“ТВ Коктель” хамтлагийн жүжигчин Н.Цэнд-Аюуш

“Мөнгөний гахай” романтик инээдмийн киногоо өлгийдөж аваад байгаа “ТВ Коктель” хамтлагийн жүжигчин А.Цэнд-Аюушийг MY WORLD буландаа урилаа.  Цаанаа л нэг хөгжилтэй, хайр татсан жүжигчин бүсгүйн байр байдал, яриа хөөрөөнөөс үл ялигхан эршүүд зан үе үе цухалзах. Аюуш голдуу эрчүүдтэй найзалдаг болохоор ч тэр байж мэднэ. Юутай ч түүнд үерхэлдээ үнэнч, найз байхын мөн чанарыг бүрэн утгаар нь илэрхийлдэг учраас эрчүүдийн нөхөрлөлөөр бахархаж, хүндэтгэж явдаг гэсэн. Ер нь Аюушийн ертөнцийг найз нөхөдгүйгээр төсөөлөхөд бэрх. Түүний амьдралдаа баримталдаг гол зарчим нь хүмүүстэй найрсаг сайхан харьцаж, сайхан найз нөхөдтэй явах. Танилтай бол талын чинээ гэдэг дээ. Ийм л нөхөрсөг найзархаг бүсгүйн дотоод ертөнцийг та бүхний өмнө нээж байна.

-Ер нь “гоё ш дээ”, “сүртэй ш дээ”, “найз аа” гэдэг үгүүдийг байнга хэрэглэдэг. Ажлын шугамаар хамт хэд хоног ажилласан хүмүүс надтай адил “найз аа, найз аа” гэдэг болчихдог. Надад байхгүй чанар өөр хүнд байгаад суралцмаар санагдсан үедээ “яасан мундаг юм бэ” гэдэг.
-Хэрвээ би эр хүн байсан бол чанартай л эр хүн байх байсан. Тууштай, ноён нуруутай. Эрэгтэй хүнийг энэ талаар нь илүү үнэлдэг учраас.
-Ажлынхаа зав чөлөөгөөр найз нөхөдтэйгээ уулзаж ярьж суух, хотоос гараад агаар салхинд явах, гэр бүлтэйгээ хамт байх хамгийн сайхан амралт болдог доо.


-Хаа ч явсан биеэсээ салгадаггүй хамгийн дотны найз, эд зүйл маань гар утас. Утасгүй байхаар дотны найз маань байхгүй юм шиг нэг л эвгүй байдаг.
-Хуучны дуунуудад их дуртай. Сараа эгчийн “Аргагүй амраг” цомог ч юм уу, Rod Stewart-ийн дуунуудыг нь сонсохоор өөр ертөнцөд байгаа юм шиг санагддаг.
-Мэргэжлээ дагаад янз бүрийн аксессуар, өөрийнхөө ажилд дараа хэрэг болох болов уу гэсэн сонин өнгө, стильтэй хувцас, парик гэх мэт зүйлс цуглуулдаг.
-Эрүүл мэнд, гоо сайхан, биеийн харьцаандаа анхаарал тавих үүднээс гүйх дуртай. Үзэх дуртай спорт гэвэл үндэсний бөх, чөлөөт бөх, хөнгөн атлетик, бокс үзэх дуртай.

-Гэгээлэг хайрын тухай инээдмийн драм, романтик кинонд дуртай.
-Үлгэрийн номноос уйддаггүй. Багадаа уншиж байсан номнуудаа одоо ч эргүүлээд л уншдаг. Бас амжилтанд хүрсэн хүмүүсийн дурдатгал, түүх унших дуртай.
-Хүн төрсөн жилтэйгээ адилхан байдаг гэдэг. Би жил шигээ их хөдөлгөөнтэй, сахилгагүй, хурдан гавшгай, саваагүй амьтан байх байсан байх. /сармагчин/
-Мөрөөдөх сайхаан. Ажил мэргэжилдээ амжилттай байж, олон түмэндээ хүндлэгдсэн уран бүтээлч болохыг хүсдэг.  Яг одоо хамгийн ихээр хүсч байгаа зүйл бол сайхан ханьтай учрах юмсан гэдэг хүсэл.

-Шүтдэг жүжигчин гэвэл Г.Гомбосүрэн, Т.Цэвээнжав гуай нар. Тоглосон кино, жүжгийг нь үзэх болгондоо хайр, хүндлэл төрдөг.
-Нохойнд их хайртай. Пит, овчарка тэжээж байсан.


-Олон жүжигчний адил түүхэн дүр бүтээх юмсан гэж боддог. Гэхдээ түүхэн дүр гэхээр хүмүүс нэг их айхтар хатны дүр юм уу, гоё сайхан баатарлаг эмэгтэй гэж боддог байх. Миний хувьд түүх л бол түүх.
-Шоколад, зайрмагт нугасгүй.  Бас надад тараг уухгүй нэг ч өдөр байдаггүй.


-Найзууд гэвэл хамтлагийн хоёроос маань гадна гавъяат тамирчин Б.Наранбаатар, Э.Бадар-Ууган гээд спортын олон сайхан найз бий. Б.Наранбаатараар дамжуулж спортынхонтой танилцаж нөхөрлөсөн. Салбарынхан гэвэл олон найз бий.
Ц.Бадмаараг

up town


URL:

Сэтгэгдэл бичих