Зүсээ өөрчилсөн цөсөө дэлдсэн эзэд нь буулгах сурагтай

Олны нүдэнд дассан юм өөр болох нь сонин. Монголын үндэсний цирк гэсэн сайхан хаягтай олон жилийн түүхтэй урлагийн байгууллага гаднах өнгөө өөрчилчихсөн.

Манай циркийн барилга Азидаа томд ордог гэдэг. 1970-аад оны эхэнд Румын улс барьж өгсөн түүхтэй.

Гэтэл өнгийг нь хувиргаж, ухаа ягаанаар будчихсан байгаа. Уг нь цэнхэр өнгө нь урлагийнхаа ордонд зохицсон өнгө байсан юм. Ямартаа л циркийн цэнхэр асар гэж нэрлэгдэж байх вэ дээ. Монгол Азийн орон. Аливаа юмны өнгө хүртэл учиртай байдаг гэдгийг циркийн эрхэм удирдлагууд ойлгодоггүй, урлагийн мэдрэмжгүй бололтой юм.

Хариуцсан яамгүй болоод Монголын соёл урлагийн зарим байгууллагууд уналтад орлоо гэж ярих хүн байна. Тийм ч байж болохоор. Хүүхэд залуучуудын театр, Хүүхдийн кино театр, Ард кино театр, Монгол кино үйлдвэр, Лениний музей гэж байлаа Одоо бүгд байхгүй.

Одоо Монголын үндэсний цирк гэж байлаа, бас л устсан гэж хэлэхэд хүрэх нь. Монголын цирк эзэнгүй болж хувирчээ. Ердөө л салж сарнисан хэдэн жүжигчдэдээ түрээслүүлдэг байр болж хувирсан. Бэлтгэл сургуулилт хийх гэхэд нь өндөр үнээр түрээслүүлдэг гэх юм билээ.

Арай ч дээ гэмээр. Монголын цирк ямар ямар амьтад, ямар жүжигчидтэй байсныг одоо тоочоод хэрэггүй биз ээ. Анх хувьчилж авсан хүмүүс нь өдгөө cop болсон хүмүүсээ халаад дуусчээ. Цагтаа манай улсын циркийн гайхамшгийг дэлхийн олон улс гайхан биширч, байсан үе бий.

Өнөөдөр хүүхдүүд Монгол ямар цирктэй байсныг мэдэхгүй өтлөх гэж байна.

Монголдоо нэртэй урлагийн том байгууллага циркийн цэнхэр асрыг цагтаа Японы их аварга гэгдэх Д.Дагвадоржийн багийнхан араасаа багагүй хэл ам дагуулан менежментийн хувьчлал нэрээр авсан гэдэг. Энэ нь бөөн луйвар болсон гэх юм билээ. Анх 2006 онд арванхоёрдугаар сард хувьчилж авах тендерт оролцсон гурван баг босго оноо болох 80 оноог даваагүй учир тендерийг нь хүчингүй болгож байсан удаатай.

Харин учир битүүлэг шалтгаанаар шинээр шинжээчдийн баг томилон хэдхэн цагийн дотор асуудлыг шийдэж аваргын “АСА” группт циркийг өгсөн байдаг. Энэ нь нөгөө монгол хүнээс арилдаггүй нэг юманд долигнон хошуурдаг зан. Тухайн үед нөгөө ТӨХ будлианыг хийсэн гэж ярьдаг.

Тендерт оролцсон “Монгол цирк” багийн ахлагч П.Батмөнх тендерт будлиан орсныг ТӨХ-нд мэдэгдэхэд хариуд нь журмаа зөрчөөд өөр шийдвэр гаргасан хэмээн ярьж байжээ. Манайхны ажил ийм л байдагдаа. Ийнхүү циркийн хувь заяа хэдэн жүжигчид, амьтадтайгаа шийдэгдсэн билээ.

Одоо байгаа юм уу гэхээр барилга нь байдаг, байхгүй юм уу гэхэд Монголын үндэсний цирк гэсэн хаяг байгаад байдаг. Тэгсэн хэрнээ хүн орж гарахгүй, үзэгчидгүй болохоор энэ байгууллага устаж байгаа нь үнэний ортой.

Одоогийн эзэд нь менежментийн хувьчлалаар авахдаа үйлажиллагааг өөрчлөхгүй, жүжигчдийг нь халахгүй Монголын циркийг дэлхийн цирк болгоно гэж амалсан байдаг. Гэтэл одоо хувьчлалыг зохион байгуулсан удирдлагуудаас монголын цирк байна уу гэж асуух үлдэж байна.

Хамгийн аймшигтай юм нь одоо худалдаа үйлчилгээний төв болгох, мөн барилгыг нь буулгаад асар том зочид буудал барих болсон тухай яриа гарч байна. Олны үг ортой гэдэг дээ. Одоо циркийг ганц аварах юм нь ТӨХ-ныхон гэрээнийхээ биелэлтийг харах цаг болсон байна.

Харин БСШУЯ урлаг соёлоо хавсран гүйцэтгэж байгаа хэвээр бол Монголын үндэсний цирк нэртэй байгууллагаа аварах талаар анхаарч үзээсэй билээ. Зүсээ хувиргасан циркийг цөсөө дэлдсэн эзэд нь буулгах нь байна шүү.

Н.Лхагвасүрэн
Эх сурвалж: “Нийслэл таймс”


URL:

Сэтгэгдэл бичих