Шинээр барьсан гуравдугаар сургуулийн барилгад цууралт үүсчээ
Гуравдугаар сургуулийнхан дэлхийн стандартад нийцсэн байртай боллоо хэмээн шуугиж байсан нь саяхан. 2015 оны есдүгээр сард шинэ байрныхаа нээлтийг дуу хууртай тэмдэглэсэн. Гэтэл хоёр жилийн ч нүүр үзэлгүй гадна, дотор хана нь цуурч, зарим өрөөнийх нь хаалганы хажууд ан цав үүсчээ.
Бид тус сургуулийн захирал Б.Хоролгараваас зарим зүйлийг тодрууллаа.
-Танай сургуулийн байр гадна, дотроосоо ан цав үүсчээ. Энэ барилгын чанарт сөргөөр нөлөөлөх үү?
-Манай сургуулийн байрыг өнгөрсөн жилийн есдүгээр сард Улсын комисс хүлээж аваад, ашиглалтад оруулсан. Зарим хэсэгтээ ан цав гарсан нь үнэн. Нийслэлийн мэргэжлийн хяналтын байцаагч нар ирж үзээд явсан. Зуун айл орчмын газар цэвдэгтэй хэсэгт ордог болохоор байшингийнхаа суурин доор нэлээд устай байгаа.
Дулаараад, гүний цэвдэг нь гэсэхээр доошоо суулт өгч байна
Хоёр янзын хагарал үүсээд байна. Нойтон байсан шавар хатахаараа хагарсан. Зүүн талд нэлээд гүн хагарал бий. Энэ нь байшингийн суурийг хоёр янзаар тавьсантай холбоотой. Дулаараад гүний цэвдэг нь гэсэхээр доошоо суулт өгч байна. Бид барилгын ажлыг гүйцэтгэсэн “Алтанбулаг трейд” компанид мэдэгдсэн. Тус компанийнхан ирэх сарын 1-нээс засварлаж өгөхөөр болсон.
-Байнга хүүхдийн хөдөлгөөнтэй байдаг орчин болохоор барилгын чанарт нөлөөлсөн юм болов уу?
-Хүүхдийн хөдөлгөөнтэй төдийлэн холбоогүй байх. Мэргэжлийн хяналтын байцаагч нар байх ёстой цууралт гэсэн дүгнэлт гаргасан. “Алтанбулаг трейд” компани ирэх сарын 1-нээс 10-ны хооронд засвар хийнэ гэсэн. Анх бидэнд хүлээлгэж өгөхдөө есөн баллын газар хөдлөлтөд тэсвэртэй, 60 жилийн баталгаатай гэж хэлсэн хэмээв.
Бид гуравдугаар сургуулийг барьсан “Алтанбулаг трейд” компанийн борлуулалтын албаны 9908…. дугаарын утас руу холбогдсон боловч авсангүй. Өөр нэгэн сурвалжийн хэлснээр уг компанийн үйл ажиллагаа түр зуур зогссон гэлээ.
Тус сургуулийн барилгыг хугацаанаас өмнө өөрийн хөрөнгөөр барьж ашиглалтад оруулж буй талаар нээлтийнх нь үеэр дуулгаж байсан. Харин бушуу туулай борвиндоо баастай гэдэг шиг яаруу сандруу барьсан барилгад ан цав гарч, цууралт үүсчихлээ. Гаднаас нь харахад өнгө, загвараараа бусдаас ялгарах ч богино хугацаанд чанар нь харагдчихав. Концессийн гэрээний дагуу улсын төсвөөс “Алтанбулаг трейд” компанид барилгын өртөг болох тэрбум орчим төгрөг өгөх юм байна.
Б.Гандолгор
Засгийн газрын мэдээ
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Xairan material ixenxi ni exportoor orj irj baigaa ooriin setgeleer ym xii l dee
Намаг дээр барьсан учраас цуурч байнаа