“Нарантуул”-ын түрээслэгчид Ж.Батзандан гишүүнд мэдэгдэл хүргүүлэв
“Нарантуул” ОУХТ-ийн түрээслэгчид УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга Ж.Батзанданд мэдэгдэл хүргүүлсэн байна. Уг мэдэгдэлд : “УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга Ж.Батзандангийн хууль бус, ёс зүйгүй үйлдэлд “Нарантуул” Олон Улсын худалдааны төвийн нийт худалдаа эрхлэгчдээс мэдэгдэл хүргүүлж байна.
2016 оны 4-р сарын 23-ны өдөр УИХ-ын гишүүн Ж.Батзандан Та Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Нарантуул” ОУХТ-д цагдаа, онцгой байдлын ажилтнууд түрээсчлэгч биш, манай байгууллагатай огт хамааралгүй хүмүүсийг дагуулан ирж “…Би төр байна. Энэ хүмүүст лангуу шийдэж өг. Танай худалдааны төвд дахин гал гарвал танай газрыг хурааж авна, танай газрыг хураагаад өөр хүмүүст өгнө. Танайх маш их ашиг олдог юм байна. Сардаа 600 сая төгрөгийн ашиг олдог юм байна.
Танайд татварын шалгалт оруулна” гэж хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа хувийн компанийн ажлын байранд зөвшөөрөлгүй нэвтэрч, өөрийгөө нийт “Нарантуул” ОУХТ-ийн түрээслэгч нарыг төлөөлж ирлээ гэж телевизийн камерын өмнө сонгуулийн шоу хийсэн үйлдлээ цаашид гаргахгүй байхыг танаас хүсч байна.
“Нарантуул” ОУХТ-ийн 15000 гаруй ажлын байранд 100 мянга орчим хүн ажил амьдралаа залгуулдаг бөгөөд бид таниас болон улсаас цалин, тэтгэмж нэхдэггүй бор зүрхээрээ яваа, Монгол Улсын иргэд.
Та бидний ажил амьдралаа залгуулдаг ажлын байрыг хураан авч хэнд өгөх гээд байгааг мэдэхгүй ч, танаас ийм үйл ажиллагаа явуулахгүй байхыг, бор зүрхээрээ амьдралаа залгуулж яваа ядарсан иргэдийн нэрийг барьж сонгуулийн шоу хийхгүй байхыг хүсч байна.Хэрвээ бидний мэдэгдлийг үл ойшоож, бидний ажлын байрыг хэн нэгэн түрээслэгч биш этгээдэд, өөр хүмүүс авч өгөхийг санаархсан үйл ажиллагаа явуулбал бид хатуу тэмцэх болно гэдгийг үүгээр мэдэгдэж байна” гэжээ.
Эх сурвалж: Шуурхай.мн
URL: