СоцИнтернийн эмэгтэйчүүд “Улаанбаатарын тунхаглал”-ыг батлан гаргав
СоцИнтернийн эмэгтэйчүүдийн байгууллагын нэг гол зорилго өөрөө эмэгтэйчүүдийн улстөрийн оролцоог дээшлүүлэх учраас анх удаа Монголд болж буй уг хуралд МАН-ын эмэгтэйчүүд өндөр ач холбогдол өгч оролцлоо. Мөн МАН-ын удирдлага оролцсон нь тэд эмэгтэйчүүдийнхээ улстөрийн оролцоог дэмжиж буйн илэрхийлэл болов. Хурлын нээлтэд оролцсон МАН-ын дарга М.Энхболд, шийдвэр гаргах түвшин дэх оролцоог нэмэгдүүлэхийн тулд МАН анх удаа дүрэмдээ эмэгтэйчүүдийн квотыг 25 хувь байхаар баталж, амьдралд бодитойгоор хэрэгжүүлэн бусад улстөрийн намуудад сайн үлгэр дуурайл үзүүлэн ажиллаж буйгаа тэмдэглэсэн юм. Мөн орчин цаг үе нь эмэгтэйчүүдийг улстөрд идэвхтэй оролцуулахыг шаардаж байгаа бөгөөд энэхүү шинэ хүчтэй хандлага нь эмэгтэйчүүдийн өөрсдийнх нь өргөн мэдлэг, боловсрол, авьяас чадвар, хичээнгүй зүтгэл, уйгагүй үйл ажиллагаа, тэмцлийн үр дүн гэдгийг МАН-ын дарга М.Энхболд онцлон тэмдэглэсэн байна.
Харин НАМЭХ-ны ерөнхийлөгч Ц.Цогзолмаа эмэгтэйчүүдийн улстөрийн оролцоог нэмэгдүүлэх нь эдийн засгийн хямралаас үүдэлтэй ажилгүйдэл, ядуурлын асуудлыг шийдвэрлэх, эрүүл мэнд, боловсролын үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх гол нэг хөшүүрэг болох тухай тэмдэглэв. УИХ-ын гишүүн, СоцИнтернийн олон улсын байгууллагын Ази Номхон далайн бүс хариуцсан дэд ерөнхийлөгч Сү.Батболд, ардчилсан нийгэмд шилжих үйл явцад жендэрийн тэгш эрхийн асуудал улам бүр чухлаар тавигдаж буйг тэмдэглэж, “улстөрийн намуудын олон ургальч үзэл, тэдгээрийн үзэл бодлын мэтгэлцээнээс үл хамааран жендэрийн асуудлаар нэгдсэн тохиролцоонд хүрч чаддаг нь Монголын онцлог” гээд ардчилал хөгжсөн орнуудын жишгээр эмэгтэйчүүдийн улстөрийн оролцоог дээшлүүлэх нь тулгамдсан асуудал болохыг хэлсэн юм. СоцИнтернийн Эмэгтэйчүүдийн олон улсын байгууллагын дэд ерөнхийлөгч Д.Энхжаргал, эмэгтэйчүүдийг эдийн засгийн хувьд хүчирхэг болгох, ядуурал, хүчирхийлэлд цэг тавих, эмэгтэйчүүдийн улстөрийн оролцоог хангах гэсэн гурван асуудалд онцгойлон анхаарах шаардлагатайг хурлын нээлтэд хэлсэн үгэндээ онцолсон. МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл нар мөн нээлтийн мэндчилгээ дэвшүүлсэн. СоцИнтернийн олон улсын эмэгтэйчүүдийн хуралд алс холоос хүрэлцэн ирж оролцсон СоцИнтернийн олон улсын эмэгтэйчүүдийн байгууллагын хүндэт ерөнхийлөгч, Италийн парламентын гишүүн Пиа Локатилла “Эмэгтэйчүүдийн улстөрийн оролцооны асуудал бол эрэгтэй, эмэгтэй хүн аль аль нь адил тэгш эрхээ эдлэх тухай л асуудал. Өнөөдөр шийдвэр гаргах төвшинд эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс илүү эрхээ эдэлж байгаа учраас эмэгтэйчүүдийн асуудлыг ярихаас аргагүй” гэсэн юм. Харин СоцИнтернийн олон улсын эмэгтэйчүүдийн байгууллагын Өмнөд Латин Америкийн бүс хариуцсан дэд ерөнхийлөгч Мигуэлина Векчио “Ямар ч улстөрийн нам эмэгтэйчүүдийг сайн дураар эгнээндээ оруулдаггүй.Бид өөрсдөө тэмцэж орох ёстой” хэмээв. Эмэгтэй Ерөнхийлөгчтэй болох хүртэлх Өмнөд Солонгосын эмэгтэйчүүдийн улстөрийн тэмцэл дардан шулуун байгаагүйг БНСУ-ын парламентын гишүүнээр дөрвөн удаа сонгогдсон Ким Ён Жү хэлэв. Тэрбээр хэрвээ Монголын парламент эмэгтэйчүүдийн улстөрийн оролцооны хамгийн гол хөшүүргийн нэг болсон пропорциональ тогтолцоог халах гэж байгаа бол эмэгтэйчүүд тэмцэх хэрэгтэй гэсэн зөвлөгөө өгсөн.
СоцИнтернийн олон улсын эмэгтэйчүүдийн байгууллагын Азийн бүсийн ээлжит хурлын үеэр ”Эмэгтэйчүүдийн улстөрийн оролцоо ба жендэрийн тэгш байдал”, “Эмэгтэйчүүдийг эдийн засгийн хувьд хүчирхэг болгох нь”, “Монгол Улсын тогтвортой хөгжлийн асуудал” сэдвүүдээр салбар хуралдаан болов. УИХ-ын гишүүн, БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол ”Монгол Улсын тогтвортой хөгжлийн асуудал” илтгэлдээ тогтвортой хөгжлийн асуудлыг нийгэм, эдийн засаг, байгаль орчны шүтэлцээнд авч үзсэн бөгөөд эх дэлхийгээ эхийн хайраар хайрладаг эмэгтэйчүүд шийдвэр гаргах төвшинд олноор орох шаардлагатайг онцолсон юм.
Хурлын төгсгөлд Азийн бүс нутагт эмэгтэйчүүдийн улстөрийн оролцоог бодитойгоор нэмэгдүүлэх, эмэгтэйчүүдийг эдийн засгийн хувьд хүчирхэгжүүлэх, эмэгтэйчүүдийг хамарсан хүчирхийллийн олон хэлбэрийг устгах, тэдэнд үзүүлж буй боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зэрэг өргөн утга агуулгатай “Улаанбаатарын тунхаглал”-ыг батлан гаргав. СоцИнтернийн олон улсын эмэгтэйчүүдийн байгууллагын хурлыг НАМЭХ эх орондоо анх удаа амжилттай зохион байгуулсан нь эмэгтэйчүүдийн улстөрийн оролцоог дээшлүүлэх, эмэгтэйчүүд эрхээ хэрэгжүүлэхэд томоохон дэмжлэг болж буй юм.
Т.Буд
URL: