Цагдаагийн оролцоогүйгээр машин ачихыг хуулиар хориглов

3339

УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаан 17 асуудал хэлэлцэхээр товлосон ч мөн ирц бүрдэхгүй гэсэн шалтгаанаар хэлэлцэх асуудлаа бүгдийг нь хэлэлцэж амжсангүй. Үдээс өмнөх хуралдаан 09.00 цагт эхлэх байсан ч 10.50 цагийн үед эхэлж, улмаар УИХ-ын дарга З.Энхболд хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулав.

Харин УИХ-ын гишүүн Г.Уянга Монгол Улсын Ерөнхийлөгч эрх мэдлээ хэтрүүлэн АНУ-ын иргэн, Монголд их хэмжээний хохирол учруулсан “Саусгоби Сэндс” компанийн захирал асан Жастин Каплаг уучилсан шийдвэрийг УИХ-аар нягтлах, энэ асуудал Үндсэн хууль зөрчсөн эсэхийг тодруулах асуудлыг долоо хоногийн өмнө өргөн барьчихаад байхад яагаад хэлэлцэхгүй байгааг тодруулав. УИХ-ын дарга З.Энхболд энэ асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлсэн. Байнгын хорооны дарга А.Бакей шаардлагатай гэвэл оруулж ирэх байх гэсэн хариулт өглөө. Чуулганы өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудалтай холбогдуулан Ц.Нямдорж гишүүн  “Шударга ёс” эвслийн бүлэг Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 05 дугаар дүгнэлттэй холбогдуулан өчигдөр авсан завсарлага нь дууссан эсэх талаар асууж, эвслийн бүлгийг УИХ-ын гишүүн биш хүн удирддаг боллоо гэсэн шүүмжлэл хэлэв. Мөн хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд оруулах горимын санал гаргахад, “Эвслийн бүлэг хуралдаагүй. Ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Асуудлыг хуулийн хугацаанд шийдвэрлэнэ” гэсэн хариуг  УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ өгсөн юм. Тэрбээр, Ц.Нямдорж гишүүнийг намын бүлгийн дотоод асуудалд хэт их оролцож байна хэмээгээд “УИХ-ын сонгуулийн үр дүнд наймаас дээш хүнтэй намыг бүлэгт тооцдог.

Бүлэг даргатай, дэд даргатай. Хэн нэг нь дураараа зогсоодог, завсарлага авдаг юм биш. Намайг өглөө орж ирээд ирцээ бүртгүүлээд гарсны дараа бөгс ухсан зүйл ярьсан байна. Ингэж ярихаа болиоч гишүүд ээ. Бүлэг хуралдаагүй байна. Ажлын хэсэг дээр ажиллаж байна. Аливаа хэлэлцэж байгаа асуудлаар бүлэг завсарлага авах эрхтэй. Бүлгийн дотоод асуудал руу хэн нэг улстөрч, улс төрийн нам оролцох шаардлагагүй. Бүлэг хараахан задарчихаагүй байна. Бид наймуулаа байж байна. Бид хуралдаад хуулийн хугацаанд хариугаа өгнө” гэв.

З.Энхболд дарга бүлгээ яаралтай хуралдуулж асуудлыг хэлэлцэж шийдвэрлэхийг дахин санууллаа. Хуралдаанаар үргэлжлүүлэн Хууль сахиулах тухай болон холбогдох бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн ч ирц бүрдээгүй учраас эхний санал хураалт гишүүдийн дэмжлэгийг авч чадаагүй юм. Хэрэг илрүүлэх гэхээс илүү хүнийг цагдан хорьдог, цагдан хорих төвд тагнаж чагнадаг байдлыг журамлах агуулгатай хуулийн төсөл өөрөө чухал учраас ирц бүрдэхээр хэлэлцье хэмээн үдээс өмнөх хуралдааныг завсарлуулав.

Харин үдээс хойшхи хуралдаанд МАН-аас зургаа, АН-аас 11, ИЗНН-аас нэг гишүүн сууж, гишүүдийн кнопоор “төгөлдөр хуур” тоглов. Гишүүд өглөө ирцдээ орсон учраас үдээс хойшхи хуралдаан тэр ирцээр явж, эдгээр 18 гишүүн бусдынхаа кнопыг дарах үүрэг гүйцэтгэсэн гэхэд болно. Санал дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт тавихдаа, галт зэвсгийг хэн, хэрхэн, ямар нөхцөлд хэрэглэх асуудлыг нарийвчлан тусгаж өгөх нь чухал бөгөөд энэ нь ямар хуулиар зохицуулагдах, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад иргэн хүний эрхийг хамгаалах нөгөө талаас хууль сахиулах байгууллагын ажилтны улс төр, эдийн засаг, эрх зүйн баталгаа, аюулгүй байдлыг тэнцвэртэй хангах  эрхийн асуудал хуулийн төсөлд хэрхэн зохицуулагдсан, хууль сахиулах чиглэлийн хууль журмуудыг нэг стандартад оруулан адилтгаж жигдрүүлсэн эсэх талаар тодруулж асууж хариулт авав.

Мөн машин ачих асуудал нь хууль зөрчиж байгаа асуудал энэ үеэр хөндөгдөж, цагдаагийн оролцоогүйгээр шууд дур мэдэж машин ачдаг асуудлыг хуулиар хориглож өглөө. Мөн хуулийн байгууллага эрүү шүүлтээс ангид байх, хорих ангиуд тагнадаг чагнадаг асуудлыг болиулах зэрэг асуудлыг тусгасан зарчмын зөрүүтэй саналуудыг хураав. Дугаар шилжих мөчид санал хураалт үргэлжилж байсан юм.


URL:

Сэтгэгдэл бичих