”Муухай” хятадаас илүү ”Муухай” монгол
Хятадыг нэг хэсэг “Муухай хятад хүн” ном байлдан дагуулсан. Дараа нь Монголд “Муухай монгол хүн” хэвлэгдэж байсан гэдэг. Тухайн үед хятадууд тэр номноос өөрсдийнхөө алдаа дутагдлыг олж харж, засч залруулж байсан гэх яриа бий. Харин монголчууд тэр номыг олж уншсан эсэх нь бүү мэд.
Монголын эдийн засгийг дуртай тийш нь чиглүүлж, хүссэн үедээ өөрийнхөөрөө хөдөлгөж байгаа хятадууд үнэхээр “муухай, зэвүүн” хүмүүс юм. Диплотам зангаар бол хөрш хөршдөө найрсаг хандах учиртай. Гэвч олон монгол хятадуудад тийм ч таатай ханддаггүй. Энэ нь хятад муухайдаа, монгол хөөрхөндөө биш байх.
Эдийн засаг, зах зээлийг маань эзэгнэх болсон хятадуудын гар нь хүрээгүй салбар, хөл нь хүрээгүй газар Монголд байхгүй байна. Ноос ноолуур, уул уурхай, газрын тосны салбарыг өөрийнхөөрөө тодорхойлж, өөрийнхөө үгээр хөдөлгөж яваа тэд өдгөө махны салбарыг бужигнуулж сууна. Монголын зах зээл дэх ноос ноолуурын үнийг хөөрөгдөж, хөөсрүүлэх хятад бодлогоор манай улсын боловсруулах салбар уналтад ороод буй. Олон жижиг, дунд үйлдвэрүүд хаалгаа барьж, олон хүн ажлын байраа алдсан.
Өнөөдөр мах магнаг боллоо хэмээн монголчууд халаглаж сууна. Хацар хайрсан дүн өвлөөр хавар, зун, намартай харьцуулахад махны үнэ уг нь навс унадагсан. Нэг килограмм мах 3000 хол давчихаад байгаагийн шалтгаан нь хятад ченжүүд болжээ. Тэд юу хүснэ түүнийгээ Монголд хэрэгжүүлж байна.
Зах зээлийн бодлогыг нь гартаа авч, монополь эрх эдэлж буй хятад иргэдийн эсрэг хэрэгжүүлж байгаа ганц бодлого нь нөөцийн мах. Шулуухан хэлэхэд энэ арга төдийлөн үр дүнгээ өгдөггүй. Жилийн жилд мах нөөцөлж хавар болохоор хятадуудын халаасанд амьдрах ченжүүдийн гарт орчихдог болохоор нөөцийн мах иргэдийг тайвшруулах арга болж чадахгүй байна. Инфляци энэ оны эцсээр арван хувьтай болно хэмээн мэдэгдээд байгаа статистикчид махны үнэ өмнөх сараас даруй 650 төгрөгөөр шууд нэмэгдсэн нь инфляцийг хөөрөгдөх голлох шалтгаан болж байгааг тооцоолоод буй.
Монголчуудын идэх хоол, уламжлалт соёлыг ил цагаанаар дээрэмдэх хятадууд Монголд “хөндлөн” алхалж байна. Тэд Монгол Улсын мөнгөний бодлогыг гартаа аль хэдийн авчихжээ.
Уг нь Монгол Улс өөрийн гэсэн төр засагтай, бодлого боловсруулагчидтай, гүйцэтгэгчидтэй, салбар хариуцсан яам агентлагуудтай. Улаанбаатарын төв цэгтэй ойрхон тухалж суугаа тэдгээр эрхэмүүдийг бодлогоо зөв боловсруулж, төрөө зөв зал хэмээн ард түмэн сонгосон. Гэтэл фронтын эхний эгнээнд явж үүргээ гүйцэтгэх чадвар манай эрх баригчдад алга бололтой. Тиймдээ ч харийнхнаар мөнгөний бодлогоо тодорхойлуулж, харийнхнаар зах зээлээ хөтлүүлэх болжээ. Эмээл хазаартай морийг нь эзэнтэй нь худалдаад авч байгаа хятадууд муухай юу эсвэл энэ бүгдэд хүлцэнгүй хандах эрх баригчид муухай юу.
Хятадад анх эдийн засгийн нээлттэй хаалганы бодлогыг нэвтрүүлж, шинэлчлэлийн эцэг гэгдэх болсон Дэн Сая Пин 1982 онд Английн ерөнхий сайд асан Маргарет Тэтчертэй уулзах үеэрээ “Та их ухаантай хүн. Миний хэлснийг эрх биш ойлгох болов уу гэж бодож байна. Муур хар байна уу, цагаан байна уу хамаагүй байдаг юм. Муур хулгана бариад идэж чаддаг л бол тэр сайн муур” гэж хэлсэн гэдэг. Муурыг нохой шиг хазаж чадахгүй юм аа гэхэд ядаж “архирч” болно доо. Бүр болохгүй бол муур шиг маажих хэрэгтэй. Даанч Монголын эрх баригчид тэгж чадахгүй. Тэнүүлч муурнаас айгаад зугтаж буй хулгана өрөвдөлтэй бас үнэхээр зэвүүн харагддаг. Муурны өөдөөс яаж ч чаддаггүй хэрнээ ядаж байхад авдар сав цоолоод, гурил будаа идчихдэг хулгана муухай амьтан. Яг л Монголын эрх баригчид шиг.
Ж.НЯМСҮРЭН
URL: