нь харь үгээр хэлд орж, өсвөр насныхан нь эх хэлтэйгээ хольж хутган чамирхан ярих гэж ядацгаана. Соц нийгмийн үеийнхэн маань ч бас хүүхэд багачуудаас дутах зүйл байхгүй. “П”-гээр эхэлдэг хараалыг амны уншлага болгож, өөрсдийнх нь хэлдэгээр “тэнэг-дурак” гэдгээ гайхуулна. Чихэнд хоногшиж, нүднээ дасал болчихсон энэ үг хэллэгүүд эх хэлийг минь юу ч үгүй арчин хаях дээрээ тулжээ. 2011 оны 7 дугаар сарын 1-нээс эхлэн Монгол улсын ерөнхийлөгч, УИХ-ын дарга, ерөнхий сайд болон засгийн газрын гишүүдээс гадаад улсын адилтгах түвшний албан тушаалтанд илгээх албан бичиг, захидлыг монгол бичгээр үйлдэж, орчуулгыг тухайн улсын, эсвэл НҮБ-ын албан ёсны аль нэг хэлээр хавсарган илгээж байхаар, иргэний төрсний болон гэрлэлтийн гэрчилгээ, бүх шатны боловсролын сургалтын байгууллагаас олгож буй үнэмлэх, диплом, гэрчилгээнд крилл болон монгол бичгээр зэрэгцүүлсэн бичилт хийж, хэрэгжүүлэх тухай Монгол улсын ерөнхийлөгчийн захирамж гарсан нь сайшаалтай хэрэг. Ямар ч байсан энэ хавар их дээд сургууль төгсөгчдөд гардуулсан дипломон дээр энэ захирамжийн дагуу зэрэгцүүлсэн бичилт хийсэн байсан нь үнэхээр сайхан харагдаж байсан.
В.Инжинаш монгол бичгийнхээ өв сайхан байдал хийгээд түүний онцлогийн тухай “Монгол бичгийг хүн өдрийн хагас суухад сурах боломжтой. Ийм хосгүй, өргөн утга агуулгатай бичиг үсэг өөр хаана ч байхгүй” хэмээсэн нь бас л учиртай. Монгол улс маш олон жижиг овог аймгуудтай байсан атлаа ганцхан монгол бичигтэй байсны гол нууц нь ө, ү, о, у эгшгүүд адил байсанд ч гэлцдэг. Гэтэл галуу дууриаж хэрээ хөлөө хөлдөөдөг шиг харийн соёлыг шүтэж, өдөр тутмын харилцаандаа хэт их хэрэглэх нь биднийг Чингис эцгийн хөвгүүд, хатан Мандухайн охид гэдгийг дэлхийд мартуулж ч мэднэ. Монгол бичиг маань дэлхийн гайхамшигт долоон бичиг үсгийн нэгээр нэрлэгдсэнийг хэлэхэд тийм гэж үү хэмээн гайхах хүн олон байгааг харахад сэтгэл өвдөх шиг болдог. Гадныхан бидний бичгийн соёлыг бахдан шүтэж байхад бид монгол бичгээ хайхралгүй, мэддэг хүн цөөхөн болсон нь харамсмаар.
Монголын тулгар төр байгуулагдсаны 2220 жилийн ой тохиож байгаа энэ жилийн баяр наадмаар бид үүх түүх, уламжлалаараа бахархаж, үндэсний дээл хувцасаараа гоёж баярласан. Хязгаар нутгийн дархан хил, аялгуут сайхан эх хэл, халуун хошуут таван хошуу мал минь Монгол эх орон өнө мөнхөд оршин тогтнох тулгын гурван чулуу нь болдог. Түүхийн хуудсанд Монгол үндэстэн монгол бичиг үсэг, хэл соёлтой ард түмэн хэвээр үлдэх, эс бөгөөс гадныхныг шүтэн дууриасан хэн ч биш өрөвдөлтэй нэгэн болох нь та биднээс, та бидний өсгөн хүмүүжүүлэх үр хүүхдүүдээс шалтгаална. Яруу сайхан эх хэлээрээ харилцдаг, дэлхийн гайхамшиг болсон бичиг үсгээ хэрэглэдэг, бахархдаг, түүх заншлаараа бусдад гайхагдсан хүчирхэг Монгол улсыг та бид хамтдаа бүтээж чадна. Учир нь гагцхүү бид л энэ ариун дагшин газар шороон дээр хөрвөөж өссөн МОНГОЛЧУУД шүү дээ.
Б.Одсүрэн
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
ÿþ<
ÿþ<
ÿþ<
ÿþ<