Нийслэлийн олон өрх аюултай бүсэд амьдарч байна

МХЕГ-аас их хотын цахилгаан, дулаан, холбоо, цэвэр, бохир ус хангамжийн төвлөрсөн шугам сүлжээний хамгаалалтын зурвасыг шалгасан байна.

Эрчим хүч цахилгаан дамжуулах агаарын шугам, дулаан, холбоо, цэвэр бохир ус хангамжийн төвлөрсөн шугам сүлжээ инженерийн байгууламжуудын хамгаалалтын зурвас газрууд эл шалгалтад хамрагдсан.

Шалгалтын дүнд нийслэлийнхний нэлээд хэсэг нь аюултай бүсэд, амь дүйж аж төрж байгаа нь ил болов. Хотын цахилгаан, дулаан, холбоо, цэвэр бохир ус хангамжийн төвлөрсөн шугам сүлжээ, инженерийн байгууламжийн хамгаалалтын зурваст айл өрхүүд олноороо төвлөрсөн нь шугам сүлжээний өргөтгөл шинэчлэл, засвар үйлчилгээг хааж, шугам сүлжээний найдвартай ажиллагааг алдагдуулж иржээ.

Улмаар шугам таслах, гэмтээх зэрэг аваар осол гарах нөхцөлийг бүрдүүлдэг аж. Хамгийн ноцтой нь өндөр хүчдэлийн шугам, дэд станц, дулааны шугам сүлжээнд байгалийн гамшиг, олон жилийн ашиглалтын элэгдэл, хуучралтаас гарах гэмтлийн үед хамгаалалтын зурваст суурьшсан айл өрх, аж ахуйн нэгж байгууллагууд эд хөрөнгө, эрүүл мэнд, амь насаараа хохирох аюултай нөхцөл бүрдсэн нь бодит үнэн юм.

Нөгөөтэйгүүр айл өрхүүд дулааны төв шугам, тоноглолыг эвдэж гэмтээн, аваар, саатал гарсан тохиолдолд завсар үйлчилгээ хийх боломжгүй болгож орхидгийг шалгалтынхан онцолсон. Адаглаад цэвэр бохир усны төв шугам, ус дулааны дамжуулах төвд аваар саатлын үед засвар, үйлчилгээ хийхэд айл өрхүүд саад учруулж засварын хугацаа удаашрах тохиолдол их аж.

Хотын удирдлагууд, Газрын албадаас холбогдох хууль дүрмээ баримталж газар олгоогүйгээс эл замбараагүй байдал үүссэн бололтой. Гээндээ ч бий, гоондоо ч бий гэгчээр иргэд өөрсдөө ч аюултай бүсийг үл тоомсорлон суурьшиж байна. Хонхор дахь Радио өргөн нэвтрүүлгийн төв станц, МҮОНРТ, Сонгинохайрхан дүүргийн нутагт Орбит дахь “Наран” төв, “ДДэш” ХХК-ийн Сансрын холбооны газрын дамжуулах станц зэрэг нь улсын онцгой объект. Гэтэл улсын онцгой объектын эргэн тойронд байрлуулсан хамгаалалтын бүсийн тэмдгийг сүйтгэн айл өрх, аж ахуйн нэгжүүд олноор суурьшчээ.

Мөн УБТЗ-ын Амгалангаас-УБ өртөө, УБ өртөөнөөс-Толгойт өртөө, Толгойт өртөөнөөс-Эмээлт өртөөний төмөр зам дагуух агаарын баганат шугам болон “Рейлком” төвийн шилэн кабелийн сүлжээг иргэд удаа дараа тасалж гэмтээжээ. Айл өрх аж ахуйн нэгжүүд шилэн кабель дээр барилга, хашаа, гэр барьж байгаа нь олон улсын хэмжээнд байнгын тасралтгүй, найдвартай хэвийн ажиллагаатай байх ёстой төмөр замын холбоог тасалдуулж иржээ.

Энэ нь харилцаа холбооны хамгаалалтын зурвас газарт барилга, гэр, хашаа барих, мод тарихыг хориглоно гэсэн заалтыг зөрчиж буй хэрэг. Нийслэлд 110 кВ-ын агаарын шугам, дэд станцуудын хамгаалалтын зурвас хэд хэд бий. Эл зурваст 715 айл өрх, аж ахуйн нэгж, байгууллага байдаг. Уг нь хүнийхээ аюулгүй байдлыг хангах талаасаа эдгээр айлуудыг аюултай бүсээс нүүлгэх учиртай. Мөн “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн эзэмшлийн 35 кВ-ын агаарын шугамын хамгаалалтын зурваст 322 айл өрх, 63 аж ахуйн нэгж, байгууллага суурьшчээ.

“Улаанбаатар дулааны сүлжээ” ХК-ийн эзэмшлийн дулааны төв шугам дээр ба хамгаалалтын зурваст 319 барилга объект эзэмшигч аж ахуйн нэгж байгууллага байна. Улмаар “Мэдээлэл холбооны сүлжээ” ТӨК-ны Хотын сүлжээний газрын ашиглалтад байдаг харилцаа холбооны сувагчлалтай кабель шугамын хамгаалалтын зурваст 188 айл өрх, 30 гаруй байгууллага байдаг гэсэн тооцоо судалгаа бий. Үүнээс гадна Ус суваг удирдах газрын цэвэр бохир ус дамжуулан түгээх үндсэн шугам сүлжээний хамгаалалтын зурвас хэсэгт зөвшөөрөлтэй болон зөвшөөрөлгүй суурьшсан нийт 301 барилга объект айл өрх бий.

Шалгалтынхан инженерийн шугам сүлжээний хамгаалалтын зурвас зөрчсөн 25 байгууллагад хариуцлага тооцжээ. Мөн үйл ажиллагааг зогсоох тухай нэг акт гаргаж, найман байгууллагад 1.5 сая төгрөгийн торгууль ногдууллаа.

Хяналт шалгалтаар “Хот байгуулалтын тухай”, “Эрчим хүчний тухай”, “Харилцаа холбооны
тухай”, “Хот суурины усан хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай” хуулийн холбогдох заалтууд болон норм, дүрмийн хэрэгжилт хангалтгүй гэх дүгнэлтэд хүрчээ. Мөн Инженерийн шугам сүлжээний хамгаалалтын зурваст Нийслэл, дүүргийн Засаг дарга, Газрын албанаас иргэн аж ахуйн нэгж байгууллагуудад дээрх хууль, дүрмийг зөрчин газар олгодог хэмээж байв.

Нийслэлийн барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газраас хамгаалалтын зурвас зөрчин баригдаж буй барилгын зураг төсөлд зөвшөөрөл олгож баталгаажуулдаг, зарим иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд
газрын зөвшөөрөлгүйгээр хамгаалалтын зурваст дур мэдэн суурьшил үүсгэж, барилга байгууламж, гэр, хашаа барьдаг зэргээс үүдэн инженерийн шугам сүлжээний хамгаалалтын зурвас зөрчдөгийг актаар тогтоожээ.

Д.Мягмаржаргал


URL:

Сэтгэгдэл бичих