“Оймс”-ны гишүүд баяртай
Үндсэн хуулийн цэцээс энэ сарын 22-нд намын жагсаалтаар УИХ-ын гишүүн болох нь Үндсэн хуулийг зөрчсөн гэх шийдвэрийг гаргасан. Тухайн үед энэхүү шийдвэрийг УИХ-аас хүлээж авах эсэх нь эргэлзээ төрүүлж байсан юм. Гэсэн ч өчигдөр хуралдсан намуудын бүлгийн хуралдаанаар цэцийн шийдвэрийг хүлээн авч, 2016 оны сонгуульд жагсаалтын 28 хүнийг намын тааллаар УИХ-ын гишүүний сэнтийд залрах боломжгүй болж байгаа юм. Энэ талаар УИХ-ын гишүүн хэрхэн үзэж байгаа талаарх байр суурийг хүргэе.
УИХ дахьын бүлгийн дарга С.Бямбацогт
Үндсэн Хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаанаар намын жагсаалтаар УИХ-д сонгогдож байгаа нь хууль зөрчсөн гэсэн шийдвэрийг дэмжиж байгаа. Үндсэн хуулийн цэцээс жагсаалтын 28 мандатыг хүчингүй болгосон тул энэхүү 28 мандатыг тойрог руу шилжүүлэх ёстой. Тиймээс 26 тойрогтоо 28 мандатаа хувааж өөрөөр хэлбэл хөдөөгийн 20 тойрогт нэг нэгээр, үлдсэн найман мандатыг нийслэлийн дүүргүүдэд хувиарлах нь зүйтэй гэж үзэж байна. Сонгонохайрхан , Баянзүрх дүүрэгт тус бүр хоёр мандат, бусад дүүргүүдэд нэг мандатыг хувиарлах нь зүйтэй гэж үзэж байна. Ийм байдлаар тойргоо хувиарлах нь зүйтэй.
УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар
УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг хүлээн авах нь зүйтэй гэсэн байр сууринд хүрсэн. Өөрөөр хэлбэл намын жагсаалтаар сонгогдох нь хууль бус гэж үзсэн шийдвэрийг дэмжсэн гэсэн үг. Одоо сонгуулийн бэлтгэл ажил, сонгууль болох өдөрт ямар нэгэн саад учруулахгүйгээр зохих өөрчлөлтийг хийх нь зүйтэй.
УИХ-ын гишүүн Ч.Улаан
УИХ-ын гишүүд Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхөөс өөр ямар ч аргагүй. Учир нь Үндсэн хуулийн дунд суудлын хуралдаанаар хэлэлцсэн асуудал шийдвэрийг УИХ-аас хүлээн зөвшөөрөхгүй гэж үзсэн тохиолдолд дахиад энэ асуудал цэцэд очно. Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаанаар дунд суудлын хуралдаанаас гаргасан шийдвэрийг үгүйсгэж, хуудуутай байна гэж үзсэн тохиолдол нэг ч байхгүй. Тиймээс намын жагсаалтыг үгүй хийх шийдвэр бол эцсийнх гэж ойлгож болно.
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр
Намын жагсаалтыг үгүй хийх нь хамгийн зөв шийдвэр. Энэ бол урашилж байгаа нэг алхам. Өнөөдрийн хямралаас гарах зам нь нь ардын эрхэт засгийн газрыг байгуулах шүү дээ. Энэ пропорциональ системийг байхгүй болгоход намын нэрийн ард нуугдаж сонгогдоно гэсэн бодолтой байсан гишүүд бухимдаж байж магад.
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва
Юуны түрүүнд Үндсэн хуулийн цэцээс хоёр өөр шийдвэрийг гаргаж байгаа нь харамсалтай. Гэхдээ Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч дэмжиж байна. Жижиг можаритор системээр явах нь ард түмний саналыг худалдан авах, худалдагдах эрсдэл дагуулах эрсдэлтэй гэдгийг анхаарах нь зүйтэй.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа
Өнгөрсөн 2012 онд холимог системээр сонгуулиа хийж хууль тогтоох байгууллагад анх удаа 11 эмэгтэй гишүүнийг сонгосон. Эмэгтэй гишүүдийн зүгээс ард иргэдийн амьдралд нэн шаардлагатай маш олон хуулийг санаачлан батлуулсан. Гэр бүл, үр хүүхэд, тэдгээрийн эрүүл мэнд боловсрол, тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх голлох хуулиудыг эмэгтэй гишүүд санаачилсан байдаг. Гэтэл эмэгтэй гишүүдийн 40-өөс илүү хувь нь жагсаалтаар сонгогдсон. Өөрөөр хэлбэл жагсаалтаар нам бүрээс хоёр эмэгтэй гишүүн УИХ-д орох боломжтой байдаг нь эмэгтэйчүүдэд УИХ-д сонгогдох боломж илүү байдаг гэсэн үг. Гэтэл жагсаалтыг үгүй хийснээр эмэгтэйчүүдийн оролцоо боломж хумигдана. Бохир улс төр буюу мөнгөтэй хүмүүс сонгуульд ялалт байгуулах боломжтой болох байх.
Д.ЖАРГАЛ
URL: