Тэшүүрийн холбооны Их хурлыг зохион байгуулагчид олон нийтэд хандах уу?
Монголын тэшүүрийн холбооны 2014 оны 11 сард хуралдсан их хурлаас сонгогдсон Удирдах Зөвлөлийн гишүүдийн олонхи нь ажиллахаас татгалзсан байгаатай холбогдуулан холбооны гишүүдийн санаачилгаар ээлжит бус хурлыг зохион байгуулах хороо, ажлын хэсгийг байгуулжээ. Ээлжит бус хурлыг зохион байгуулах хороо, ажлын хэсгээс Монголын тэшүүрийн холбооны ээлжит бус хурлыг энэ дөрөвдүгээр сарын 28-нд хийхээр тов гаргаж, гишүүддээ мэдээлэл хүргүүлсэн байна.
Түүнчлэн Ээлжит бус хурлыг зохион байгуулах хороо, ажлын хэсгээс Монголын Тэшүүрийн Холбооны Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Д.Болормаа, ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч М.Нармандах нарт шаардлага хүргүүлсэн байна. Уг шаардлагад “Монголын Тэшүүрийн Холбооны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Д.Болормаа, ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч М.Нармандах та бүгдэд МТХ-ны дүрмийг үндэслэн, өмнө нь мэдэгдсэний дагуу 2016 оны 4 сарын 28-ны өдрийн 09 цагаас Монголын Үндэсний Олимпийн Хорооны хурлын танхимд зохион байгуулагдах МТХ-ны ээлжит бус их хуралд тус холбооны 2014 оны 11 сард зохион байгуулагдсан их хурлаас сонгогдсон Удирдах Зөвлөлийн гишүүдийг бүрэн бүрэлдэхүүнээр нь оролцуулахыгсануулж байна” гэсэн байна.
Ээлжит бус их хурлаар дараахь асуудлыг хэлэлцэнэ. Үүнд:
1. МТХ-оос 2014 оны арваннэгдүгээр сарын 9-нөөс 2016 оны дөрөвдүгээр сарын 25 хүртэл хийж гүйцэтгэсэн ажлын тайланг сонсож хэлэлцэх.
2. МТХ-ны 2014 оны арваннэгдүгээр сарын 9-нөөс 2016 оны дөрөвдүгээр сарын 25 хүртэлх хугацааны санхүүгийн тайланг сонсож хэлэлцэх.
3. МТХ-ны Хяналтын Зөвлөлийн тайланг сонсож хэлэлцэх.
4. МТХ-ны дүрэнд оруулах өөрчлөлтийг хэлэлцэж батлах.
МТХ-ны 2014 оны 11 сард хуралдсан их хурлаас сонгогдсон Удирдах Зөвлөлийн гишүүдийн олонхи нь ажиллахаас татгалзсантай холбогдуулан холбооны ерөнхийлөгч болон Удирдах Зөвлөлийг дахин шинээр сонгох асуудлыг тус тус хэлэцэхээр төлөвлөжээ. Мөн Монголын тэшүүрийн холбооны Удирдах Зөвлөлийг дахин шинээр сонгохтой холбогдуулан тус холбооны Ерөнхийлөгч болон Удирдах Зөвлөлд нэрээ дэвшүүлж, сонгуульд өрсөлдөх асуудал нээлттэй болохыг нийтэд зарласан байна.
2014 онд болсон Их Хурлаас сонгогдсон удирдах зөвлөлийн олонхи гишүүн татгалзаж, холбоо албан ёсны удирдлагагүй болсон ийм нөхцөлд үүрэг гүйцэтгэгч дарга нар ээлжит бус хурлыг хуралдуулж, тайлангаа тавьж, дүрмийн дагуу албан ёсны удирдлагатай болох талаар хамтран ажиллаж чадахгүй бол Ээлжит бус хурлыг зохион байгуулах хороо, ажлын хэсгээс хэвлэлийн хурал зарлаж, Тэшүүрийн холбоонд үүсээд байгаа нөхцөл байдлыг олон нийтэд мэдээлэх аж.
Эх сурвалж: www.polit.mn
Ц.ЭРХЭМ
URL: