Оргил рашаан сувилал ТӨХК-ийг томруулах сонирхол уу, эсвэл
Оргил рашаан сувилал ТӨХК, хажуудаа байдаг Монгол-Солонгосын дорнын анагаах ухааны төв ТӨХК-ийн цахилгааныг тасалж, эмчилгээ, үйлчилгээг нь саатуулснаар эмчлүүлэгчдэд чирэгдэл учирсныг өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр Хан-Уул дүүргийн иргэдээс бидэнд ирүүлсэн юм.
Үйл явдлын мөрөөр сурвалжлахаар очиход тус төвийн цахилгаан тасарч ирсэн үйлчлүүлэгчдийнхээ утасны дугаарыг авч “Тог ирэхээр дуудъя” хэмээн явуулж байв. Үйлчлүүлэгч Б “Хоёр компанийн хоорондох түрээсийн төлбөрөөс болсон маргаан бололтой” гэсний дагуу нягтлан бодогч Д.Ганчимэгээс энэ талаар тодруулахад “Оргил рашаан сувилал, Монгол-Солонгосын дорнын анагаах ухааны төв хоёр нь нэг байранд үйл ажиллагаа явуулдаг төрийн өмчит байгууллагууд.
Манай төвийг анх хоёр улсын Засгийн газар хөрөнгө оруулж, Оргил рашаан сувиллыг түшиглүүлэн байгуулсан байдаг. Барилгыг барихдаа 10 өрөөг манай төвийн мэдэлд өгсөн зураг, баталгаажуулсан баримтууд бий. 2007 онд Оргил рашаан сувиллыг төрийн өмчит үйлдвэрийн газар болгоход манай төв эдний харъяаллаас гарч төрийн өмчит төсөвт албан газар болж 15 дахь жилдээ үйл ажиллагаа явуулах болсон. Бие даасан цагаасаа Оргил рашаан сувилалд ашиглалтын зардал төлдөг болсон. Гэтэл 2013 оноос түрээс төлөхийг шаардсанаар ТӨХ-ны зөвлөмжийн дагуу түрээсийн гурвалсан гэрээ байгуулж түрээс төлж ирсэн. Гэтэл ТӨХ-ны үйл ажиллагаа зогссоноос эхлэн дулаан, усны зардал нэмж нэхэх боллоо.Нэг нь нэхээд нөгөө нь төлдөг хууль байхгүй. Гурвалсан гэрээтэй шүү дээ.
Гэхдээ бид эдийн засгийн хямрал хүндхэн байгаа ч аль аль талаа бодож, түрээсээ нэмэх маягаар хамтран ажиллая гэсэн. Хүлээж авсангүй. Уг нь бид хуулиараа нэг ч төгрөгийн өр төлбөргүй. Түрээс дотор дулаан, ус ашиглалтын зардал багтсан байгаа. Гэтэл цахилгаан тасалж хүндрэл учруулж байна. Оргил рашаан сувиллын цахилгаанчин манай ажилтан шиг өрөө тасалгаагаар явах болсон нь ийм учиртай байж. 21-22-нд шилжих шөнө манай байрны тогийг тасалсан байна” гэв.
Төрийн өмчит хоёр компанийн хооронд асуудал хувийн хэрүүл, маргааны байдлаар ингэж явж боломжгүй. ТӨХ татан буугдсан ч Сангийн яам асуудлыг хариуцах болсон. Энэ завсар гурвалсан гэрээ бүхий нэртэй ч Монгол-Солонгосын дорнын анагаах ухааны төв гээгдсэн байдалтай байгаа аж. Оргил рашаан сувиллын хувьд хувьчлах байгууллагуудын жагсаалтад орж, нэг удаа дуудлага худалдаа болсон ч үнэтэй байна гээд аваагүй. Одоо хоёр дахь удаагийн дуудлага худалдаа болно, үнийг нь хямдруулаад аль нэг газар авах биз.
Энэ хооронд хэдийгээр бөөрөнд нь наалдан оршиж, нэг байранд үйл ажиллагаа явуулдаг ч хоёр улсын Засгийн газрын хөрөнгө оруулалтаар байгуулагдсан өөрийн гэсэн өмчтэй, эмчилгээ үйлчилгээ явуулах эрх бүхий 10 өрөөтэй Монгол-Солонгосын дорнын анагаах ухааны төвийг цахилгааныг нь таслах мэтээр хүндрэл учруулж байгаад хөөгөөд гаргачихвал юу болох вэ. Зай талбайнаас эхлээд байраа томсгох, өмч хөрөнгөө нэмэгдүүлэх биш үү. Ингэж сонгууль болох завсрын үед төрийн өмчит нэг газрыг нөгөөгөөр нь “бариулчихаад” хэн нэгэн хожих гэсэн санаархал уу гэсэн хардлага дагуулсан олон асуулт урган гарч байна.
Нөхцөл байдлыг тодруулахаар Оргил рашаан сувилал ТӨХК-д хандахад “О.Сэмэр захирал гадуур ажилтай. Захирлаас өөр хүн байр суурь илэрхийлэх боломжгүй” гэсэн хариу өгсөн. Захирлын туслахад холбоо барих утасны дугаар үлдээгээд тодруулга өгөхийг хүссэн ч өнөө болтол холбогдсонгүй. Ер нь бол өөрийнхөө байранд түрээс төлж, тэгээд илүү төлсөнгүй гэсэн дарамтад ороод буй Монгол-Солонгосын дорнын анагаах ухааны төв рүү эрх баригчид нүдээ нээгээд хараасай, судалж үзээсэй. Төрийн өмчийг үнэгүйдүүлж, гээгдүүлж, хэн нэгний ашиг болгох гэсэн сонирхол орчихсон юм биш үү?
Ч.Олдох
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL: