32 хүнийг хордуулсан үйлдвэрийг зогсоожээ
Дөрөвдүгээр сарын 24-нд Халдварт өвчин судлалын үндэсний төвд эклер идсэн гэх 32 хүн хандаж, тэднээс шинжилгээ авахад хоолны хордлогот халдварын эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.
Тэгвэл Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас дөрөвдүгээр сарын 24-ны өдрийн 19 цаг 40 минутад тус үйлдвэрлэлийн үйл ажиллагааг зогсоожээ.
Ингээд эрүүл ахуйн тандалт судалгаа хийж, сэжиг бүхий ундны ус, түүхий эд, бэлэн бүтээгдэхүүнээс зохих журмын дагуу дээж авч Нэгдсэн төв лабораторид шинжлүүлэхээр хүргүүлсэн байна.
Хүнсний сүлжээнд нийлүүлэгдсэн эклерийг яаралтай татан авах ажил хийгдэж, одоогийн байдлаар нийт 154 ширхэг бүтээгдэхүүнийг хураажээ.
Иймд иргэд та бүхэн “Нью свийт фүүдс” ХХК-ийн эклер нэрийн бүтээгдэхүүнийг худалдан авахгүй, авсан бол хүнсэндээ хэрэглэхгүй байхыг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас анхааруулж байна.
URL: