Үндсэн хуулийн уймраа манаачид

BG-Main-hall2Уймраа гэдэг үгийг монгол хэлний их тайлбар толь бичигт “хүний өтөлж зөнөсөн байдал, хийсэн хэлснээ мартагнадаг зан” хэмээн тайлбарлажээ. Монголчууд байр сууриндаа холбиромтгой хүмүүсийг “уймраа чавганц шиг” гэж хочилцгоодог. Тэгвэл уймраа гэдэг энэ бүтэл муутайхан үг манай Үндсэн хуулийн Цэцийн гишүүдэд яг тохирно гэдгийг өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт хуралдсан Үндсэн хуулийн Цэцийн Дунд суудлын хуралдаанаас гаргасан шийдвэр нотлон харууллаа.

Тухайлбал иргэн Д.Банзрагч “Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” гэжээ. Гэтэл намыг сонгож байгаа нь төлөөлөгчдийн байгууллага, иргэн хоёрын хооронд нам гэгч халхавч орж иргэд төрийн хэрэгт аль болох шууд орох эрх нь зөрчигдөж байна. …Намын томилолтоор нэрсийн жагсаалтын ард нуугдсан Улсын Их Хурлын гишүүнийг ард түмний элч, тэдний ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална гэж батлах үндэслэл байхгүй байна. Иймд 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Улсын Их Хурлаас баталсан Сонгуулийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалт, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн эсэхийг тогтоож өгнө үү” гэсэн бол иргэн Ц.Намсрай “Монгол Улсын Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Хорин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийг 2015 онд батлагдсан Сонгуулийн тухай хуулийн Арван зургадугаар бүлгийн 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт “Улсын Их Хурлын 48-аас илүүгүй гишүүнийг олонхийн сонгуулиар, 28-аас илүүгүй гишүүнийг хувь тэнцүүлэх сонгуулиар тус тус сонгоно” гэж заасан нь зөрчсөн гэж үзэж байна. Иймд 2015 онд батлагдсан Сонгуулийн тухай хуулийг Үндсэн хуультай нийцүүлэн төрийн эрх барих эрхийг иргэдэд олгож, намын жагсаалтаар сонгогдож байгааг зогсоож өгнө үү” хэмээн Цэцэд ханджээ.

Цэц үүнийг дээр дурдсан Дунд суудлын хуралдаанаараа хэлэлцэн үзээд “Улсын Их Хурлаас 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр баталсан Сонгуулийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад “хувь тэнцүүлсэн /пропорциональ/;”, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт “… 28-аас илүүгүй гишүүнийг хувь тэнцүүлэх сонгуулиар …” гэсэн заалтын үйлчлэлийг 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсүгэй. Үүнийг 15 хоногийн дотор хэлэлцэж, хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай” хэмээн дүгнэлт гаргасан байна.

Үндсэн хуулийн Цэцэд шийдвэр гаргах эрх мэдээж бий. Цэцийн шийдвэрийг дуртай дургүй ч хүлээн зөвшөөрдөг тогтсон жишиг, практик ч бий. Цэцийн энэ удаагийн шийдвэрийг зөв буруу эсэх талаар, Монгол Улс  сонгогчдын санал гээгддэггүй, сонгуулийн хувь тэнцүүлэх систем рүү арай ядан шилжиж байсан тэр нааштай үйл явц Цэцийн энэхүү шийдвэрийн үр дүнд бүрэн үгүйсгэгдэж, дээрх өөрчлөлт нь жалга довны депутат төрүүлдэг жижиг мажоритар тойрог руу хүссэн хүсээгүй түлхэх талаар зөндөө маргалдах бололцоотой. Гэхдээ Politik.mn сайт одоохондоо энэ тухай хөндөхгүй, харин 1992 онд батлагдсан “Монгол Улсын Үндсэн хуулийг найдвартай сахин хамгаалж байна, бидний дээр гагцхүү Үндсэн хууль, бас хөх тэнгэр л бий” гэж онгирцгоодог Цэцийн гишүүд маань үнэн хэрэгтээ ямар уймраа этгээдүүд вэ гэдгийг баримт түшин өгүүлэх гэж байна.

Дөрвөн жилийн өмнө яг энэ асуудлыг Цэц авч хэлэлцээд пропорциональ системийг Үндсэн хууль зөрчөөгүй гэж үзэж, намын жагсаалтыг зөвтгөж байжээ.  Түүнийг эргэн сануулбал, 2011 оны арванхоёрдугаар сарын 15-нд УИХ-аар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийг батлаж байв. Энэ хууль батлагдсанаар монголчууд анх удаагаа пропорциональ системийг сонгуульдаа ашиглахаар болсон юм. Хууль батлагдсанаас гурван сарын дараа буюу гуравдугаар сарын 28-нд нэр бүхий иргэдийн зүгээс уг хуулийн зүйл, заалтууд Үндсэн хуулийн зарим заалтыг зөрчсөн эсэхийг тогтоолгохоор гаргасан өргөдлийн мөрөөр Цэц Дунд суудлын хуралдаанаа хийж байжээ. Ингэхдээ иргэн Б.Цогтгэрэл, Н.Чадраабал, Ё.Бямбатогтох, П.Одгэрэл, Н.Ариунболд, Э.Эрдэнэжамьян, О.Баасанхүү нарын гаргасан мэдээлэл, өргөдлийн мөрөөр Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн зарим нэг заалтыг түдгэлзүүлээд, харин хамгийн их анхаарал татаж байсан намын жагсаалтыг Үндсэн хууль зөрчөөгүй гэж үзэн хуулинд хүчин төгөлдөр үлдээж байжээ.

Шоглоомтой нь намын жагсаалтыг эсэргүүцэж Үндсэн хууль зөрчлөө хэмээн Цэцэд заргалдаж байсан О.Баасанхүү Н.Энхбаярын оймсонд хавчуулагдан намын жагсаалтаар УИХ-д орсон бол мөн заргалдаж байсан Э.Эрдэнэжамьян, жагсаалтын ачаар парламентад бүлэгтэй болсон МАХН-ын дэд дарга болчихсон манаргаж явна.

Ийнхүү Цэц жагсаалтыг зөвтгөснөөр 2012 оны сонгууль холимог системээр явагдсан түүхтэй. Тэр үед хувь тэнцүүлэх элемент бүхий сонгуулийн хуулийг ногоон гэрлээр зөвтгөн үлдээж байсан Үндсэн хуулийн Цэцийн Дунд суудлын хуралдааныг саяын баасан гаригийн хуралдааныг даргалсан Цэцийн гишүүн Н.Жанцан бас л даргалж байжээ. Мөн тэр үед экс ерөнхийлөгч П.Очирбат Үндсэн хуулийн Цэцийн гишүүн байлаа.

Инээдтэй нь Үндсэн хуульд ямар ч өөрчлөлт ороогүй байхад яг ижил маргаанаар Үндсэн хуулийн Цэц эргэж буцсан шийдвэр гаргалаа. 2012 оны гуравдугаар сарын 28-нд Үндсэн хуулийн манаач нар намын жагсаалтыг асуудалгүй хэмээн шийдэж байсан бол дөрвөн жил нэг сарын дараа “намын жагсаалт Үндсэн хууль зөрчиж байна” хэмээн лүндэн буулгалаа. Энэхүү дүгнэлтийг Н.Жанцан, П.Очирбат, Т.Лхагваа, Д.Сугар, Д.Солонго нарын Цэцийн гишүүд гаргажээ. Харин яг ийм шийдвэрийг Төрийн ордноос Цэцэд гол хоёр нам захиалсан гэж хэвлэлүүд бичээд байсан нь үнэн болж таарч байх шиг байна.

Захиалгыг МАН-аас угшилтай, соц нийгмийн үед намын төв хорооны хэлтсийн эрхлэгч байсан Н.Жанцан, саявтар  насны хязгаарын улмаас Цэцээс арай л хусагдчихаагүй П.Очирбат нарын идэвхитэй оролцоотойгоор амжилттай гүйцэтгэлээ гэж хардах үндэстэй. Үндсэн хуулийн Цэцийн дээрх уймраа шийдвэрээс харахад манай Цэцийн гишүүдийн дээр тэдний өөрсдийнх нь бахархан ярьдаг Үндсэн хууль алга, ямар ч хөх тэнгэр байдаггүй юм байна. Харин тэдний дээр нөлөөтэй намууд, улстөрчдийн захиалга л байдаг гэж хэлж болохоор байна. Монгол Улсын гавьяат хуульч, Цэцийн дарга Ж.Амарсанааг элдвээр бөөрөлхөж Цэцээс саяхан хуссан нь ч яг ийм шийдвэр гаргах замаа засч байсан үйлдэл байсан бололтой.


URL:

Сэтгэгдэл бичих