Н.Энхбаяр өнгөрсөн борооны хойноос цув нөмрөв гэгч болжээ

3337

МАХН-ын дарга Н.Энхбаяр сонгуульд дангаар оролцоно гэдгээ зарлахдаа МАН-тай эвсээгүйн бурууг өөрсдөдөө биш өрөөлд нялзаахыг оролджээ. Тэрээр сүүлийн үед хийсэн мэдэгдэл бүртээ хоёр намын эвсэж нэгдээгүйн шалтгааныг Ардын намд наах гэж янз бүрийн үг хавчуулах болж. Өчигдөр хэвлэлийн бага хурал дээр “МАН сонгуульд дангаар оролцохоор СЕХ-нд бүртгүүллээ. Үүнээс харахад МАН МАХН-тай эвсэж сонгуульд орох хүсэлгүй байсан нь батлагдлаа” хэмээн матрын нулимс унагах нь тэр.

Дөрөвдүгээр сарын 18-нд МАН-ын Бага хурал, МАХН-ын Бага чуулган хуралдах үеэр эвсэх эсэх асуудалд намууд цэг хатгах учиртай байлаа. Намуудад хуулийн хүрээнд олгогдсон боломжит хугацаа нэг хоёрхон өдрөөр хязгаарлагдаж байв. Бүхэл бүтэн дөрвөн жил улс орныг залуурдаж явах намуудын мөрийн хөтөлбөрийг нэгтгэж нийлүүлэхийн тулд тодорхой цаг хугацаа шаардлагатай. Гэтэл намууд эвсвэл дөрөвдүгээр сарын 20-ноос өмнө эвслийн мөрийн хөтөлбөрөө аудитад хүргүүлж баталгаажуулах ёстойг мэдэхийн дээдээр мэдэж байсан МАХН-ын дарга Н.Энхбаяр болзоот хугацаа хэдийнэ дууссан хойно “Бид эвсэх гэтэл МАН эвссэнгүй” гэсэн мессэж нийгэмд тарааж, хаягдсан өрөвдөлтэй хүний дүр эсгэх болов. Түүний ухуулга яриагаар бол МАХН гэдэг нам эвсэх гээд л өнөөг хүртэл харуулдаж хүлээсэн болж таарах нь. Гэвч энэ сарын эхээр улс төрийн “гал тогоо”-нд болж өнгөрсөн олон үйл явдлаас МАХН ам ажил нь алд дэлэм зөрдөг нам болохыг олон нийт дэндүү сайн мэдэрсэн. Эргэж буцсан, хэлснийхээ эсрэг хийдэг тус намын удирдлагуудаас үнэндээ залхаж, үнэн төрхийг нь таньж мэддэг болсон. Нийгэмд тархсан энэ сөрөг хандлагыг зөөлрүүлэх гэсэндээ МАХН-ын дарга Н.Энхбаяр өнгөрсөн борооны хойноос цув нөмөрч, хохирогчийн дүрд тоглож явна. Уг нь эвсэх саналыг үг үйлдлээрээ баллуурдаж, намын анхан шатны байгууллагын жирийн гишүүд, дэмжигчдийнхээ санал хүсэлтийн эсрэг явсан хүн нь тэр л болоод байна шүү дээ.

Хоёр нам эвсэхдээ тулбал мөрийн хөтөлбөрөө хамтарч боловсруулж гаргах ёстой. Өөрөөр хэлбэл, сонгуулийн мөрийн хөтөлбөрт аль аль намынх нь байр суурь, үзэл бодол, хийх ажил, санал санаачилга шигтгэгдэх учиртай. Үүний тулд МАН-ынхан МАХН-ыг тэвчээртэй хүлээсэн. Бага хурлаа хуралдуулж байх зуур эвсэх эсэх саналдаа албан ёсны хариу өгөөч гээд МАХН-ын даргыг гуйж нэг үзлээ, шахаж шаардаж хүртэл үзлээ. Даанч МАХН-ынхан гэдийж суусаар товлосон хугацааг өнгөрөөснийг олон нийт харлаа, үзлээ.

Ямартай ч Н.Энхбаяр эвсэнэ гэж санал тавьсан Ардын намтайгаа хэл амаа ололцож чадсангүй, эвсэх найдлага тавьж байсан Ногоон намаа Г.Уянга гишүүний шинэ намд алдаж, тогтсон байр суурьгүй эргэж хурган хэдэн “туулай” хөөн явуургүй улс төрөө хийсээр ирэх сонгуультай золгох нь ээ.

Эх сурвалж: Шуурхай.мн


URL:

Сэтгэгдэл бичих