МАХН аль ч намтай эвсэхгүй
МАХН-ын дарга Н.Энхбаяр өнөөдөр Төрийн ордонд хэвлэлийн бага хурал хийлээ. Улс төрийн намууд сонгуульд ямар хэлбэрээр оролцох эсэхээ шийдэх хуулийн хугацаа дуусгавар болж байгаа тул МАХН шийдвэрээ эцэслэн гаргажээ. Тус нам өмнө нь МАН-тай эвсэх тухай яриа хэлэлцээ хийсэн боловч МАН дангаараа оролцох шийдвэр гаргаж, Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлжээ. Иймд МАН-тай эвсэх тухай хэлэлцээг эцэслэсэн байна. Тус нам анхнаасаа МАХН-тай эвсэх хүсэлгүй байсан гэж МАХН-ын дарга Н.Энхбаяр онцлов.
Мөн МАХН өмнө нь Монголын ногоон намтай эвсэх тухай ярьж байсан ч МНН Тусгаар тогтнол, эв нэгдлийн намынхантай уулзаж, намынхаа тамгыг хураалгасан гэнэ. Иймд Монголын ногоон намтай яриа хэлэлцээ хийх шаардлагагүй гэж үзжээ.
Харин ИЗНН-аас тус намд эвсэх санал хүргүүлж, яриа хэлэлцээ хийх Ажлын хэсгийг намын дарга Ц.Ганхуягаар ахлуулан байгуулсан. Гэвч ИЗНН гурван даргатай бөгөөд С.Оюун, С.Дэмбэрэл нар нь өөр саналтай байсан гэнэ. Тэд Ардчилсан намтай нэгдэх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн тул ИЗНН-аас ирүүлсэн саналд цэг тавьжээ. МАХН-ын дарга Н.Энхбаяр, ИЗНН-ын дарга С.Оюун нар өчигдөр үдээс хойш уулзаж эвслийн талаар санал солилцсон юм байна.
Ингээд өчигдөр орой МАХН-ын Бага чуулган хуралдаж 2016 оны УИХ-ын сонгуульд аль ч намтай эвсэхгүй, дангаараа оролцох шийдвэр гаргажээ.
Энд онцлоход одоогоор МАХН-МҮАН-ын “Шударга ёс”эвсэл УИХ-д бүлэгтэй. Өнгөрсөн сонгуульд тус хоёр нам эвсэж оролцсон. Гэвч энэ удаад тусдаа оролцохоор болсон гэнэ. Учир нь МҮАН-ынхан өнгөрсөн хоёрдугаар сард хуралдаж 2016 оны сонгуульд “Шударга ёс” эвслийн одоогийн бүтцийг хадгалах бололцоогүй гэж үзжээ.
М.ГАН /ЗУУНЫ МЭДЭЭ/
URL: