ӨВӨРЛӨГЧ ТҮМНИЙ САЙН ЭРЧҮҮД
“Ар халхын шилийн сайн эрчүүд” цуврал номыг Өвөр Монголын зарим нэг хулхи наймаачид хулгайгаар хэвлээд хэдэн жилийн нүүр үзэж байгаа юм. За энэ ч дүүрсэн хэрэг. Харин эрт урьдын түүх домог гадарладаг зарим нэг өвөрлөгч бидэн рүү утасдаж “Манай Өвөр Монголын сайн эрчүүд яагаад энэ номонд ордоггүй юм бэ. Ганцхан Ар Монголд л шилийн сайн эрчүүд байсан юм биш шүү дээ. Манай эрт цагийн сайн эрчүүдийг судалж сурвалжлана уу” гэсэн санал тавьдаг юм. Саяхан Өвөр Монголын Зуун-Уд чуулганы Улаанхад хошуунд оршин суух Өлзий хэмээх эр мөн л наашаа хандаж Ар халхын сайн эрчүүдийн тухай ном гарсанд талархал илэрхийлээд “Манай Өвөр Монголд дээхэн үед хэдэн сайхан шилийн эр байсан. Жишээ нь Шилийн голын чуулганы Үзэмчин хошууны Хөхтолбо, Баруун Үзэмчин хошууны Жамбалын Чулуу, Цахарын “Жаахан” Гомбо нар байна. Эдгээр хүмүүсийн домог түүхийг сайн мэдэх дал, ная гарсан хөгшчүүл одоо амьд сэрүүн байгаа. Тэднээс юм асуувал их юм дуулж сонсоно доо” гэж учирласан юм. Мөн Шилийн гол аймагт оршин суух Нажаа, Буянт нарын хүмүүс бидэнд хандаж “Манай Зуун-Уд чуулганы Харчин хошууны “Шударга баатар” Бавуужав, Баруун Сөнөд хошууны Мөнгөн-Паваг, Цунцуугийн Цагираг, Зуун-Уд чуулганы баруун Баарин хошууны Шагдар “Солиот” зэрэг сайн эрчүүдийг номондоо оруулаарай” гэж сануулах ялдамд дээрхи хүмүүстэй холбоотой зарим нэг баримт сэлтийг өгсөн юм. Баруун Сөнөд хошууны Мөнгөн Павагийн тухай өмнө нь бичигдэж байсан. Харин Цунцуугийн Цагирагийн тухай мэдээ сэлт тун ховор байдаг. Ямартай ч энэ хүн Манжийн дарангуйллын эсрэг тэмцэж яваад хоёр нүдэндээ түүхий шохой хийлгээд сохор болж байсан эмгэнэлт түүхтэй хүн юм байна.
Харчин гүн Бавуужавын хувьд гэвэл 1911 оны Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний үеэр Богд хаант Монгол улсад дагаар орж, улмаар Монголын Үндэсний тусгаар тогтнолын төлөө тууштай тэмцсэн хүн. Богд хаант Монгол улс байгуулагдсаны дараа тэрбээр Дундад Иргэн Улсын түрэмгийллийн эсрэг хийсэн “Таван замын байлдаан”-д цэрэг удирдан гарамгай гавъяа байгуулсан авъяаслаг цэргийн жанжин билээ. Харчин гүн Бавуужав залуу зандан насандаа улс гүрэн дамнасан алдартай шилийн эр, тэр байтугай морьт дээрэмчдийн толгойлогч байсан тухай өвөрлөгч нар хүүрнэдэг юм. Харин түүнийг шилийн эр явсанд нь болоод ч тэр үү, Хятадын болон Өвөр Монголын зарим түүхч нар “Муу хулгай”, “Морьт дээрэмчин”, “Урван тэрслэгч”, “Төрийн бөөс” гэх мэтээр цоллож ирсэн байх аж. Жишээ нь түүхч Алтанша бичихдээ “…Бавуужавыг арван гурван настай байхад эцэг, эх нь уугуул нутаг Зостын чуулганы Түмэд зүүн хошуунаас нүүж Сүргийн хошуунд шилжин суурьшиж атар газар хагалбарлаж том газрын эзэн болсон ба Бавуужав хар багаасаа ажил хөдөлмөрт дургуй, залуу наснаасаа дээрэмчидтэй нөхөрлөж, морьт дээрмийн түрүү болсон үл бүтэх хүн байжээ. Бас 1904 оны Орос, Японы дайны үед тэрбээр Японы талд хүчин зүтгэж морьт дээрэмчдээр бүрдүүлсэн цэргийн даргаар ажиллаж, Хаант Оросын цэргийн ар талыг самууруулж, хүнс хоол, зэр зэвсгийг нь олзолж, бараа таваар зөөвөрлөх, зам харилцаа таслах үүрэгтэй байжээ. Тэр үед Бавуужав төмөр зам дэлбэлж орос цэргийн замыг тасалж, япон цэргийн дарга нараас их хэмжээний буу зэвсэг, алт, мөнгөөр шагнуулжээ. Орос, Японы дайны дараа тэрбээр морьт цэргээ дагуулж Зуу-Уд чуулганд цөмрөн орж, Хянган, Давсан нуурын орчим хуарагнан суусан байна. 1908 онд Японы дэмжлэгээр одоогийн Ляонин мужийн цагдаагийн товчооны даргаар томилогджээ. 1911 онд Монгол улсыг тусгаар тогтнолоо сэргээмэгц Бавуужав гэр бүлээ авч, өөртөө элсүүлсэн цэргээ дагуулан оргож явах замын зуур цэрэг нэмэн элсээсээр 2000 гаруй хүнтэй цуг Нийслэл хүрээнд ирж улсын түшээ гүнээр өргөмжлөгдөн цэргийн даргаар томилогдсон ба 1913 оны зунаас 1914 оны 11-р сар хүртэл харъяат цэргээ захирч Өвөр Монголын Долнуур, Хишигтэн, Линьси зэрэг газарт дайран орж их хэмжээний адуу мал, эд хөрөнгийг уулгалан дээрэмдээд буцжээ. Мөн Хаант Орос ч Бавуужавыг дэмжиж байсны үрээр түүний цэрэг 4000 болж дахин Өвөр Монголд цөмөрч, Шилийн голын өмнөд хэсгийг уулгалж Халх голын хөвөөнд хуарагнан сууж байсан ба тэр үед Хөлөнбойрын мэйрэнгийн занги Шенфү туслагч Бавуужавт адуу мал бэлэглэх зэргээр түүнийг дэмжиж байв” гэж өгүүлжээ.
Харчин гүн Бавуужав нь тухайн цаг үеийн дайн байлдаантай цөвүүн цагийг ашиглан морьт дээрэмчдийн толгойлогч явсан нь үнэн боловч Хятадын түүхч нар үүнийг нь өлгөн авч аль болох харлуулах тал руу нь чиглүүлсээр иржээ. Харин Монголын түүхч нар Харчин гүн Бавуужавыг үндэсний эрх чөлөөний төлөө тууштай тэмцэгч шударга баатрын хэмжээнд үнэлж дүгнэсэн байдаг. Жишээ нь түүхч, судлаач Д.Ганхуяг “20-р зууны Монголын эх орончдын дотроос Бавуужав баатар өдрийн од шиг харваад өнгөрсөн жинхэнэ эх оронч билээ” гэж дүгнэжээ.
1911 оны Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний үеэр Өвөр Монголыг манж, хятад цэргээс чөлөөлөх таван замын байлдаанд олон зуун эрчүүд баатар зоригоо дуурсгасан түүхтэй. Үйрсэн ясаа шүүрсэн цусаар зуурч бэхэлсэн тусгаар тогтнолын чухам энэ үед л Богд хаант Монгол улсын 101 баатар төрөн гарсан бөгөөд эдний бараг тэн хагас нь өвөрлөгч түмнээс тодорчээ. Жишээ нь “Шударга баатар” Харчин гүн Бавуужав (Өвөр Монголын Жирэмийн Чуулганы өмнөд Горлос хошуу), “Манлай баатар” Дамдинсүрэн (Өвөр Монголын Хөлөнбуйр), “Ялгуун баатар” Сумъяа (Шинжаан мужийн Ил тарвагатайн хошуу), “Зоригт баатар” Тогтох (Өвөр Монголын Жирэмийн чуулганы өмнөд Горлос хошуу), “Бодлогот баатар” Цэнд (Өвөр Монголын Хөлөнбуйр) гээд л цувчихна. Гэхдээ энэ олон баатрууд зөвхөн 1911 оны Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний үеэр л тодорсон хэрэг биш. Зарим нь Таван замын байлдаан болохоос өмнө буюу Богд хаант Монгол улс байгуулагдахаас өмнө нутгийнхаа зон олны төлөө эзэрхэг дээрэнгүй манж, хятадуудтай тэмцэлдэж, яг л манай шилийн эрчүүд лугаа адуу мал, эд хөрөнгийг нь дээрэмдэн ядуу олондоо түгээж явсан байх аж.
Энэ тухай Өвөр Монголын Жирэмийн чуулганы Саранбаатар, Сэцэнбаяр нарын хүмүүс саяхан Улаанбаатарт ирж надтай уулзахдаа “Зөвхөн Ар Монголд л шилийн эрчүүд байсан юм биш ээ. Манай Горлос хошууны Тогтох, Жирэмийн чуулганы Засагт ван Удай, Зостын чуулганы Мурангаа, Горлосын Санжаа нар яг л танай “Цахиур” Төмөр шиг явсан улс. Гэхдээ эд нар сүүлдээ өөртөө цэрэг элсүүлээд байлдах болсон тул түүх сударт баатар жанжин гэж л бичигдсэн. Үнэн хэрэгтээ эд нар чинь шилийн сайн эрчүүд шүү дээ” гэж өгүүлсэн юм. Нээрээ ч дээрхи хүмүүсийн түүх намтарыг судлаад үзэхэд шилийн сайн эрчүүдийн өнгө аяс цухалзаж байнам. Жишээ нь Горлос хошууны Тогтох гэхэд л 1905 оноос Манж, Хятадыг эсэргүүцэн тэмцэж, улмаар 1906-1910 он хүртэл шилийн эрчүүд лугаа ууланд бүгэж байгаад 1911 оны Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн эхэлмэгц жинхэнэ дайнаа эхлүүлж 8-р Богд Жибзундамбаас “Зоригт баатар” цол хүртсэн байх ажээ. Тогтохын тухай “Үрээ морь нь үргэхийг яана, үрлэн сумтай баймли бууны тусахыг яана, Дааган морь нь үргэхийг яана, давхар сумтай баймли бууны тусахыг яана” гэж өвөрлөгч нар дуулдаг байж. Монголын түүхэнд “Тогтох тайж” гэж бичигдэж ирсэн энэ хүн Богд хаант Монгол улсад дагаар орж, бэйсийн зэрэг хүртэж, улмаар цэргийн хэрэгт хүчин зүтгэх болсон ч мөнөөх эрт урьдын шилийн эрийн омоглон зангаа тавьсангүй. Ялангуяа 1920-иод оны үед Монголд дураараа дургиж асан гамингуудыг алж, дээрэмдэхдээ гаргууд байж. Мөн ноёд баядын адуу мал, эд агуурсыг тонон дээрэмдэж, өөрийн цэрэгтээ тараагаад өгчихдөг байсан тул цаадуул нь зарга мэдүүлж, үүний улмаас Тогтох тайж Шүүн байцаах газарт байцаагдаж, түр хоригдож байсан баримт байдаг.
Жишээ нь Зайсан Баасан, Лувсанбалдан нар Тогтох тайжид булаагдсан зүйлээ эргүүлж авахаар заалдаж байсныг Түүхийн баримтын төвийн ахлах архивч Ц.Эрдэнэчимэг уйгаржин бичгээс кирилл бичигт буулгасан байх аж. Өгүүлбээс: “Зайсан Баасан, Лувсанбалдан нар Тогтоход булаагдсан зүйлийг эргүүлэн авахаар очиход бэйс Тогтох “Тэдгээр юмыг нь эргүүлэн өгөхгүй. Богдын дэргэд улаан жинс зүүж зарлиг лүндэн хэмээн хүнийг айлгаж явдаг луйварчингууд байдаг. Та хоёр тэр буй за. Одоо та нарыг зүй нь шууд алаад Шанзудбагийн яаманд мэдэгдвээс зохих. Манай бичигч нар эд нарын нэрийг бичиж автугай. Би өгөх боловч өөрөө Богдтой уулзаж байж өгөхөөс биш та хоёр мууд хэрхэвч өгөхгүй. Танай Богдыг гамингийн гарт ороод амь мэгдэж байхад цэргээн явуулж хүчин хавсран амийг нь авалцсан нь ийн өшөө болох буюу тийм сайн юм болбоос юунд гамингийн гарт орсон буй. Хэрвээ намайг ийнхүү хэлэв хэмээвээс та нар явчихсан гамингуудыг хэлж алуулсугай. Гамингийн юмыг олон хүн авахад та нар юм олж авч чадсангүй бөгөөд танай Богд дагалдсан шанзудба нар миний авсан юмнаас дам луйвардах хэмээж ирэв” гэх зэргээр өөртөө хир халдаасангүй. Гэвч төдөлгүй Богдыг басамжлан доромжилсон, зайсан Баасан, Лувсанбалдан нарыг ална хэмээсэн, өөртөө их хэмжээний буу зэвсэг далдалсан гэдгээр бэйс Тогтох гянданд хоригджээ. Энэ тухай түүх бичлэгт өгүүлэхдээ “Гянданд байхдаа өчил үгүй их хатуужилтай байв. Ардын баатар Тогтохыг шууд баривчлан шийтгүүлэхийг бодсонд Сүхбаатар, Чойбалсан нар тийм байдалд хүргэсэнгүй, Тогтохыг түр хэрэгт татаж байгаад суллан тавьжээ. “Зоригт баатар” Тогтох 1921 онд Нийслэл хүрээнд хорлогдон нас барсан бөгөөд Ар, Өвөр Монголд аймшиггүй зориг, түргэн шаламгай хөдөлгөөн, хурц сэргэлэн авхаалж самбаа, байлдааныг удирдан зохион байгуулах авъяас чадвараараа аман зохиолын баатар болсон гайхамшигт зүтгэлтэн ийнхүү мөнх бусыг үзүүлжээ” гэсэн байх аж.
Мөн Жирэмийн чуулганы Засагт ван Удай орон нутгийнхаа манж, хятадуудтай хайр найргүй тэмцэлдэж байсаар аргагүй давуу хүчинд дийлдэн “Солон” хэмээх ууланд бүгж байгаад Буйр нуурын хойгуур Халхын нутагт орж ирсэн байдаг. Богд хаант Монгол улсын үед Өвөр Монголд өрнөсөн “Хүйтэн амын тулалдаан” гэгчид Манж, Хятадын үй түмэн хар цэрэг хиарахаас гадна Өвөр Монголын дайчин цогтой олон арван тэмцэгч амь насаа өргөжээ. Ялангуяа цахар цэргүүд олноороо хиарчээ. Өвөр Монголд өрнөсөн үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнийг хүчлэн дарах зорилгоор Бээжингийн засгийн газраас их цэрэг дайчилж Долнуур, Чуулалт хаалга, Хөх хот зэрэг таван замаар халдан довтолжээ. Манж, Хятадын цэргүүд хар хувцастай байсан тул Шилийн голын ардууд тэднийг “Хар цэрэг” гэж нэрлэдэг байж. Богд хааны засгийн газар Өвөр Монголыг хамгаалахаар Оросын хаант улсаас тусламж гуйсан нь бүтэлгүйтсэн тул Халхын нутгаас өөрийн цэргийг Өвөр Монголд илгээжээ. Ингээд л “Хүйтэн амын тулалдаан” эхэлсэн байна. Баруун талаар нь “Алтайн зам” буюу “Гүнж зам”-ыг дагаж “Хатанбаатар” Магсаржавын монгол цэрэг ирж Сөнид хошуу буюу Улаанцавын чуулганы дунд хавиар байрласан бол зүүн талаар буюу Үзэмчиний өмнөд захаар “Шударга баатар” Бавуужавын цэрэг байрлажээ. “Манлай баатар” Дамдинсүрэнгээр толгойлуулсан барга, монгол цэрэг Шулуун хөх хошууны хойд зах “Хар хажуу” хавьд байрласан бол зүүхэнтэй нь Бэйсийн сүм хавьцаа “Ялгуун баатар” Сумъяа бэйсийн цэрэг байрлажээ. Уг цэргийг манай бичгийн хүн Жамъян гүн дагалдан ирж Өвөр Монголоос үй олон ном, судар бичиг цуглуулаад Ар Монголд авчирч байсан сонин түүх бас байдаг юм байна. Богдын цэрэг барагцаалбал гурван мянга орчим, хөтөлгөө морь, винтов, гар буу, пулемёт, үхэр буу зэргээр зэвсэглэсэн бат ар талтай байж. Харин Богдын цэрэгт элссэн Шилийн голын цэргүүд зэвсэгээр ядуувтар, ердөө л ганц нэгхэн цахиур буу, хутга, ташуурхан гартаа атгасан, ямаан дун татаж цуглардаг, ёстой л нэг гөрөөчин, малчин, борчуул байжээ. Манж, Хятадын хар цэргүүд зэвсэг сайтай байсан тул давын өмнө Цахар хошуудыг довтолж хүн ардыг нь алан хядаж, мал хөрөнгийг нь цөлмөн дээрэмдсээр Бэйсийн сүмд тулж ирсэн байна. Энэхүү дайныг Өвөр Монголын түүхэнд “Үхэр жилийн үймээн” гэж тэмдэглэсэн байх аж. Монгол, хятад, цахар хичнээн ч хүний цус урссаныг бүү мэд. Энэхүү дайнд цахар цэргүүдээс гадна Хятадын хар цэргийн хүүр тал дүүрч байсан гэдэг. Хамгийн сүүлд энэхүү үймээн нь “Хүйтэн амын тулалдаан” гэгчээр дуусгавар болжээ.
Дайн эхлэхээс өмнө хошуу нутгийнхаа манж, хятадын эсрэг тэмцэлдэж, тэдний эд баялаг, мал хуйг зон олондоо түгээж “Сайн эр” гэж хүндлэгдэж явсан Зостын чуулганы Мурангаа (Мөрөнгаа) энэхүү дайнд амь үрэгджээ. Богд хаанаас “Шалгарсан баатар” цол хүртэж явсан Мурангаа болон түүний шадар туслах Саранбуу нар дайн эхлэхээс өмнө баян хятадуудын эрлэг байж. Харин эд нар дайны үеэр иймэрхүү үйлдлээ давтан хийгээд зогсохгүй Богд хааны цэргээс урван тэрсэлсэн гэдгээр цаазаар авахуулж байсан эмгэнэл бас бий. Мурангаа нь байлдааны арга ухаанд сайтар боловсорсон хэдий ч шадар туслах Саранбуутайгаа нийлж Богдын цэргийн нэрийг барин ард олны дунд хэтэрхий дураараа аашилдаг байж. Сүүлдээ тэд ард олны нэрийг барьж баячуудаас мөнгө цуглуулдаг болж. Мурангаа, Саранбуу хоёр цогтой тэмцэгч хэмээх нэр алдараа ийнхүү шороотой хутгаж орхисон байна. Мурангааг “Шанд адуучин” хошуунд сууж байсан гадаадын том наймаачидтай хуйвалдан лам овогтнуудаар дамжуулан өөрийн цэргийг Хятадын хар цэрэгт татан оруулахаар завдаж байхад нь Цахар сайд Цорж лам дуудаж ирүүлээд “Олон овоот”-ын цэргийн хуаранд буудан хөнөөсөнөөр Мурангаа, Саранбуу нарын урван тэрслэх үйл ажиллагаа эцэс болжээ. Үүний дараа Цорж лам урвагчдыг хайр найргүй шийтгэж эхэлжээ. Жишээ нь тэр Мурангаа, Саранбуу нарын хамсаатан Амбан Хаван гэгчийг бүх малаар нь торгоод шоронд хорьсон ч тэрбээр шоронгийн ая даалгүй нас барсан байна. Амбан Хавангийн хүргэн Сүнбүрүү гэгч аргаа барахдаа эхнэр хүүхдээ орхиод үүргэвч үүрэн тэнүүчилсээр Ар Монголын Хамарын хийдэд хүрч номтой ламын дэмжлэгээр хуварга болжээ. Гэвч тэр хийдэд дасч өгсөнгүй. Тиймээс тэр багшдаа үнэн учраа хэлээд үүргэвч жодгор, өндөгөн тогоо үүрээд бадарчин болж энэ тэнүүгээр хэрэн тэнэх болжээ. Цорж лам ийнхүү урвагчидтай хатуу тэмцэл хийсэн ч эцэст нь өөрөө Хятадын хар цэргүүдийн урхинд орж хэрцгийгээр тамлуулж үхсэн гэдэг. Түүнийг ийнхүү хороосны дараа олныг хамарсан цэвэрлэгээний егүүтгэл эхэлсэн бөгөөд Хятадын хар цэргүүд хамгийн түрүүнд Цахарын дайчин цогтой тэмцэгч Мөдөө ванг хоёр дүүтэй нь цуг баривчлаад гурвууланг нь цаазлан хороожээ. Цахар, Халх, Өвөр Монгол, Хятадын хар цэрэг тал талаасаа оролцсон “Хүйтэн амын тулалдаан” гэгч нь ингэж нэг юм дуусгавар болсон байна. Тэгэхдээ энэхүү тулалдаанаас Мурангаа, Саранбуу нар шиг нэр алдараа шороотой хутгалгүйгээр цэвэр авч гарсан хүн олон бий.
Жишээ нь Горлосын Санжаа байна. Анхандаа энэ хүн “Цахиур” Төмөр аятай ганцаараа тэмцэж, хээрээр гэр, хэцээр дэр хийж явсан бол сүүлдээ Цахар цэргийн захирагч болж ард олондоо “Баатар” Санжаа гэж хүндлэгдэх болжээ. Горлосын Санжаа гэрт сууж байхдаа толгой нь ханын эрсээр татдаг, тийм л үлэмж биетэй хүн байж. Энэ эр тулалдаанд орохдоо бугын арьсан хуяг өмсөөд хар цэргийн морьт хэсэг рүү уулгалан дайрдаг байжээ. Санжаа баатар морьтой хар цэргийг арав арваар нь хөөгөөд ирдэг, цэргүүд нь тэдний буу зэвсгийг хураагаад олзолж авдаг байсан тухай халх цэргийн бичээч асан Жамьянсүрэн дурссан нь бий. Учир нь Санжаа сэлэм эргүүлэхдээ онцгой сайн, тэгэхдээ дайсныхаа барьсан зэвсэгийг хөсөр хаяулж чаддаг, тиймдээ ч ганц дайчин Санжаад Хятадын хар цэргүүд арав арваараа хонь мал шиг туугдаад ирдэг байж л дээ. Түүний цахар цэргээ удирдан дайтсан хамгийн том тулаан нь Үзэмчин хошууны Хаянхярваа сүмийг хятад цэргээс чөлөөлөх тулалдаан байсан бөгөөд энд 600 орчим цахар цэрэг сайтар зэвсэглэсэн 2000 гаруй хар цэрэгтэй тулгарчээ. Ийм тэнцвэргүй хүчний эсрэг Горлосын Санжаа уран арга сэдэж байлдааны талбар луу олон зуун тэмээ хөөн оруулжээ. Үүний улмаас Хятадын хар цэргүүд хөл толгойгоо алдан үймэлдэж, энэ хооронд нь гинжин эгнээгээр давшсан цахар цэргүүд тэднийг толгой дараалан хядаж орхисон гэдэг. Энэ нь Өвөр Монголын түүхэнд домог болон үлджээ. Горлосын баатар зоригт “Сайн эр” Санжаа 1912 оны өвөл “Хатанбаатар” Магсаржавтай цуг Ар Монгол руу одоод төрсөн нутагтаа эргэж ирээгүй тухай өвөрлөгч нар хуучилсан юм.
Мөн Зуун-Уд чуулганы баруун Баарин хошууны Шагдар “Солиот”-ыг өвөрмонголчууд Манж, Хятад, баяд, ноёдын эсрэг чадах ядахаараа тэмцэж явсан “Сайн эр” гэж дүгнэдэг юм байна. Шагдар “Солиот” нь хошуу тамгын газрын хар гэрт сайн эрчүүлтэй цуг нэг бус удаа хоригдож байжээ. Гэхдээ Шагдар голдуу үг хэл, үзэл санаагаараа баяд ноёдтой тэмцэлддэг байсан бөгөөд энэ утгаараа тэрбээр сайн эрчүүлд хандаж “Та нар хүч бяраараа тэмцэж адуу малыг нь хөө. Харин би үг хэлээрээ тэмцэж ахуй санааг нь хөөе. Зоосны хятад, манж нартай тэмцэхэд зорилго нэг, зовлого нэг шүү” гэж уриалдаг байжээ. Тийм ч учраас нутгийнхаа ард олны дунд “Солиот”, “Сайн эр” гэж алдаршсан байна. Тэрбээр Манжийн он тооллын Бүрэн засагчийн наймдугаар он буюу 1869 онд Өвөр Монголын Зуун-Уд чуулганы баруун Баарин хошуунд ядуу малчин Дэчинрашийн гэрт төржээ. Багаасаа хурц ухаалаг, аливаа юмны учир шалтгааныг ухаж олох гэж мэрийдэг байсан түүнийг эцэг нь эрдэм номтой хүн болгох гэж долоон наснаас нь Гилбэрзууд шавилан суулгажээ. Энд арав гаруй жил суралцахдаа үеийнхэн дундаа ам хэл хурц, номтой сэргэлэнд тооцогдож, улмаар түүний бэлэн цэцэн үг баяд ноёдын сонорт хүрч тэдний уур ундууцлыг төрүүлэх болжээ. Шагдарыг гучаад настай байх үед буюу 1900-гаад оны үеэс нутаг орных нь баяд ноёд ганган хээнцэр орд харш бариулж, улмаар архи дарсанд мансууран, дарлал мөлжлөгөө ихэсгэснээр ард түмний дунд албан татвар хүндэрч, амбас ноёдын зээл, өртөө улааны дарамт, цаг бусын гувчуур нуруун дээр нь бууж доройтохын сацуу хот, хөдөөгүй гуйлгачин, тэнүүлчид олшроод ирсэн байна. Тиймээс Шагдар энэ байдлыг ажиглаж мэдээд,
“Өнөө цагийн зовлонг
Үзээд хараад барахгүй
Тайж нь тахиа гүйцэхээ больж
Ноёд нь нохой гүйцэхээ болих цаг ирнэ вий” гэж элэг доог болгожээ. Нээрээ ч баруун Баарин хошууны ноёд түшмэд Манж, Хятадын булаан эзлэгчдэд эх нутгийнхаа баялаг, иргэн олныхоо хөлс хөдөлмөрөөр олсон эд агуурсыг хэргэм цолоор худалдах явдал бишгүй гарах болжээ. Жишээ нь Баарин хошууны Загар ван Ичинноров гүн, Хапунгаа захирагч нар 1907 онд ус бэлчээр өгөөмөр тэгш Улиастын гурван хөндийг “Чин улсын атар эзэмших бүлгэм” гэгчид дөрвөн түмэн лангаар худалдаж, нутгийн идээшиж дассан ард иргэдийг элсэн манхан руу хөөж нүүлгэжээ. Сүүлдээ бүр даамжирч Чонотын гурван хөндий, Буурын гурван хөндий гэх газрыг манж нарт худалдсан байна. Энэ бүхэн нь Шагдарын жигшил зэвүүцлийг төрүүлсэнээр эх нутаг, элгэн садныхаа төлөө чадах чинээгээрээ тэмцэх хэрэгтэй болжээ. Гэхдээ түүний тэмцэх зэвсэг нь элэглэл, дооглол, хошигнол байлаа.
“Өнгө, мөнгө хоёр нийлээд
Үнэн үггүй боллоо
Өвөл, хавар хоёр нийлээд
Зун үгүй боллоо” гэх алдарт үгийг зохиосон хүн бол Шагдар “Солиот” юмсанж. Энэхүү дөрвөн мөрт нь Халх Монголын нутагт түгэн тархахдаа, “Хавар, намар хоёрт хавчигдаад, Зун үгүй боллоо, Хадаг, мөнгө хоёрт хавчигдаад, Хууль үгүй боллоо” гэж бага зэрэг өөрчлөгджээ. Шагдар “Солиот нутаг орноо манж нарт худалдсан ноёд түшмэдийг үзэн ядахдаа, “Манай ноёд мөнгөөр хоол хийж, Хүнээр хөлөг хийж, Цусан хурим хийх болов” гэж уулзсан болгондоо ухуулж, үнэний төлөө тэмцэлд ард олноо уриалах болжээ. Тиймээс Шагдарын хошигнолыг хот, хөдөөгүй цээжлэн хүүрнэлдэх болж, улмаар Шагдарыг дагалдан яригчид, тэмцэгчид олширсон байна. Амнаас ам дамжсан дээрхи хошигнолууд сүүлдээ ихэс дээдсийн сонорт хүрсэнээр Шагдарыг Манж Чин улсын хатуу хуулиар эрүүдэн шүүхээр болжээ. Үүнд Шагдар үнэн голоосоо өширхөж,
“Ар нурууг минь ташуурдахаас
Ам хэлийг минь ташуурдах уу?
Бөгсөн биеийг минь гуядахаас
Бодол санааг минь гуядах уу?” гэх зэргээр яргачидаас ам асууж байсан гэдэг. Тэрбээр хүнд зодуур хүлээж олон хоногоор тарчлан хэвтэж байхдаа ч эсэргүүцлээ зогсоосонгүй. Чухам энэ үедээ л баяд ноёдын эсрэг тэмцэж боссон шилийн эрчүүлтэй нэгдэн нягтарч “Та нар хүч бяраараа тэмц, би үг хэлээрээ тэмцэе” гэж учирлаж байсан аж. Түүний зохиосон сургааль үгийг өвөрмонголчууд одоо ч хэлэлцэж суудаг юмсанж. Жишээ нь, “Ноёд дотроо хэрэлдвэл, Төрөө алдахын тэмдэг, Ноход дотроо хэрэлдвэл, Нэгийгээ барихын тэмдэг, Төрхгүй хүнээр төр бүү бариул, Төр эвдэхийн нэмэр, Түшмэлийн хүүхдээр тэрэг бүү хөтлүүл, Тэрэг эвдэхийн нэмэр” гэх сургааль үгийг Шагдар “Солиот” зохиожээ. Өвөр Монголын Шулуун хөвөөт цагаан хошуунд нутагтай, зохиолч Батмөнх 1979 онд “Өнөр цэцэг” сэтгүүлд “Шагдар Солиотын шинэ намтар” хэмээх анхны бүтээлээ хэвлүүлж байсан байна. Манжийн дарангуйллын үед эх орноо худалдагч баяд ноёдтой ил тод тэмцэх нь амь насанд халтай, аюултай зүйл байсан бөгөөд шилийн эрчүүд бол есөн эрүү тулгагдах мэтээр үйл тамаа үздэг байв. Харин Шагдар Солиотын хувьд гэвэл өөрийн үзэл бодлоо ёгт далд, хошин шог үг хэллэг, үйлдэл хөдөлгөөнөөр илэрхийлдэг нэгэн байжээ. Үүнийг бид Бадарчин, Далан худалч, Бэлэн Сэнгэ, Хуульч Сандаг, Шагдар “Солиот”, Цунцуугийн Цагираг нарын зохиол бүтээл, аман домог, хууч ярианаас сайн мэдэх билээ. Харин эдэнд Манжийн эрх баригчид, тэдний гар хөл болсон монгол ноёд “Галзуу”, “Солиот”, “Худалч”, “Муу хулгай”, “Төрийн бөөс” зэрэг нэр хоч өгч ард нийтийн дунд нэр хүндгүй болгох гэж улайрдаг байж. Бэлэн цэцэн шударга шүүмжлэлээрээ мөлжигч ангийнхныг айлгаж, ичээж байсан хүний нэг бол Өвөрлөгч түмний цэцэн билэгт Шагдар “Солиот” мөнөөсөө мөн бөгөөд тэрбээр 1929 онд 60 насандаа тэнгэрт хальсан байна.
ӨВӨРЛӨГЧ ТҮМНИЙ САЙН ЭРЧҮҮДИЙГ НЭХЭН СУРВАЛЖИЛСАН Б.ОЙДОВ
URL: