Ил тод уул уурхай юу гүйцэтгэв

4d1deb5c427c4602originalЭхний гурван сард 1.8 тн алт олборложээ

 

Манай улс эхний 3 сарын байдлаар 5.2 сая тонн нүүрс, 1.8 тн алт, 305.2 мянган тонн газрын тос олборложээ. 37.3 мянган тонн хайлуур жоншны баяжмал, 379.9 мянган тонн зэсийн хүдрийн баяжмал, 133.9 мянган тонн төмрийн хүдрийн баяжмал, 21.8 мянган тонн цайрын баяжмал тус тус үйлдвэрлэсэн байна.

Мөн эхний 3 сарын байдлаар 412.8 мянган тонн зэсийн баяжмал, 991.7 мянган тонн төмрийн хүдэр, 2.9 тонн алт, 3.3 сая тонн нүүрс экспортложээ.

 

“Хайгуулын тусгай зөвшөөрөл олголтын явц”-д өөрчлөлт оруулна

 

Уул уурхайн салбарын амин сүнс болох “Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг Эрдэс баялгийн бодлогын зөвлөл хэлэлцжээ. Тус хуулиар уул уурхайн салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрмүүдийг батлах, түүнийг дагаж мөрдөхтэй холбоотой харилцааг зохицуулах юм. Хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгох явцад аж ахуйн нэгжүүд болон орон нутгийн удирдлагуудад тулгардаг хүндрэл бэрхшээл, хүнд суртлыг арилгах зорилгоор зарим нэмэлт, өөрчлөлтийг дээрх хуулийн төсөлд тусгасныг албаныхан онцоллоо.

 

Мөн Эрдэс баялгийн бодлогын зөвлөл “Хайгуулын тусгай зөвшөөрөл олголтын явц”-ыг хэлэлцсэн байна. Тусгай зөвшөөрөл олгох боломжтой талбайд хайгуулын тусгай зөвшөөрлийн өргөдөл авахаас өмнө орон нутгийн өөрөө удирдах байгууллагаас нэгдсэн байдлаар санал авахаар тусгажээ. Түүнчлэн хуулийн шаардлага хангасан аж ахуйн нэгжид тусгай зөвшөөрөл шууд олгох, өргөдөлд дурдсан талбай өөр талбайтай хэсэгчлэн давхцвал аж ахуйн нэгжид хүндрэл учруулахгүйгээр шийдвэрлэх зохицуулалтыг тусгасан байна.

 

“Дарьганга-XXIV” талбайд 25 сая ам.долларын хөрөнгө оруулна

 

Газрын тосны газар “Haicheng Petroleum Machinery Manufacture Group” компанитай газрын тосны хайгуулын “Дарьганга-XXIV” талбайд газрын тосны хайгуул хийх Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулжээ.

 

Гэрээгээр “Haicheng Petroleum Machinery Manufacture Group” нь тус талбайн хайгуул ашиглалтын үйл ажиллагааг “Монголиа шин ий энержи” ХХК-иар дамжуулан гүйцэтгэх аж. Эхний 4 жилийн хугацаанд 25 сая ам.долларын хөрөнгө оруулж, хайгуулын ажлын үр дүнгээс хамааран нэмэлт хөрөнгө оруулалт хийх юм байна.

 

Уул уурхайн ААН-үүдийн мэдээллийг цахимаар авах боломж бүрдэв

 

Монгол Улс Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгад /ОҮИТБС/ 2006 онд нэгдсэн. Тус санаачилгыг Уул уурхайн сайд удирддаг бөгөөд “Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын цахим тайлагналын системийг нэвтрүүлэх” төслийг Европын сэргээн босголт хөгжлийн банкны санхүүгийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлжээ. Тус төслийг Адам Смит интернэйшнл хүрээлэнгийн туслалцаатайгаар Монгол Улсын Интерактив ХХК амжилттай нэвтрүүлсэн байна. Ингэснээр уул уурхайн салбартай холбоотой тусгай зөвшөөрөл, бүтээгдэхүүн үйлдвэрлэл, борлуулалт, төлсөн татвар, төлбөр, хандив, дэмжлэг зэрэг мэдээллийг www.eitimongolia.mn авах боломжийг бүрдүүлжээ.

 

Хайгуулын 3915 тусгай зөвшөөрөл олгожээ

 

Хайгуулын тусгай зөвшөөрлийн өргөдлийн дугаарыг цахимаар олгох үйл ажиллагааг түр хугацаатай зогсоожээ. 3915 хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг олгосон байна. Өргөдлийн дугаар авсан аж ахуйн нэгжүүдээс 1580 нь хугацаандаа өргөдлөө гаргаагүй, дугаарын дагуу ирсэн 2335 өргөдлийг бүртгэж шийдвэрлэжээ.

 

Мөн эрдэсийн хуримтлал бүхий 63 талбайд 7 удаагийн сонгон шалгаруулалтыг явуулж 27 хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон байна.

 

Геологийн төв лаборатори гурвалсан стандартаар итгэмжлэгдэв

 

Монгол улсын Геологийн Төв Лаборатори нь үйл ажиллагаандаа ISO/IEC 17025, ISO Guide 34, ISO/IEC 17043 гэсэн гурвалсан стандартыг нэвтрүүлжээ. Ингэснээр Монгол Улсын эрдсийн шинжилгээний салбарт гарсан аливаа маргаантай асуудлыг шийдэх, таслах эрхтэй “Лавлагаа лаборатори” буюу олон улсын нэршлээр “Reference laboratory” болох бүрэн чадамжтай болжээ.

 

34.4 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлжээ

 

Уул уурхайн сайдын багцын орлогоор улсын төсөвт 34.4 тэрбум төгрөг төвлөрүүлсэн байна. Харин Ашигт малтмалын газар оны эхний гурван сард 7.4 тэрбум төгрөг, Газрын тосны газар нийт 27.0 тэрбум төгрөг улсын төсөвт тус тус төвлөрүүлжээ.

 

О.Заяа

unen.mn


URL:

Сэтгэгдэл бичих