Бөө мөргөлийн дом засалын хэлбэр
Хүн төрөлхтний уугул шүтлэг болох Бөө мөргөл нь шинэ чулуун зэвсэгийн үе буюу МЭӨ 9500-н жилийн тэртээгээс үүссэн гэж үздэг. Харин өнөөгийн гол гурван шашин болох Буддын шашин МЭӨ VI-р зуунд харин Христын шашин МЭ I-р зуунд үүссэн бол Мусульманы шашин МЭ VII-р зуунд үүссэн гэж түүхэнд тэмдэглэсэн байдаг. Бөө нь хүмүүсийн үл мэдэх ертөнцтэй холбоо тогтоож, далд орон зайтай харилцах чадвартай хүмүүс гэх бөгөөд шаман / мэдлэгийг эрхэмлэгч хүн / гэсэн утгыг илэрхийлдэг. Бөө нарыг өнгөрснийг харж, ирээдүйг мэдрэх увдистай гэдэг. Будда, Исламын шашин ард түмний дунд ихээхэн дэлгэрч, бөө мөргөлийн өв соёл ба бөөлөх зан үйл шахагдаж эхэлсэн боловч ард түмний итгэл үнэмшилд бөө мөргөлийн тэнгэрийг шүтэх ёс хадгалагдан хэвээр үлджээ.
Эртний бөөгийн үндсэн зорилтуудын нэгэн хүнийг домоор засч, эмчлэж эдгэрүүлэн илааршуулах явдал байв. Дом засалд янз бүрийн хөгжмийн зэмсэг хэрэглэн дуу авиа гаргаж, шившлэгтэй зай утлага хэрэглэхийн зэрэгцээ аяглан бүжих хөдөлгөөн хийдэгт байгаа юм. Энэ нь нэг ёсны бөөгийн бүжигт дом засал гэхэд хилсдэхгүй. Нүдэнд үл үзэгдэх далд буй зүйлтэй ярьж, янз бүрийн дуу авиа гаргаж, хөгжимийн хэмнэлт бүжгээрээ хүний бие махбодод нь бодитоор нөлөөлж, хорлол хөнөөөл, өвч зовлонг үгүй хийхэд тус дэм болох үйл явц болно. Бөөлөх явцад онгод улам догширч эцэс нь ухаан алдаж унах нь бөө хүний амь, оюун ухаан энгийн хүмүүс үл хүрэх өөр ертөнцөд нэвтрэн орж байгаагийн илрэл юм.
Онгодынхоо хамт гай зовлон, хорлол хөнөөлтэй тэмцэлдсэн бөө хэсэг хугацааны дараа сэргэж, хүнийг хорлогч зүйлс юу өгүүлснийг хэлж өгдөг байна. Нийгэм хөгжиж, янз бүрийн нөлөөгөөр бөөгийн дом засал, хүний биеийн тэнцвэрт байдлыг хадгалан зөв сайнаар нөлөө үзүүлдэг увдис нь аажмаар гээгдэж байна. Үнэндээ бөөлөг хийж, бүжих дом засал нь нэн эрт үеэс уламжлагдан ирсэн жинхэнэ бөө мөргөлийн зан үйл билээ. Өөрийнхөө төрөлхийн авъяас чадварт бүрэн итгэсэн бөө отог омог, ах дүүсийнхээ эрүүл мэнд, амгалан тайван байдлыг хамгаалах үүднээс сансар огторгуй, од эрхэс, байгаль дэлхийн дүлий, сохор хүчнээс сэргийлэн хамгаалж байдаг.
Бөө нар өөрсдийнхөө үйлдэлд итгэж, далд хүчний эсрэг тэмцэн аргадах, тайж тахих зэрэг зан үйлийг байнга хийдэг. Мөн газар ус, гүймэл суумал хөнөөлөөс хамгаалахын тулд хуяг хувцас, гар, хөлөндөө хөдлөх тоолонд дуу чимээ гаргаж тодотгож байдаг янз бүрийн том жижиг төмөрлөг эд, хонх зүүхээс гадна хуур хэнгэрэг ч хэрэглэдэг байна. Бөө хүн янз бүрийн зан үйлийн явцад юу ч хийдэг байлаа ч ганцхан зорилт тавьдаг ба хүний сэтгэлд хүчтэй нөлөөлөн эзэмдэж, хүнийг бүх талаар нь өөртөө хандуулах явдал байдаг.
Нийгмийн хөгжлийг дагаж бөөгийн уламжлалт өв соёл алдагдаж, удам угсаанаасаа дамжсан онгод, эрдэм чадваргүй бөө нэртэнгүүд хүмүүсийг хууран мэхлэх, бөө нэрээр халхавч хийж, хүн эмчлэх нэрээр мөнгө олж эрүүл мэндээр нь хохирох явдал гарсаар байгаа нь нэн харамсалтай. Тэглээ гээд уламжлалт бөөг ад үзэн муулах болон бөөгийн нэр барьж хуурч мэхлэн ашиг олох, хүнийг эрүүл мэндээр хохироох, айлган сүрдүүлж дөвчигнөх, хий хоосон сайрхан мэдэмхийрэх зэрэг үйлдлүүдийг сайшаах аргагүй билээ.
URL: