Алдагдсан бурхны мөрөөр

Өндөр гэгээн Занабазарын урласан Ногоон дарь эх бурхан Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын нутагт байх Баруун Чойрын хийдэд заларснаасаа хойш дөрөв дэх удаагаа алга болоод байгаа. 2006 онд ногоон Дарь эх бурхныг тус сумын ИТХ-ын дарга О.Батсүх гэгч хулгайлсан байдаг. Харин 2007 онд нутгийн гурван залуу бурхныг хулгайлаад нутгаасаа гарч чадалгүй машин нь эвдэрч цагдаа нарт үйлдэл дээрээ баригдаж байсан юм билээ.

Гурав дахь удаа хулгай хийсэн хүмүүс бол 1995 оноос хойш улс даяар хулгайн олон хэрэг үйлдэж цагдаа нарт баригдалгүй зугтааж чаддаг байсан “Хожиндой” хочит Б.Батжаргал болон түүний хам хэрэгтэн болох “Дармын улаан” хочит Я.Мөнхбат, С.Пүрэвбат нар юм. “Хожиндой” хочит Б.Батжаргал нь 1995 оны дунд үед эрүүгийн ертөнцөд шуугиан тарьж байсан нэгэн. Түүний хулгай хийсэн нь хөдөлшгүй баримтаар нотлогдож, 20 гаруй цагдаа гэрээс нь баривчлахаар бүсэлж, гэрт нь ороход тэрбээр аль хэдийнэ зугтаж амжсан байсан гэдэг. Ингэхдээ гэрийнхээ доогуур ухсан нүхээр дамжин зугтааж байжээ. Энэ мэт түүний талаар цагдаа нар олон зүйлс ярьдаг.

ИТХ-ЫН ДАРГА О.БАТСҮХ ХУУРАМЧ БУРХНААР СОЛЬЖ БАЙГААГ ХАМБА ЛАМ ЗҮҮДЭЛЖЭЭ

Ногоон дарь эх бурхныг хэрхэн алдагдаж байсан талаар нутгийн иргэд болон албаны зарим эх сурвалжаас авсан мэдээллээ хүргэе. 2006 оны хавар Цагаандэлгэр сумын ИТХ-ын дарга О.Батсүх бурхныг хулгайлахаар нарийн арга сүвэгчлэн эртнээс төлөвлөсөн байжээ. Ногоон дарь эх бурханд нутгийн ямар ч эрх мэдэлтэн хүрэх эрхгүй. Зөвхөн Хамба лам Рэгзэнгочоо хүрэх эрхтэй байдаг. Тийм болохоор ИТХ-ын дарга асан О.Батсүх бурхныг хуурамчаар хийлгээд дээл өмсүүлчих юм бол намайг хулгайлсан гэдгийг хэн ч мэдэхгүй хэмээн бодоод БНХАУ-д Ногоон дарь эхийн хуулбарыг захиалж зэсээр хийлгэжээ. Тэгэхдээ нарийн ураар хийлгэхийн тулд 1.3 сая төгрөг төлсөн гэдэг. БНХАУ-ын Эрээн хотын нэгэн уран дархан ч төд удалгүй хуурамч бурхныг нь өгчээ. Нутгийн ард олны шүтэн биширдэг бурхантай хэмжээ дамжаагаараа яг адилхан хийлгүүлсэн аж. Ингээд 2006 оны дөрөвдүгээр сарын 27-нд хийд рүү ороод хуурамч бурхнаа тавиад жинхэнэ бурхныг өвөртөлсөн гэдэг. О.Батсүх нь “Намайг бурхан хулгайлсан гэж хэн ч хэлэхгүй. Бас бурхан солиод тавьсан гэдгийг мэдэхгүй юм чинь” хэмээн бодоод гэртээ нуучихсан байгаа юм. Тэгтэл маргааш өглөө нь бурхан хулгайлсан талаарх яриа иргэдийн дунд гарч ИТХ-ын даргын санаа бүтэлгүйтжээ. Ногоон дарь эх бурхныг алдагдсан болохыг хамгийн түрүүнд Боржигоны баруун Чойр хийдийн хамба Н.Рэгзэнгочоо лам мэдсэн гэнэ. Бурхан алга болдог шөнө хамба ламын зүүдэнд уг бурхан орж өөрийгөө хулгайд алдагдаж байгаа тухай, мөн өөрийнх нь оронд хуурамч бурхан орхисон гэдгийг “хэлсэн” гэнэ. Хамба ламын хувьд ийм тодорхой зүүд зүүдэлсэн учир өглөө сэрээд хамгийн түрүүнд хийд дээр очоод Ногоон дарь эхийг залсан гүнгэрваан дэргэд очиход хадаг яндар хөглөрөөд нэг л өөр болсон байхыг анзаарсан аж. Ингээд л зүүдэндээ харсан зүйл нь үнэн байж болохыг ойлгосон хамба лам Ногоон дарь эх бурхныг нягтлан хараад нүдэндээ ч итгээгүй аж. Учир нь Өндөр гэгээний урласан монгол бүсгүйн төгс дүр болсон Ногоон дарь эх бурхан өмнөд хөршийн урт түүшинтэй хятад хүүхэн болж хувирсан байжээ. Ингээд л бүх учрыг ойлгосон хамба лам цагдаад дуудлага өгснөөр уг хэргийн зангилаа тайлагдаж, хулгайч баригдсан юм билээ. О.Батсүхийн сая гаруй төгрөг гарздан байж урлуулсан хуурамч Ногоон дарь эхийн түүшин нь жинхэнээсээ арай урт байснаараа ялгагдаж байсан тухай Н.Рэгзэнгочоо гуай ярьсан юм.

Харин хоёр дахь удаагаа хулгайлсан нутгийн гурван залуу бурхныг Соёлын нэн ховор бүтээл байгаад зогсохгүй 250 сая төгрөгөөр үнэлсэн тухай мэдээллийг сонсоод түүнийг хулгайлахаар зориг шулуудсан аж. Тэд ямар нэг нарийн зохион байгуулалтгүйгээр хийд рүү очсон бөгөөд манаачаас нь гэгээн цагаан өдөр дээрэмдсэн байна. Тухайн үед нь нутгийн иргэн цагдаад мэдэгдсэнээр тэд үйлдэл дээрээ баригджээ. Үүний дараа 2008 оны арванхоёрдугаар сарын 6-нд тухайн үед манаачаар ажиллаж байсан Д.Сүхбаатар 01 цагийн үед хийдээ эргээд, ээжийнхээ хамт унтжээ. Шөнө гэнэт баг өмссөн гурван залуу гэрийнх нь хаалгыг эвдэлж орж ирээд, гэрийн эзэн болоод ээж З.Цоожид хутга тулгасан гэнэ. “Ямар нэгэн дуу гаргах юм бол шууд ална шүү. Хийдийн түлхүүрийг өг” гэжээ. Манаач Д.Сүхбаатар ямар нэгэн эсэргүүцэл үзүүлэлгүй хийдийн түлхүүрийг өгсөн байна. Ингээд Ногоон дарь эх бурхныг аваад хотын зүг машинаар явжээ. Тэр үед манаач сумынхаа цагдаа руу утасдаж дээрэмдүүлсэн талаар хэлжээ.

Үүний дараа бурхныг хулгайлахыг завдсан “Хожиндой” хочит Батжаргал болоод хамсаатнуудыг сумын төвөөс холгүйхэн машиных нь мотор цохиод зогсож байхад нь баривчилсан гэдэг. Шүүхээс “Хожиндой” хочит Б.Батжаргалд эрүүгийн хуулийн 147.3-тзааснаар үндэслэн 17 жилийн хорих ялаар шийтгэжээ. Харин түүний хам хэрэгтэн болох “Дармын улаан” хочит Я.Мөнхбат, С.Пүрэвбат нарт тус тус 16 жилийн хорих ял оноожээ. Тэд Дарьтын хорих ангид хоригдож байгаа юм билээ.

Энэ мэтчилэн “Ногоон дарь эх бурхныг хулгайлсан хүмүүсийг бурхан өөрөө барьж өгдөг юм. Удахгүй хулгайч нь өөрөө гаргаад өгчихнө дөө” гэх яриаг Цагаандэлгэр сумын Засаг даргаас эхлээд уулзсан хүн бүр ярьж байсан юм.

ЦАГААНДЭЛГЭР СУМЫН ХИЙДЭЭС 10 ГАРУЙ БУРХАН АЛГА БОЛООД БАЙНА

Цагаандэлгэр сумын хийдээс сүүлийн жилүүдэд олон бурхан, тахил ор сураггүй алга болоод байгаа аж. Дээрх Б.Батжаргал нарын хэрэг гарсны дараахан нутгийн иргэн хийдийн манаач Н.Наранлхамыг гэртээ байхад нь шилэн оймс толгойдоо угласан таван залуу орж ирээд гарыг нь ард нь хүлж орхиод нарийн хийцтэй таван бурхан, мөнгөн цогц зэргийг дээрэмдсэн хэрэг гарсан юм билээ. Гэвч энэ хэрэг одоо болтол илрээгүй байгаа аж. Мөн одоогоор арав гаруй бурхан алга болоод байгаа бөгөөд бурхнуудыг нарийн зохион байгуулалттайгаар хулгай хийсэн байж магадгүй хэмээн Дундговь аймгийн цагдаагийн хэлтсийнхэн шалгаж байгаа аж. Сумын захиргаа болон холбогдох бусад газраас тус хийдэд бараг анхаарал тавихгүй байгаа талаар нутгийн иргэд хэлж байна лээ. Тэр ч утгаараа хамаг өнгөтэй өөдтэй бурхадыг хэн дуртай нь “халаасандаа хийгээд” байгааг нуулгүй хэлж байв.

Үргэлжлэл бий

Э.ХҮРЭЛБААТАР

Өмнөх мэдээллийг ЭНДЭЭС үзнэ үү.

Тус мэдээллийг бусад хэвлэл мэдээллийн байгууллага хуулбарлан нийтлэхийг хориглоно.

“ӨДРИЙН СОНИН”


URL:

Сэтгэгдэл бичих