ЗӨВ БОЛОМЖ НЭРТЭЙ “БУРУУ ЗУУЧЛАЛ”-ЫН АРД ХЭН БАЙНА ВЭ?
Эх орны зүүн хязгаар Тамсагийн талаас газрын тос гадагш урссаар, баялгийн эзэн Монгол орон дэлхийн жишигтэй харьцуулахад өчүүхэн бага хувь хүртсээр олон жилийг ардаа орхижээ. Газрын тос орон нутагтаа ямар ч өгөөж хүртээлгүйгээр үл барам тэнд ажиллаж буй орон нутгийн олон зуун иргэдийн хүч хөдөлмөр үнэгүйдэж, хэт хүнд нөхцөлд өчүүхэн бага цалин хөлстөйгөөр ажиллаж, өдөр хоногийг өнгөрөөж байна.
Газрын тосны “Петро чайна дачин тамсаг” ХХК-д туслан гүйцэтгэгч компаниудад өдгөө 700 гаруй Монгол иргэн хятадуудын хамаг хар бор ажлыг нугалж буй. Газрын тосны ажилд эдгээр иргэдийг 2012 оноос хойш зуучилсан “Зөв боломж” гэх компани монополь байдалтай бөгөөд ажилчдад ногдох цалин хөлсний дийлэнхийг суутган авч, иргэдийг хохироосоор иржээ.
Өнгөрсөн жил тус компаниар ажилд зуучлуулсан нэг иргэн сард дунджаар 570 мянган төгрөгийн цалин авч байв. Гэтэл “Петро чайна” нэг хүний цалинг 1000 орчим доллараар бодож зуучлагч компанидаа олгодог байжээ. Энэ нь тухайн үеийн ханшаар 1,5 сая орчим төгрөг. Газрын тосны ажилд зуучлуулсан Монгол иргэдийн ярьснаар “Зөв боломж”-ийнхон нэг хүний цалинг “Петро чайна”-гаас 2013 онд 834 доллараар бодож авсныхаа 175-200 орчим доллар буюу 350 мянган төгрөгийг ажилчиддаа олгож байв. 2014 онд цалин бага зэрэг өссөн ч дийлэнхийг суутгасан хэвээр. Өөрөөр хэлбэл Монголчуудын гар дээр очих ёстой цалин хөлсний 60-65 орчим хувь нь зуучлагч компанийн дансанд үлддэг гэсэн үг.
“Зөв боломж” ХХК-ийнхан, бид та нарын цалин хөлснөөс гадна орон байр, ус, тог, хөдөлмөр аюулгүй ажиллагааны зардлыг хариуцаж байгаа хэмээн тайлбарладаг байна. Гэтэл хээрийн нөхцөлд ажилладаг эдгээр иргэдийн ажил, амралтын нөхцөл туйлын хүнд. Өдөржин тос, цемент, тоос тортогтой зууралдаж байгаад ирсэн ажилчид усанд орох тухай санах ч хэрэггүй. Тэр ч байтугай ундны ус хомсдолтой, усаа холоос зөөдөг бөгөөд гүний худаг тавьж өгнө гэсээр хоёр жил өнгөрчээ.
Гэр орноосоо хол газар 28-аас дээш хоногийн хугацаагаар ажиллаж амьдарч буй тэд дулаалга, галлагаагүй, хуучирч муудсан Монгол гэрт тамтаг болсон нааран орон дээр чихэлдэж хоног төөрүүлдэг. Хоол хүнсний хангамж муу учраас ихэвчлэн өлөн зэлмүүн өдрийг өнгөрүүлдэг байна. Ажилчдын хүнсийг 15 хоногоор нийлүүлдэг ч эхний 10 хоногт хүрэлгүй дуусчихдаг. Хүнд хөдөлмөр эрхэлж буй тэд хоол хүрэлцэхгүй байна гэж няравтаа хандахаар “Дээрээс өгсөн хоол нь энэ. Өөрсдөө хоол ундаа зохицуулж чадахгүй бол хятадуудаас хулгай хийгээд өл залгахгүй юу” хэмээн тавладаг тухай нэг бус ажилчин ярьж байлаа. Энэ мэт асуудал, санал шүүмжлэлээ компанийн удирдлагуудад хэлэхэд “Та ажлаасаа гарч болно. Ард чинь ажилд орох олон хүн хүлээж байна” гэх зэргээр дарамталдаг гэнэ.
Түүнчлэн 100 км тутамд хөдөлмөр аюулгүй ажиллагааны нэг инженер, нэг эмч тус тус томилон ажиллуулдаг нь учир дутагдалтай. Өглөө ажилдаа гарах гэж буй ажилчин хэдэн арван км туулан очиж инженертэй уулзаад, аюулгүй ажиллагааны зааварчилгаа авч буцна гэж байхгүй. Иймээс ямар нэг осол гэмтэлд өртлөө гэхэд “Петро чайна”, “Зөв боломж” ХХК-иудын хэн нь ч хариуцлага хүлээхгүй. Учир нь та хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны заавартай танилцаж гарын үсэг зураагүй байна шүү дээ гээд хариуцлагаас бултдаг аж. Энэ асуудлаар Дорнод аймгийн Хөдөлмөрийн хэлтэс, Татвар, Мэргэжлийн хяналт, Цагдаагийнхан удаа дараа акт тавьж байсан ч үр дүнд хүрээгүй байна. “Зөв боломж” хэмээх буруу зуучлалтай холбоотой элдэв маргаан будлиан энэ мэтээр цааш хөвөрнө.
“Петро чайна дачин тамсаг” ХХК-д туслан гүйцэтгэгчийн гэрээ бүхий дотоодын 19 аж ахуйн нэгж бий. Тэдний цор ганц нь л Дорнод аймагт бүртгэлтэй, татвар төлбөрийг орон нутагтаа төвлөрүүлдэг гэнэ.
“Зөв боломж” ХХК-ийн хувьд Улаанбаатарт оффистой, Нийслэлийн Баянгол дүүрэгт харъяалагддаг. Эл компанийг Ардчилсан намаас угшилтай, Увс аймгаас гаралтай хүмүүс голдуу удирдан ажиллуулдаг гэх мэдээлэл бий. Гэтэл зуучлалын үйлчилгээ авч, хөдөлмөр эрхлэгчдийн дийлэнх нь Дорнод аймгийн иргэд. “Зөв боломж”-ийнхон ажилчиддаа насны хязгаар тогтоож 45 хүрсэн Дорнод аймгийн иргэдийн гэрээг цуцалсан атлаа Увс, Ховд аймгаас ирсэн өндөр настнуудад ялгавартай хандаж ажиллуулсаар ирсэн тухай ч гомдол санал гарч байжээ.
Орон нутгийнхан газрын тосны хөдөлмөр зуучлалд үүссэн энэхүү монополь байдлыг арилгаж, зах зээлийн чөлөөт өрсөлдөөн бий болгохыг л хүсч буй. Хөдөлмөр зуучлалд зөвхөн “Зөв боломж”-ийг оруулна гэсэн хатуу гэрээ, хэлцэл огт байхгүй тул сонголттой болгож өгөөч гэсэн хүсэлтийг өнгөрсөн хугацаанд аймгийн удирдлага, УИХ-ын гишүүд, ажил хайгч иргэд болон хөдөлмөр зуучлалын биржүүд холбогдох дээд газруудад удаа дараа уламжилсаар иржээ. Дорнодчуудад Хөдөлмөрийн яам, Уул уурхайн яам, Газрын тосны газар, “Петро чайна дачин тамсаг” ХХК, улс төрчид гээд энэ талаар зүй ёсны шаардлага, санал хүсэлтээ тавьж, уулзаж хөөцөлдөөгүй газар, албан тушаалтан үлдсэнгүй. Харамсалтай нь жилийн жилд “Петро чайна дачин тамсаг” ХХК-тай хөдөлмөр зуучлалын гэрээ сунгах болгонд “Зөв боломж” ХХК ямар нэгэн аргаар монополь эрхээ хадгалсаар өдийг хүрсэн байх юм.
Хятадын компанид үйлчилгээ үзүүлэгч Монгол аж ахуйн нэгж Монголчуудынхаа эрх ашгийг ноцтой зөрчин, уландаа гишгэсээр ирсэн эл бусармаг явдал хэзээ төгсгөл болох вэ гэж Дорнодынхон аргаа барж байна. “Зөв боломж” нэртэй буруу зуучлалын ард нуугдаж буй эрх мэдэлтнүүдийн эрх ашгийн золиосонд олон зуун Монгол ажилчид, тэдний цаана буй ар гэрийн олон мянган иргэд хохирсоор…
Д.Ганболд /DORNOD.INFO/
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
харин энэ асуудал бол улс төр, ажил хэрэгч хүмүүс, хууль сахиулах байгууллага, үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хараа хяналтаас гадуур маш олон жил явагдлаа. эзэн нь хэн бэ гэдгийг тогтоож, монгол улс нефтьтэй гэдэг омог бардам хэлэх цаг үеийг нээх хэрэгтэй. ард түмэн анхаараач