Н.Энхбаярын ашиг сонирхол энэ Монголд багтахгүй нь
Н.Энхбаярын талаар янз бүрийн дүгнэлт бий. Тэдгээрээс хэлсэн ярьснаасаа амархан буцдаг, туйлбаргүй, барьцгүй хүн гэдэг нь олон. Жишээ нь, Н.Энхбаяртай хамтарч МАХН-ын өрхийг таталцаж явсан улс төрч судлаач С.Молор-Эрдэнэ “Эр хүн нэг л ааштай байх хэрэгтэй. Н.Энхбаяр харин их олон ааштай юм билээ” хэмээн тодотгож байв. Н.Энхбаярын оймсонд хавчуулагдаж УИХ-д үсрээд орж ирсэн хэмээх тодотголтой явж ирсэн, МАХН-ын нэрийг Дээд шүүхэд бүртгүүлэхэд өмгөөлөгчөөр ажилласан О.Баасанхүү гишүүн гэхэд “Н.Энхбаяр дарга, АН хоёр л намайг гудамжинд гаргахын түүс болчихсон яваа юм билээ” гэж ярьсан нь саяхан.
Н.Энхбаярыг хүнд хэцүү цаг үед нь УИХ-ын төвшинд хамгаалж явсан, басчхүү түүний дэмжлэгтэйгээр УИХ-ын дэд даргын албан тушаалд хүрсэн Л.Цог, Эвслийн бүлгийн малгайнд багтаж Н.Энхбаярын үзэл бодлыг хүргэж ирсэн Г.Уянга гишүүн нар “Эрх мэдэлд хүргэж өгсөн учир сая ам.доллар өг гэсэн”, “Н.Энхбаяр бол албан тушаалын наймаачин” хэмээгээд бүлгээсээ гарсан нь мөн саяхны үйл явдал. Хамгийн сүүлд хахир хатуу үгтэй ч, парламентын хашир туршлагатай цөөн гишүүдийн нэг Ц.Нямдорж “Н.Энхбаяртай юм ярьж хэрэггүй байдаг юм. Үндсэн санааг нь шууд унших хэрэгтэй. Юм яривал хариултаа хэлэхгүй тойруулаад хуураад байдаг үндсэн “натур”-тай хүн” хэмээн ярилцлага өгчээ.
Чухам яагаад дээрх эрхмүүдийн ярьсныг тодотгосон гэхээр тэд бүгдээрээ Н.Энхбаяртай нэгэн цагийн хамтрагчид. Гагцхүү МАХН-ын дарга Н.Энхбаяр хэмээх хувь хүний үзэл бодол өдрөөс өдөрт өөрчлөн хувьсаж, албан тушаалын төлөө юу ч хийхээс буцахгүй болсноос үүдэж бүгдээрээ зайгаа барьж, өрх тусгаарласанд асуудлын зангилаа оршиж байгаа юм. Хамгийн сүүлд МАХН-ын дарга Н.Энхбаяр МАН-тай эвсэх асуудлыг хэлэлцэх үеэр эрх баригч намын даргатай уулзалт хийгээд явж байсан нь бас нэгэн шуугиан тариад буй. Түүний энэ давхар нүүдлийг Ц.Нямдорж гишүүн “Чин сэтгэлээсээ эвсэх зорилготой байсан юм бол Н.Энхбаяр З.Энхболдтой биш М.Энхболдтой уулзах ёстой биз дээ. Гэтэл манай Бага хурал эхэлчихсэн байхад З.Энхболдтой уулзсан. АН-ын хувьд МАН, МАХН-тай эвсэх вий гэсэн болгоомжлолтой байсан. Тэгээд манайхыг, МАХН-тай эвсүүлэхгүй байх арга чарга хайсан биз. Түүнийгээ тэр уулзалтын үеэр яриа биз” хэмээн тодотгожээ. Тэр нь ч үнэн.
Үнэндээ Н.Энхбаяр МАН-тай эвсэх асуудлыг чухалчилж байсан бол АН-ын даргатай уулзахгүй л байв. Хувь хүн талаасаа ч нэгэнтэй нь гар барьчихаад нөгөөтэй нь сэм уулзаж тохироо хийх нь зохимжгүй. Гэвч Н.Энхбаяр хэмээх улстөрч юу ч хүсэж байна, тэр нь ямар үр дагаварт хүргэхээс үл хамаарч хүссэнээ хийдэг хүн гэдгийг энэхүү нийтлэлийн эхлэл хэсэгт өгүүлсэн хүмүүсийн яриа, өрнөл хэсэгт өрнөсөн үйл явдал бэлхнээ харуулна. Нэг үгээр хэлбэл, Н.Энхбаяр гэсэн дан ганц хүний ашиг сонирхол улс төрд байтугай энэ Монголд ч багтахааргүй болжээ. МАН-тай эвсэх чимээгээр ялтайд тооцох хугацаагаа хэрэгсэхгүй болгох шантаажийг АН-д тулгаж нь эхэлсэн нь үүний бэлээхэн жишээ. Гэхдээ Н.Энхбаярын хаан явсан үеийг өнөө цагтай харьцуулахад олон зүйл өөрчлөгдсөнийг тэр тооцоолох хэрэгтэй. Хэдий их хууль зөрчсөн бусармаг явдлыг бусдад тулгана тэр хэмжээгээр нь үнэлэлт дүгнэлт ард түмэн зэхэж суугаа гэдгийг санахад илүүдэхгүй.
Эцэст нь хэлэхэд “Өршөөлийн хуулийг нэг удаа гаргадаг. Хуульд хийх тайлбарыг зөвхөн Дээд шүүх хийдэг. Харин УИХ бол хуульд тайлбар хийх биш, өөрчлөлт оруулдаг байгууллага. Эд нар үнэндээ хичнээн муухай хуйвалдаан хийж байна аа. Санаанд орохгүй муухай юм их хийж байна. 2015 оны наадмаас хойш Өршөөлийн хууль батлах, сайд нарыг, цэцийн даргыг хөөж явуулах зэргээр бүтэн жил үймүүллээ. Яасан ч дуусдаггүй тоглоомтой юм” хэмээх үг Н.Энхбаярын ашиг сонирхол төр, засгийн үйл ажиллагаанд ямар хэмжээнд нөлөөлж ирснийг илтгэх мэт.
С.Пуужин
URL: