Хорин долларын мөнгөн дэвсгэртийн нүүрэн талын зургийг өөрчилнө
АНУ-ын үндэсний мөнгөн тэмдэгт долларын 20-тын дэвсгэрийн нүүрэн талд хар арьстнуудын эрхийн төлөө тэмцэгч хэмээн түүхэнд мөнхөрсөн Харриет Табмен гэх эмэгтэйн хөргийг байрлуулахаар болжээ. Эрх чөлөөний орон гэгддэг АНУ-ын түүхэнд хар толбо болон үлдсэн боолчлол, хүйсийн тэгш бус байдлын асуудлыг тус улсын мөнгөн тэмдэгтүүд дээрх төлөөллөөс өнөөдөр ч харж болох юм.
Иймээс АНУ-ын иргэд цахимаар дуу хоолойгоо нэгтгэж, мөнгөн тэмдэгтдээ шинэчлэл хийх уриалга гаргасан нь эрх баригчдын сонорт хүрсэн байна. Эдүгээ АНУ-ын 20 долларын дэвсгэрт дээр тус улсын 7 дахь ерөнхийлөгч, боол эзэмшигч гэдгээрээ зартай байсан Эндрю Жексоны зураг байдаг. Тэгвэл түүний зургийг боолчлолыг эцэслэхийн төлөө тэмцэгч байсан хар арьст эмэгтэй Харриет Табмены зургаар сольж, оронд нь Эндрю Жексоны зураг тус мөнгөн тэмдэгтийн ард талд байршихаар болжээ. АНУ-ын Сангийн яам удаан яригдсан энэ асуудал албан ёсоор шийдвэрлэгдсэн болохыг зарласан байна.
Ажиглагчид Табмены амьдралын замналыг Америкийн ардчиллын амин чухал түүхийн нэг хэсэг, хувь хүн нийгэмд өөрчлөлт авчрахад ямар их үүрэг гүйцэтгэж болохын тод жишээ гэж үнэлдэг байна. 20 доллар дээр Харриет Табмены зураг хэвлэгдсэнээр АНУ нийгэм дэх эмэгтэйчүүдийн болон үндэсний цөөнхийн эрх, үүрэг оролцоог тунхаглаж байгаа хэрэг гэж мэргэжилтнүүд ам сайтай байна.
Харин 10 долларын дэвсгэртийн нүүрэн талд АНУ-ыг үүсгэн байгуулагчдын нэг Александр Хамильтоны зураг хэвээр үлдэж, хойд талд нь эмэгтэйчүүдийн санал өгөх эрхийн төлөө тэмцэгч Сюзьен Энтони, Элизабет Кэди Стэнтон, Сожорнер Трут нарын зургийг байрлуулахаар болжээ. Нүүрэн талдаа Абрахам Линкольны зурагтай 5 долларын дэвсгэрийн хойд хэсэгт иргэний эрхийн хөдөлгөөнийг төлөөлүүлж Мартин Лютер Кинг, Элеонор Рузвельт, хар арьст дуурийн дуучин Мариан Андерсоны зургийг хэвлэх юм байна.
MNB.MN
URL: