Баяжих нь баараггүй, томрох нь тодорхой МОНГОЛ
Монгол гэдэг нэр ертөнцийн чихнээ дуурсгалтай гээд шүлгийн өөдрөг гэмээр нэг мөр бий. Гэвч яг үнэн хэрэгтээ энэ ардчиллаас өмнө монгол гэдэг нэр ертөнц дахинаа тийм ч танил бус байсан юм. Ертөнц байтугай хаяа нийлсэн орос ах нарын зарим нь биднийг огт мэддэггүй байсан нь маргахын аргагүй үнэн. Цаг цагаараа байдаггүйн жамаар харин эдүгээ Монголыг гайгүй сайн мэддэг болж байна, хаа сайгүй. Азийн ардчиллын жишиг загвар ч гэдэг юм уу эсвэл олимпийн аваргуудаараа ч гэх үү, бас дээр нь ашигг малтмал Оюутолгой, Тавантолгой гэдгээрээ бид энэ дэлхийтэй нэлээд ойр дотно танилцаж байна. Бид болоод бидний эх орон маань баялагтай хэрнээ ядуу буурай, өргөн уудам нутагтай ч хүн ам нь дэндүү цөөн, Ази тивийн энэ хязгаар нутагт хувиа борлуулж довоо шарлуулсаар нам жимхэн аж амьдардаг аж. Чингис хаанаас хойшхи энэ их нам гүм байдал эдүгээ эрхбиш алдарч ардчилал байтугай аль ч талаараа ертөнцийн чихийг дэлдэх болж байна.
Газрын доорхи баялгаараа гайхуулж гадныхны арааны шүлсийг асгаруулж байгаа нутаг ус гэвэл одоо Монголоос өөр хаана билээ. Баялаг дагасан орлого ус шиг урсан ирж байна. Дэлхийн эдийн засгийн хамгийн хурдацтай орны тоонд Монгол ханхайтал зогсож байна. Ингэж бодохоор ирээдүй маань гэгээн тунгалагаар төсөөлөгдөнө. Тэгэхээр Монгол маань баяжих нь баараггүй, томрох тодорхой. Гэхдээ бас ингэж хөөрцөглөж гуяа алгадвал эртдэнэ. Баялгийг баялаг болгох ухаан бидэнд хэрэгтэй. Мөнөөх баялгийн хараал ерөөлөөс холуур тойрох ёстой болно. Юу ч үзээгүй амьтад шиг орж ирсэн жаахан мөнгөөрөө өргөл өргөдгөө болих хэрэгтэй болно. Эдийн засгаа халаачихвал эргээд хөргөх гэж зүдэрнэ.
Монголынх гэмээр нэг гэм байна. Гадаадынхны эрх ашгийг газарт хүргэхгүй гар дээрээ бөөцийлөх хэрнээ өөрсдийн ашиг сонирхлоо хөл дороо хөглөрүүлж байдаг ийм л араншин энэ цагийн бүтээн байгуулалтыг байнга дагалдаж байна. Оюунтолгойн шүүрхий гэрээ, одоо энэ Тавантолгойн тавилан хаагуур зурагдах нь тодорхойгүй байна. Лавтайяа нэг их сайн юм дуулдахгүй, УИХ-ын тогтоолыг зөрчсөн, бараг тавиад туух шахсан гэх ухааны юм дуулдаад байна. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс эргэж буцаад байхыг бодоход сайн юм болоогүй бололтой.
Хэдхэн жилийн өмнө улсын төсөв төдөн зуун сая төгрөгөөр хэмжигдэж байснаа дараа нь тэрбум, бүр “давраад” одоо төдөн их наяд гэсэн тоонд эргэлдэж байна. Энэ их наяд гэдэг тоог өмнөх түүхэндээ бид сонсож байсан билүү. Энэ жилийн улсын төсөв 5,6 тэрбумаар хэмжигдэж байгаа. Гэтэл хэдхэн хоногийн өмнө Гаалийн Ерөнхий газар дангаараа нэг их наяд төгрөгийн татварыг төсөвт төвлөрүүллээ. Монголын эдийн засгийн тэлэлт ямар байгааг эндээс анзаарахад төвөгтэй биш.
Засгийн газрын саяхан хийсэн тооцоогоор ирэх онд нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн /ДНБ/ сая төгрөг буюу 5362 ам долларт хүрэх гэнэ. Энэ бол олон улсын дундаж түвшинд зэрэгцлээ гэсэн үг юм байна.
Засгийн газар төсвийн тодотгол хийж Их хуралд өргөн бариад байгаа. Эндээс харвал ирэх жил манай төсвийн орлого 6,4 их наяд төгрөгт хүрэх юм байна. Харин зарлагын тухайд 7,1 их наяд төгрөг гэжээ.
Хэдийгээр зарлага нь давж байгаа хэдий ч төсвийн алдагдлыг энэ жилийнхээс 2,4 дахин бага байлгахаар тооцжээ. Үүнээс 1,5 их наядыг бүтээн байгуулалтад зориулахаар төлөвлөж байгаа аж. Ирэх жил төрийн албан хаагчдын цалин болон тэтгэвэрийг 53 хувь нэмэхээр Ерөнхий сайд амалчихаад байгаа. Энэ бүхнийг УИХ удахгүй хэлэлцэнэ.
Мөнгөтэй байна гэдэг сайхан юм Монгол Улсын түрийвч түнтийгээд байх шиг байна шүү. Сайхан л хэрэг.
Удахгүй Тавантолгойн асуудлыг нэг мөр болгож, эцсийн шийдвэр гаргах учиртай. Тавантолгой бол Монголыг зуун дамжин тэжээх том үүц. Оюутолгойн гэрээнд мөн монголчуудын ашиг сонирхлыг илүү их оруулахаар төлөвлөж байна. Оюутолгой бол нөөц баялгиин хэмжээгээрээ долоон Эрдэнэттэй тэнцэнэ гэж бодохоор төсөөлөл тодорхой болох учиртай. Боломж үүгээр хязгаарлагдахгүй. Үүний цаана задлаагүй өчнөөн үүц бий. Стратөгиин орд газрууд нэмэгдэнэ. Ордуудаа ашиглана. Гэхдээ энэ бол дахин сэргээгдэхгүй баялаг. Ордуудаасаа илүүтэй оюунаа ашиглаж олз омгоо нэмэгдүүлэх боломж бас бий. Тэр цагт Монгол томрох нь жинхэнэ утгаараа тодорхой болно.
П.Булган
URL: