“ТАРЬЦ, СУУЛГАЦ-2016” ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА БОЛНО

3358

Монгол Улсын Ерөнхийлөгч 2010 онд 63 тоот зарлиг гаргаж, нийт ард иргэд, айл өрх, төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагуудыг  мод, бут, сөөг тарих, түүнийгээ арчлан хамгаалах, амьдралын хэв маяг болгон хэвшүүлэн ажиллах талаар уриалга гаргасан билээ.

Энэхүү уриалгыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд иргэд, аж ахуйн нэгж байгууллагыг тарьц, суулгацаар хангах, мөн тарьц, суулгац ургуулан бизнес эрхэлдэг иргэн, аж ахуйн, нэгж байгууллагын борлуулалтыг нэмэгдүүлж үйл ажиллагааг дэмжих, хоорондын уялдаа холбоог сайжруулах зорилгоор “Тарьц, суулгац-2016” үзэсгэлэн худалдааг манай яам, “Ногоон хэрэм” төсөл болон “Хот цэцэрлэгжилтийн мэргэжлийн байгууллагуудын нэгдсэн холбоо” ТББ-тай хамтран зохион байгуулж байна.

“Тарьц, суулгац-2016” үзэсгэлэн худалдаанд ойн нөхөн сэргээлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 35 гаруй ойн мэргэжлийн байгууллагууд оролцоно. Эдгээр ойн мэргэжлийн байгууллагууд өөрсдийн мод үржүүлгийн газарт тарьж, ургуулсан төрөл бүрийн мод, сөөгний тарьц, суулгац, үр, үрсэлгээ болон бордоог худалдаалан борлуулна.

Түүнээс гадна үзэсгэлэнгийн үеэр яамны харьяа “ОСХТ”УТҮГ, “Хот цэцэрлэгжилтийн мэргэжлийн байгууллагуудын нэгдсэн холбоо” ТББ-аас мод тарьж ургуулах талаар заавар зөвөлгөө өгөх ажлыг зохион байгуулна.

Тус үзэсгэлэн худалдааг Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд 2016 оны 4 дүгээр сарын 29-нөөс 5 дугаар сарын 1-нийг хүртэл 3 өдрийн хугацаанд зохион байгуулагдана.

 

ОЙН БОДЛОГО, ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗАР


URL:

Сэтгэгдэл бичих