Ч.Улаан гишүүн МАН-д элсэх үү
Нэг модны салаа мөчир болох МАН, МАХН эвсэх асуудал яригдах үед ажлын хэсэг ахлаад амжсан УИХ-ын гишүүн Ч.Улаан МАН-д элсэх бор шувуу Төрийн ордон нисэх болжээ. Хэдхэн хоногийн өмнө болж өнгөрсөн МАХН-ын бага чуулганаар намын нөхөд нь эрхэм гишүүний МАН-тай гогдэх санаачилгыг нь хурцаар шүүмжилсэн аж. Уг нь хоёр нам эвсэх асуудал ажлын хэсгийн төвшинд шийдэгдэж, нэгдэх болсноо зарлаад байв.
Гэвч МАХН-ын дарга Н.Энхбаяр Солонгосоос газардахгай зэрэгцээд, тохиролцчихсон квотын асуудал сөхөгдөж, үхрийн сүүлэн дээр хутга гэгч болсон. Дээрх асуудлаар хэдий зэмлэл хүртсэн ч УИХ-ын гишүүн Ч.Улаан гарал нэгтэй хоёр намыг гогтгэх байр суурин дээрээ бат зогсоно гэдгээ хэвлэлд “Хоёр нам эвсээгүйд олигархууд баярлаж байгаа байх” хэмээн уламжилжээ. Тэрч битгий хэл “үзэл бодол, зорилго чиглэл, хэв шинж нэгтэй хоёр нам эвсэж хамтарч ажиллах шаардлагатай” гэсэн байх юм.
Түүний уг ярилцлагаас болсон уу, хоёр намаа нэгтгэх үйлдлээс нь болсон уу түүнийг МАН-ын хаалгыг татах нь гэх таамаг өчигдрийн анхаарал татсан сэдвийн нэг байлаа. Ямартай ч хамгийн сүүлд бие даагчийн статустай байсан Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нарыг хэдийнэ эгнээндээ нэгтгэсэн МАН, дээр нь улс төрд хал үзэж, халуун чулуу долоосон Ч.Улаан гишүүнээр хүч зузаатгаж магадгүй нь. Гурван ч удаа Сангийн яамыг толгойлсон УИХ-ын гишүүн Ч.Улаан одоо Төсвийн байнгын хорооны даргын албан тушаалыг хашиж буй.
Д.ДОРЖ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
URL: