Хятадад ламын шарилыг алтаар бүржээ

China Mummified Monk
Манай өмнөд хөршид ард олноо хайрлан хүндлэгдсэн, нэр алдартай, увидастай буддын шашны нэгэн ламын шарил нас барснаас нь хойш дөрвөн жилийн дараа алтан хөшөө болон хувирч буй тухай мэдээллийг Дэйли мэйл сонин дамжуулав.
Хятадын зүүн өмнөд этгээдийн Цюаньчжоу хотын уулархаг бүсэд байрлах Чонфу гэх сүмд амьдралынхаа ихэнх цаг хугацааг өнгөрүүлсэн Фу Хоу гэгч лам 2012 онд бурхан болсон байна. Улмаар  сүмийн лам нар бүс нутгийнхаа иргэдэд урам хайрлаж, буддын шашинд чин шударгаар зүтгэж явсан ламын шарилыг занданшуулж, алтаар бүржээ.
Фу Хоу 13 настай байхаасаа сүмд шавилан сууж,  94 насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ. 1919 онд Фушиан мужид тэрээр төрсөн бөгөөд амьд ахуйдаа лам шавь нартаа энэрэл нигүүлсэхүйн ухааныг зааж сургахаас гадна гадаад ертөнцтэй бага холбогдохыг зөвлөдөг тайван дөлгөөн хүн байсан тухай ард иргэд нь одоо дурсч байна.
Фу Хоу өөд болохынхоо өмнө өөрийнх нь шарилыг хадгалахыг даалгажээ. Түүний сүүлчийн хүслийг ч сүмийнхэн  гүйцэлдүүлж, ламын шарилыг занданшуулж, бясалгаж буй байрлалаар том вааранд битүүмжлэн хадгалсан байна. Харин өнгөрөгч нэгдүгээр сард уг савыг нээж, шарилыг нь хатаагаад эдүгээ алтаар бүрж, тахин шүтэхээр болжээ.

Эх сурвалж: www.mminfo.mn


URL:

Сэтгэгдэл бичих