Бүртгэл аудитын хөгжил бидний амьдралд

184026-29042016-1461892011-113607345-2Итгэлт баян “Эрдэм номтой хүнд үзүүлэхэд ч ичмээр дамшиг даа. Дундаа цэгтэй нь хээлтэй гүү, хажуудаа цэгтэй нь унагатай гүү” хэмээн Эрдэнэд өөрийн данс тооцоог хөтөлдөг хар ухаанаа танилцуулдаг. “Тунгалаг Тамир” киноны энэ хэсэг монголчууд бичиг үсэггүй ч нягт нямбай бүртгэл тооцоотой байсныг илтгэнэ.

Ямар ч улс хүн ам, өмч хөрөнгөө бүртгэдэг. Манай улсын хувьд регистрийн дугаартай болсноос хойш хүн амын бүртгэл боловсронгуй болсон. Түүнээс биш манайх хүн амаа эрт дээр үеэс бүртгэж ирсэн уламжлалтай ард түмэн. Тэр байтугай малын тоо толгой, түүн дотроо адуу, эр малын бүртгэлийг маш сайн хийдэг байжээ. Энэ мэтээр манай улсын бүртгэл тооцооны түүх цааш үргэлжилнэ.

Харин орчин үед Монгол Улсын бүртгэл тооцооны систем яаж хөгжиж байна вэ. Ялангуяа 1990-ээд оноос хойш эдийн засаг хувийн хэвшил рүү шилжиж, тэд ДНБ-ий 80 хувийг бий болгож байгаа. Тиймээс энэ салбарт бий болж буй ажил, үйлчилгээ, орлого бүртгэгдэж, зөв гарч ирэх хэрэгтэй. Энэ нь нийгэм, улс төрийн ач холбогдолтой төдийгүй татварын орлого, даатгалдаа нөлөөлнө.

ТОГЛООМЫН ДҮРЭМГҮЙ 60 ХУВЬ

Энэ оны хоёрдугаар сарын 20 бол онцгой өдөр байлаа. Энэ өдөр Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль хэрэгжиж дууссан. Гэтэл үүний дараа 35 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний ажил, үйлчилгээ, орлого ил болж гарч ирсэн юм. 33 мянган компани үүнд хамрагдсан гэж байгаа. Гэтэл улсын үндсэн төсөв 6.9 их наяд төгрөг байгаа шүү дээ. Үүнээс бараг тав дахин их тоо байгаа биз.

Манай улсын өнгөрсөн жилийн ДНБ 23 их наяд төгрөг. Үүнээс бараг 150 хувиар илүү мөнгөөр үнэлэгдэх ажил, үйлчилгээ, орлого гарч ирлээ. Энэ нь юуг харуулж байна вэ гэвэл манай улс эдийн засгийн нийт хэмжээнийхээ ердөө 40 хувийг л бүртгэж, хянаж байжээ. Тэнд төрийн хуулиуд буюу бидний тоглоомын дүрэм үйлчилж байсан. Үлдсэн 60 хувь нь ямар ч бүртгэлгүй. Орлого нь бүртгэлгүй учраас тэндээс татвар авдаггүй байсан гэсэн үг.

Бид одоо энэ асуудлаа томоор нь харж чадсан учраас улсын хэмжээний бүртгэлийн ажлыг дахин сайжруулах асуудал нэн чухал байна гэдгийг судлаачид хэлж байна. Эндээсээ статистик дүнгүүд, макро эдийн засгийн бүх үзүүлэлт өөрчлөгдөхөөр байгаа юм. Үүнийгээ дагаад улс төрийн шийдвэрүүд гарна. Монгол Улсад эргэлдэж байгаа үйл ажиллагаа болгон эдийн засгийн нэг хэлбэр. Бид үүнийгээ бүртгэж, бүртгэлээрээ дамжуулан татвар төлөх ёстой.

ДНБ-ийг 23 их наяд гэхэд итгэх хүн байгаагүй. Гэтэл одоо энэ тоо 40-50 их наяд руу очих магадлалтай гэж эдийн засагчид тооцоолж байна. Учир нь одоо бүртгэлгүй байсан зүйлүүд бүртгэлтэй болно. НӨАТ-ын зөв систем, тухайлбал өнгөрсөн гурван сарын статистикийг авч магадалбал бид одоо нэлээд хэдэн их наядтай улс гэдэг нь тодорхой болохоор байгаа аж.

Нөгөөтэйгүүр, нийт зах зээлийнхээ 60 хувийг мэдэхгүй. Энэ өмч хөрөнгөө бүртгэхгүй байх нь нийгэмд сөрөг үр дагавар ихтэй. Бүртгэл төрийнхөө хараа хяналтад 80-90 хувь нь байвал сайн гэнэ. Дэлхий дээр 10-15 хувь нь бүртгэлгүй явдаг. Энэ хэмжээг хэтрүүлбэл нийгэмд дүрэмгүй тоглолтууд гарч ирдэг аж. Гэтэл манай улсын эдийн засгийн 60 хувь нь энэ хэсэгт хамаарагдаж байна шүү дээ. Үүнийгээ л харж засъя гэж байгаа юм.

САНХҮҮГИЙН БҮРТГЭЛ БОЛ ҮНЭ ЦЭНЭТЭЙ БИЗНЕС ЮМ

Энэ их мөнгийг нуухдаа нягтлан бодох бүртгэл, НӨАТ-ын хуурамч тайлан хоёроор л халхавч хийсэн. Өнөөдөр манай улсад 23 мянган нягтлан бодогч үйл ажиллагаа явуулж байгаа. Тэдний 20 гаруй мянга нь хуурамч тайлан гаргаж байжээ. Гэтэл энэхүү хуурамч тайлангаас болж манай улсын бүх статистик мэдээ буруу гарсан. Дээрээс нь чөлөөт зах зээлд цэврээр өрсөлдөх боломжгүй болж, орлогоо нуудаг этгээдүүд давамгайлж байна. Энэ нь хар зах зээл, авилга, хээл хахуулийн эх үүсвэр болдог.

Нөгөөтэйгүүр, манай улсын 95 мянган компани ашиг орлого багатай, 1-9 хүнтэй. Гэхдээ ажлын байр бий болгодог. Ийм газар нягтлан, тэгээд аудит байгааг цэгцлэх хэрэгтэй гэж зарим нь үзэж байна. Харин үүнийхээ оронд татвар, санхүүгийн аудитын компаниудыг бий болгож, хувь хүн, жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийн санхүүгийн тайланг гаргаж өгвөл ямар вэ.

Ингэвэл урьдчилсан тооцоогоор 400 компани байгуулагдаж, тодорхой хэмжээний хөлсөөр санхүүгийн тайлан гаргаж, түүнд нь аудит хийнэ. Татварынхан тэр 400 компанитай л ажиллана. Түүнээс биш бизнес эрхэлж буй хүн болгонтой тулахгүй. Санхүү, бүртгэлийн хялбаршуулсан энэ систем манайд орж ирснээр бизнес хийх таатай орчин бүрдэх аж.

Шинээр ийм 400 компани төрүүлснээр Монгол Улс Төв Азийн санхүүгийн төв болох бүрэн боломжтой. Яагаад гэвэл, манай улс маш бага татвартай. Харин одоо татварын үйл ажиллагаагаа сайжруулж, шинэ компаниудаа гаргаж ирвэл Монголын бизнес эрхлэгчдээс гадна Сибирийн болон өмнөд хөршийн хил залгаа нутгийн компаниуд санхүүгийн ажиллагаагаа манай улсад ирж хийнэ. Аль ч улсын бизнес эрхлэгчид татварын дарамт багатай газрыг л хайж явдаг.

Манай улсад 2000 оноос хойш сургууль төгссөн 45 мянган нягтлан бий. Энэ хүчийг бүрэн ашиглаж чадвал бидэнд шал өөр бизнесийн боломж гарч ирэхээр байна. Гэтэл одоо ажиллаж байгаа 23 мянган нягтлангийн дийлэнх нь хуурамч тайлан гаргаж, тэр их цаас хог болжээ. Энэ 23 мянган хүний оюуны хөдөлмөр ч хог дээр үсэрч байгаа юм.

Гэтэл үүнийг ингэж хэнд ч хэрэггүй хог болгох биш харин үнэ цэнэтэй бизнес болгох боломж бидэнд байна. Санхүүгийн бүртгэл бол мэргэжлийн ажил, төлбөртэй бизнес байдаг. Тиймээс дэлхийн жишгээр энэ загвар руу нь оруулж ирэх хэрэгтэй гэдэгтэй санал нийлэх хүн олон бий. Япон, Солонгос, Америк гээд өнөөдөр дэлхийн хаа сайгүй л ийм загвараар ажиллаж байна.

Г.Ганчимэг

Зууны мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих