Япон дасгалжуулагчтай болбол ямар вэ?

Ч.Насантогтох багшийг өөрийнх нь хүсэлтээр жүдо бөхийн ундэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчийн ажлаас нь чөлөөлчихлөө. Одоо түүнийг шигшээ багийн дасгалжуулагч Х.Болдбаатар түр орлож байна. Жүдогийн шигшээ багийн дасгалжуулагчдын орон тоон дээр нээлттэй сонгон шалгаруулалт зарлачихаад байгаа. Сонирхсон хүмүүсийн материалыгмхүлээн авах эцсийн хугацаа өчигдрөөр дуусгавар боллоо.

Ч.Насантогтох өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөөд “Одоо байгаа шигшээгийн бусад дасгалжуулагчид бол” гар нийлсэн сайн хамт олон. Болбол тэднийг энэ чигээр нь байлгаж, бүүр болмоор бол Х.Болдбаатарыг өөрийнх нь “суудалд тавьж болох уу” хэмээсэн. Гэвч үүнийг дан ганц жүдо бөхийн холбоо шийдэх боломжгүй. Биеийн тамир, спортын газар, Шигшээ багийн албатай зөвшилцөж, сонгон шалгаруулалтад материалаа ирүүлсэн бусад дасгалжуулагчдын намтар түүх, үзүүлсэн амжилт, ааш араншин, нэр хүнд, дасгалжуулагчийн чадвар зэрэгтэй нь харьцуулж үзсэний эцэст шийдвэрлэх асуудал. Одоогоор Х.Баттулга гишүүний “товлочихоод” байгаа О.Балжинням нэлээд рейтинг өндөртэй байна. Холбооных нь ерөнхийлөгч “нүдэлчихсэн” тийм хүнтэй бусад дасгалжуулагчид өрсөлдөөд нэмэр байна уу гэмээр. О.Балжинням аваргыг мэргэжилтнүүд, жүдогийнхон нааштай хүлээн авах ч, нөгөөтэйгүүр “Жүдог үндэсний бөх шиг болгоод хагаргаж, бутаргачих “шидтэй” хүн. Аягүй бол нутгийнхаа баахан хүмүүсээр шигшээг дүүргэчихэж магадгүй” хэмээн болгоомжилж, хардах улсууд ч байна.

Харин Ч.Насантогтох багшийн өөрийгөө залгамжлуулахыг хүсээд байгаа Х.Болдбаатарыг шигшээ багийн тамирчид, жүдо бөхийн холбооныхон нааштай хүлээн авч байна. Учир нь “Гарман дээр морио солив” гэгчээр олимпийн өмнө шигшээгийн ахлах дасгалжуулагчаа сольсон ч одоогиин шигшээ багт байгаа тамирчидтай хэл амаа ололцоод явж чадах хүн гэж Х.Болдбаатарыг үнэлж байна. Х.Болдбаатарын хувьд Ч.Насантогтох багшид “дарагдаж” ирсний эцэст ийнхүү дэвших боломж ч байж мэднэ. Шигшээ багт байгаа бусад дасгалжуулагчдаасаа ингэж онцлогдсон ч түүний ур чадвартай холбоотой.

Спорт сонирхогчдын хувьд жүдо бөхийн шигшээ багийн дасгалжуулагчдын энэхүү халаа сэлгээнээс ахлах дасгалжуулагчийнх нь илүүтэй сонирхол татаад байна. Одоогоор дараагийн ахлах дасгалжуулагчийн “сэнтийд” О.Балжинням аварга, Х.Болдбаатар гавьяатын нэр л дуулдаад байна. Сонгон шалгаруулалтаар БТСГ, Шигшээ багийн алба, Монголын жүдо бөхийн холбооныхны тааллыг хүртээд, ахлах дасгалжуулагч болчихоор “битүү морь” гараад ирэхийг ч үгүйсгэхгүй.

Жүдогийн шигшээ багийн дасгалжуулагчдыг хэн хэн байж болох вэ гэдэг асуултад гаднаас тэр дундаа Японоос багш, дасгалжуулагч урьж авчрах нь зөв гэсэн хувилбар яваад байна. Ямартай ч олимп хүртэл Японы шилдэг дасгалжуулагчийг хөлслөөд “Лондон-2012″ т дээгүүр давхичихсан байхад манай залуу дасгалжуулагчид тэр хүнээс их зүйл сурч мэдээд үлдчих боломжтой.

Сая дэлхийн аваргын дараа гадны мэргэжилтнүүд манай жүдочдыг хараад “Танайхан мэргэжлийн жүдод барилдах арай болоогүй байна. Танай түвшинд бүгд муу” гэсэн юм чинь Япон мэргэжилтнээр жүдогийн “хөлөг онгоцныхоо” залуурыг олимпийг дуустал бариулчихвал манай жүдогийн өнгө төрх ч өөрчлөгдөж мэдэх юм. Яагаад япон дасгалжуулагчтай болж болохгүй гэж. Угаас легионер дасгалжуулагч одоо моодонд ороод байгаа.

Дасгалжуулагчдыг солих асуудлын хажуугаар шигшээ багийн тамирчдыг ч давхар сольчих санал байна. Нэгэнт л дасгалжуулагчаа сольж байгаа бол тамирчид нь ч гэсэн шинэ байвал асуудал илүү хөнгөн тусна. Шинэ дасгалжуулагч ирээд өнөө хуучин тамирчидтай хэл амаа ололцохоос эхлүүлээд бишгүй л бэрхшээлтэй тулгарна. Аягүй бол “Би тантай таарахгүй нь. Таны арга барил Насаа багшийнхаас тэс өөр юм” гээд гэдийчих тамирчид жүдогийн шигшээ багт байж болох тул шинэ хуучны ялгааг нь эл сэлгээндээ тусгачихад илүүдэхгүй байх.

Д.САРУУЛ


URL:

Сэтгэгдэл бичих