”Илүүдсэн эрх мэдлээ ард түмэндээ өг”

Зарим гишүүний урдаа тавьсан лоозонг эс тооцвол УИХ-ын намрын чуулган сүр дуулиангүй эхэллээ. Ерөнхийлөгчийг намрын чуулганд оролцож үг хэлнэ, хэлэхгүй гэж өмнөх өдрүүдэд нь таамаг уралдуулсан ч тэрбээр үг хэлсэнгүй. Гэхдээ эрхэм гишүүдэд зориулсан үгээ орон нутагт ажиллахдаа Ерөнхийлөгч хэлэв гэж таамаглахаар байна. Түүний хэлсэн үг иргэдэд гэхээсээ илүүтэй эрх баригчдад чиглэсэн, хууль биелүүлэгчдээс илүү боловсруулагчдад хандсан агуулгатай байлаа. Өөрийнхөө байр суурийг ингэж тодотголоо ч гэж хэлж болох юм. Түүний баримталж буй бодлогын зарим эрхгүй анхаарал татаж буй юм.

Тив алгасч хэрүүл хийгээд яах вэ?

Оюутолгойн хөрөнгө оруу­лал­тын гэрээнд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын 20 гишүүн шаардлага хүргүүлээд буй. Товчхондоо, тийм яриа байхгүй гэж Ерөнхийлөгч хэлчих шиг боллоо. “Бодлого тодорхойлж байгаа хүмүүс Оюу­толгойн тухай хамтарч байгаад ярих хэрэгтэй. Тив дамжуулж хэрүүл хийгээд байж болохгүй” гэж төрийн тэргүүн тодотгов. Харин гэрээнд өөрчлөлт оруулах тухай ярихын оронд тавих шаардлагыг нь хангалттай сайн тавих хэрэгтэй гэнэ. “Манай Засгийн газар нялцгай байна.

Өмнө нь тохирчихсон, шийдчихсэн юман дээрээ хатуу зогсох ёстой” гэсэн нь ч эрхгүй анхаарал татна. Өөрөөр хэлбэл, гэрээнд өөрчлөлт оруулъя гэсний зоргоор байх хэрэггүй гэсэн байр суурьтай байгаа шиг. Үүнийг ч батлах мэт “Нэг Ерөнхий сайд шийдсэн юмнаас нөгөө нь буцах гээд байгаа юм уу. За гэвэл ёогүй гэж ярьдаг. Цаг нь ирэхээр цаашаа шаардлагаа тавиад явна” гэж хэлсэн нь түүний байр суурийг улам ойлгомжтой болголоо.

99-д тавих Ерөнхийлөгчийн хориг…

Энэ УИХ, Засгийн газрын хамгийн түрүүнд сонгуулийн тогтолцоог өөрчилнө гэсэн ч нийт хугацааныхаа дөрөвний гурвыг ардаа үлдлээ. Мажоритари давамгайлсан 52:24, пропорциональ давамгайлсан 50:26 гэсэн хувилбарууд ярьсаар эцэстээ 38:38 гэсэн хувилбарт тунаж үлдэх шиг боллоо. Хэрэвзээ сонгуулийн тогтоонд өөрчлөлт оруулж пропорционалийн шинж, тэмдэг орж ирэх л юм бол Үндсэн хуульд өөрчлөлт оруулахаас өөр замгүй гэсэн тайлбарыг зарим улс төрчид өгдөг. Тэднийхээр бол Үндсэн хуульд иргэд УИХ дахь өөрсдийн төлөөллөө шууд сонгоно гэсэн заалтыг пропорциональ тогтолцоо зөрчинө гэж үздэг. Харин Дээд шүүхийн хийсэн тайлбараар бол “шууд сонгоно” гэдэг нь санал өгөх гэсэн утга илэрхийлж буй. Тэгэхээр Ерөнхийлөгч Үндсэн хуульд өөрчлөлт оруулах бодолгүй байгаа нь пропорциональ тогтолцоог дэмжээгүйдээ биш аж. Харин  ингэх болсон шалтгаан нь УИХ-ыг 99 гишүүнтэй болгох тухайд болов уу. Тиймээс ч “Үндсэн хууль дээр гараа тавьж тангараг өргөсөн хүний хувьд буруу гэж бодож байна. Би нэг зүйлийг хэлье. 2012 оны зургадугаар сараас өмнө Үндсэн хуулийг өөрчилж болохгүй…” гэлээ. Хэрвээ өөрчлөлт оруулах төсөл оруулаад ирвэл “Хориг тавина” гэдгээ ч ил хэллээ.

“ Бид гадаадад хандаж, шинээр ардчиллын замыг сонгосон улсууд эхлээд Үндсэн хуулиа сайн боловсруул, тэр нийгмийн үнэт зүйлүүдээ суулга гэжтуршлага  ярьж байж эргээд энд хоёр нүүр  гаргаад зогсож болохгүй. Өөрчлөлтийн тухай ярьж болно. Манайх хоёр танхимтай болъё. 76-гаа 99 болгоё ч гэх шиг. Тэгэхээр сайжирна гэж үү. Төрд илүү эрх мэдэл хэрэггүй. Дан дээлийг  чинь нимгэлэх гээд байхад юун давхар дээл яриад байна аа. Илүүдсэн эрх мэдлээ ард түмэндээ өг” гэж  хоёргүй санаагаар гишүүдэд даалгалаа

УИХ шийдвэрээ хүчингүй болговол АТГ-ын даргыг санал болгоно

АТГ-ын дарга Ч.Сангарагчаа, дэд дарга Д.Сундуйсүрэн нарт өнгөрсөн гуравдугаар сард ял оноосноос хойш суудал нь эзгүй байгаа. Нэгэнт удирдлагууд нь ялаа сонсч, хэрэг шийдэгдчихсэн байхад орны хүнийг томилохгүй байгаа нь олныг гайхшаруулж буй олон асуултыг нэг. Ном журмаараа АТГ-ын даргад санал болгох хүнээ оруулж ирэх ёстой гэдгийг ч зарим улстөрчид хэлээд буй. Харин Ерөнхийлөгч хэзээ л бол хэзээ энэ албан тушаалд санал болгох хүнийг оруулж ирэхэд бэлэн байгаа төдийгүй өөрөөс нь үл хамааралтай шалтгаанаар сунжирч байгааг санууллаа. УИХ-д хамаатай асуудал учраас “Ерөнхийлөгч авлигатай тэмцэх газрын даргад  хүнээ оруулж ирээгүй гээд юу яриад байна аа. Та томилж шийдвэр гаргасан. Ял эдлэх шийдвэр гарснаар Их хурлын шийдвэр хүчингүй болно гээд хуульд заачихсан. Одоо тэр ялын шийдвэрийг үндэслээд албан тушаалаас нь халсан шийдвэрээ гаргаад өгчих. Тэрийг чинь үндэслээд би хүний нэр оруулъя” гэж Д.Дэмбэрэл даргад хэлсэн юм байна. Энэ бантан олон хүмүүсийг залхааж эцэстээ АТГ-ын удирдлагууд шоронгоос “Одоо халагдах өргөдлөө өгдөг юм бил үү”  гэх нь холгүй болжээ. Ерөнхийлөгчийн хувьд АТГ-ын даргад санал болгох хүний нэр тодорхой болсон бололтой.

Сонгуулиас урьдаж…

Сүүлийн үед улс төрийн нэгэн онигоо ихэд дэлгэрч байна. Монгол, Японы Сангийн сайд нар ярьж байна. Японы ерөнхий сайд,

-Манай иргэд 5000 ам.долларын дундаж цалин авдаг. 3000 ам.доллараар нь сарын хэрэгцээгээ бүрэн хангадаг. Үлдсэнээр нь яадгийг мэдэхгүй. Тэр бидэнд хамаагүй асуудал.

Монголын сангийн сайд,

-Манай иргэд дунджаар 300 ам.долларын цалинтай. Сарын хэрэгцээндээ 600 амь.доллар зарцуулдаг. Үлдсэнийг нь хаанаас олдгийг мэдэхгүй.Тэр бидэнд хамаагүй асуудал… гэжээ.

Үнэндээ бол өнөөдрийн амьдрал энэ онигооноос хол зөрөхгүй л байгаа. Харин сонгууль болохоор  Засгийн газарт бид хамаатай болж “Цалинг 6000 ам.долларт хүргэнэ ээ” гэх нь холгүй  гүйнэ. Энэ жилийн төсвийн тодотгол, мөнгөний бодлогыг харахад ч ай ай аймаар л харагдаж байна. Сонгуулийн дараа энэ улс орон үлдэх нь үү үгүй юу гэмээр.Түүнийг батлах мэт Ерөнхийлөгч хэллээ. “ Мөнгө амласан хүнийг биш орон нутагт, иргэн танд ийм эрх мэдлийг авчирна, тийм юм хийнэ гэсэн хүнийг л дэмж.  2012 оноос мөнгө амлахыг хуулиар хориглоно” гэв. Хэнийг сонго гээд байгааг нь та өөрөө олчих ухаантай хойно, нуршаад юу хийнэ. Лав энэ УИХ, Засгийн газар биш бол уу.

УИХ-ын чуулганы танхимд бус иргэдийн дунд төрийн тэргүүний маань хэлсэн энэ мэт үгнүүд нь үнэндээ эрхэм гишүүдэд чиглэжээ.

Л.НАРАНТӨГС

URL:

Tags:

Сэтгэгдэл бичих