Данийн ерөнхий сайдаар анх удаа эмэгтэй хүн сонгогдлоо

Дани улсын Ерөнхий сайдаар түүхэнд анх удаагаа эмэгтэй хүн сонгогджээ.

Данийн хатан хаан II Маргарет өнгөрсөн ням гарагт Социал-демократ намын тэргүүн Хелле Торнинг-Шмиттийг Засгийн газрын тэргүүнээр, харин шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнийг өчигдөр томилсон байна.

Өнгөрсөн сарын 15-нд болж парламентын сонгуульд Торнинг-Шмиттийн тэргүүлдэг “улаан эвсэл” нам өрсөлдөгч “хөх эвсэл” болох Либерал-консерватив намыг ялсан юм. Зүүний болон зүүн төвийн хүчнийхэн барууны эвслийг харьцангуй цөөн саналаар буюу 89:86 суудлын харьцаагаар давамгайлсан байна.

Хелле Торнинг-Шмитт нь 2005 оноос эхлэн Социал-Демократ намыг тэргүүлж байгаа юм. Тэрбээр 2007 оны сонгуульд ялагдсаныхаа дараа дараагийн сонгуульд ялна гэдэг зорилтыг тавьжээ.

Шинэ Засгийн газрын үндсэн зорилтуудын нэг бол эдийн засгийг эрчимжүүлэх багц арга хэмжээг хэрэгжүүлэх явдал юм. Түүнээс гадна, Торнинг-Шмиттийн Засгийн газар агаар мандалд цацагдаж байгаа нүүрстөрөгчийн хийн хэмжээг багасгах урьд өмнө нь авч байгаагүй томоохон арга хэмжээг хэрэгжүүлж магадгүй байна.

Д.Жаргал


URL:

Сэтгэгдэл бичих