Ченж төлөвлөгөөний золиос #1
Монгол орны газар газрын нинжанууд Хан Хэнтийд халдаж эхэллээ
…Энэ манай бэр, өчигдөр нөхөртэй нь танилцуулсан гээд 30 гаруй насны залуу хажуу дахь эмэгтэйгээ доогтой нь аргагүй заан, нуг нуг инээнэ. “Тэр чинь надад хамаагүй” хэмээн 20 гаруй насны, махлагдуу биетэй, шар царайтай бүсгүй уцаарлангуй аястай хэлээд хүзүүнийхээ ороолтыг янзлангаа “Худлаа юу ч хийхгүй суугаад байхаар ухаач ээ” гээд тас тас хөхрөх аж. Тэрбээр алхтай зүйрлэж болмоор атлаа үзүүрийг нь хоёр салаа болгон шовхолж хурцалсан төмөр багаж гартаа атгажээ. Энэ багажаа тэд хараацай хэмээн нэрлэх бөгөөд зөөлөн хөрстэй газрыг ядах юмгүй хагалахад тун тохиромжтой байгаа нь илт.
Бүсгүй цуцсан шинжгүй нэг хэмээр, нэг далайлтаар эрүүл хөрсийг сэндийчин эргүүлж харагдав. Хагалсан шороон дундаас ганц, хоёроороо бөмбөрөн гарах жижиг чулууг долоож, арчиж үзэнгээ “Эндээс юм гарахгүй нь ээ” гэсээр цааш үргэлжлүүлэн ухна.
Нүүрээ шороогоор угаачихаа юу гэмээр царайтай мөнөөх залуу “Ингэхэд өөрөө ухах гэж ирээгүй юм шиг байна. Чулуу авахымуу, надад ёндоо (нинжанууд байгалийн тогтоц нь өвөрмөц, гоёмсог өнгөтэй чулууг ийн нэрлэдэг) байгаа шүү. Эсвэл өөр зорилготой юу, машинаас бичлэг хийгээд байгаа юм биш биз, эсвэл барих гээд байна уу” хэмээн үглэсхийн босож ирснээ, толгойноос хөл хүртэл нэвт шувт ажиглаадахав.
Нинжануудын чулууг албаар үнэ өндөр авах зэргээр шуналыг нь хөдөлгөх, цуу тараах гээд ченжүүдийн төлөвлөгөө улам бүр нарийссаар
-Би зүгээр судалж явна аа. Яг ямар чулуу байдгийг, хэдэн төгрөгөөр үнэлдэг бол гээд бүгдийг сонирхож байна гэтэл бидний яриаг сонсож зогссон өөр нэг залуу:
-Баагий, наад хүн чинь ухах гэж ирээгүй, бас чулуу мэдэхгүй хүн ч биш байна. Ёндоо сонирхож байгаа бол шууд хэлэл дээ. Надад хоёр байна. Танд бол гайгүй яриад өгчихнө гээд их л ажил хэрэгч царайлан тулаад ирэв. Хармаанаасаа нэг чулуу гаргаад “За энийг хэдээр авахын, үнэ тохирвол өглөө. Заавал эндхийн ченжээр дамжуулах албагүй ш дээ” гээд хүрэн улаан өнгөтэй, дугуйрч цагаригласан олон бөөрөнхий дүрстэй чулуу харуулав. Ийм чулууг нутгийнхан нүдтэй чулуу хэмээн нэрлэдэг өгөөд Хэнтийн Батноров сумын байгалийн нэгэн өвөрмөц бүтээл юм.
Харин одоо нинжануудтай өрнүүлсэн яриагаа түр орхиод товч мэдээлэл өгье.
Хэнтий аймгийн Батноров сумын төвөөс хойш 40-өөд км газарт бага үдийн алдад очлоо. Хэдхэн хоногийн өмнө. Энэ газрыг Эхбулаг хэмээдэг агаад нэрнээс нь ямар учир утгатай, ач холбогдолтой бүс болохыг түвэггүй ойлгож болно. Бэлчээрийн экосистем хийгээд ундны усны гол эх үүсвэр болсон энэ бүсэд хууль бусаар өнгөт чулуу олборлох явдал өнгөрсөн жилээс эрс идэвхжсэн байна. Чухам үүнтэй холбоотойгоор орон нутагт үүсэж буй асуудал дан ганц бэлчээрийн доройтол, хог хаягдлын бохирдол биш юм. Газар газрын нинжа цугласан нутагт архидалт, дээрэм, танхай, хүн амины гэмт хэрэг нэмэгддэг гээд тооцвол үүсэх сөрөг дагавар, гарах хохирол нь гэрлийн хурдаар өсдөг “жамтай”. Яг ийм дүрэм өдгөө Хэнтий аймгийн Батноров, Бэрх, Бор-Өндөр, Дархан сумдад үйлчилж эхэлсэн байна.
Эх булаг хэмээх газарт өнөөдрийн байдлаар өдөрт тогтмол 200-300 хүн өнгөт чулууг хулгайгаар олборлох болжээ. Хэнтийн бусад сум болон Завхан, Өмнөговь, Дундговь, бүр Говь-Алтай аймгийн Бигэр сумын алтны нинжанууд хүртэл Батноровт тухалж амжжээ.
Хэнтий аймгийн Батноров сумын Засаг дарга Г.Тайванжаргал:
-Батноровын чулуу үнэтэй гэсэн яриа нийгмийн сүлжээгээр тарсантай холбоотойгоор Монгол Улсын өнцөг булан бүрээс манай нутагт цуглах боллоо. Судлаад үзэхэд үнэхээр үнэ цэнтэй чулуу гараад байгаадаа бус, олон хүн цуглуулж, их хэмжээгээр худалдаж авах зорилгоор ченжүүд цуу тараадаг бололтой юм. Бидний судалгаагаар 6-7 ченж чулуу худалдаж авдаг гэсэн мэдээлэл бий. Угаас дэлхийн дулаарал нөлөөлөөд эхэлчихсэн энэ үед газрын чийгийг хадгалдаг чулууг нь ухаад авчихаар булаг шанд ширгэх, цөлжих явц мэдэгдэхүйц ажиглагдаж эхэлсэн талаар хэн хүнгүй ярьж байна. Гэтэл зарим нь ард түмэн ядуу байна, байгалийн баялгаа ашиглахад болохгүй зүйлгүй гэсэн байр суурьтай байдаг.
Тэгвэл ингэж газар сүйтгэж байгаа үйл явц ганц байгаль орчинд бус, дагаад нийгэмд, сум орон нутгийн амгалан тайван байдал, тогтвортой хөгжилд тушаа болдог. Бид байсхийгээд нэг хөөдөг, цөөн төгрөгөөр торгоод явуулахаас өөр арга хэмжээ авч чадахгүй байна. Энэ мөнөөх л хууль, эрх зүйн орчинтой холбоотой. Иймд энэ асуудлыг цэгцлэх, бүр таслан зогсоох хэмжээний эрх зүйн орчныг яаралтай бүрдүүлэх хэрэгтэй. Таслан зогсоох ажил энд цугласан нинжануудаар зогсохгүй эх сурвалж, сүлжээг нь олж илрүүлэхэд байгаа юм. Хэтдээ энэ тэмцэл бол, бид орон нутагтаа мал аж ахуй, газар тариалангаа эрхлэн он удаан жил тогтвортой сайхан амьдрах суурь баазаа хамгаалж, түүндээ зориулж хөрөнгө оруулж буй л хэрэг хэмээн ярилаа.
Хөрсөнд ялзмаг гэж бий. Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт болон хүний үйл ажиллагаатай холбоотойгоор Монгол орны ялзмагийн хэмжээ 1940-өөд оны үеийнхээс хоёр дахин багассан судалгаа гарчээ. Байгальд ганцхан см ялзмаг бүрэлдэхэд олон зуун жил шаардлагатай байдгийг мэдэх үү. Эрдэмтдийн судалгаагаар 60 гаруй жилийн дотор хагалсан, сэндийлсэн газраас хамгийн багаар тооцоход л 600 мянган тонноос илүү хэмжээний ялзмаг хөрснөөс устаж алга болжээ.
Хөшигний ар дахь хятад, монгол ченжүүд олзны төлөө эх орныг минь золиосолж байна
1900-гаад оны үед Бороо гол орчимд хятадууд алт олборлож байв. Тэгвэл тэнд одоо л нэг юм ялзмаг үүсч эхэлснийг тогтоолоо. Ингээд бодоход ухаж хөндсөн газарт ургамал ургах хэмжээний шимт хөрс бий болтол дор хаяж 100 гаруй жил шаардагдаж байгаа биз. Гэтэл чулууны нинжанууд энэ ховор үржил шимийг нь хэдхэн өдрийн дотор хэдэн га-гаар нь эргүүлээд хаячихаж байгаа нь эмгэнэл биш гэж үү. “Ямартай ч энэ хүмүүсийг газар авахуулж, хүрээгээ улам тэлэхээс сэргийлж бүхий л хүч боломжоо дайчлан тэмцэж байгаа. Гэвч өдөр бүр зардал гаргаад хөөцөлдөөд байх боломж үнэхээр алга. Өнгөрсөн жил 40 гаруй хоног энэ газар дээр пост гаргасан. Өдөр зугатаад шөнө болохоор толгой дээгүүрээ юм нөмөрч байгаад гэрэл тусгаад ухна гээч. Хөөгөөд, багажийг нь хураагаад явуулна. Маргааш нь дахиад л ирчихнэ. Хамгийн гол нь дорвитой арга хэмжээ авах хуультай болмоор байна” хэмээн Батноров сумын ИТХ-ын дарга Ж.Батмөнх хэлэв.
Харин одоо чулууны нинжануудтай өрнүүлсэн яриандаа эргэн оръё. Энэ удаад Хэнтий аймгийн Дархан сумын нутагт Дундговь аймгаас ирж чулуу олборлож буй нинжануудтай уулзая. Өөрсдийгөө Бөхөө, Хөхөө хэмээн ихэд хөгжилтэй байдлаар танилцуулсан, хувцас хунар, нүүр царай нь бүхэлдээ шороо тоос болсон 18-20 насны хоёр залуутай танилцав. Алтны, жоншны, нүүрсний, чулууны гээд хувиараа ашигт малтмал олборлогч бусдын л адил хариулт болон тайлбараа цээжилсэн аятай ээлжлэн ярьцгаана. Товчхондоо, “Амьдрал хэцүү байна, хийх ажил олдохгүй байна, ээж, дүү нараа би л тэжээдэг, ажил байвал энд шороо ухаж суухыг хэн хүсэхэв дээ. Аргагүйн эрхэнд ингэж явна…” гэх мэт. Гэтэл үнэндээ Батноров суманд гэхэд цалинтай туслах малчин хийх хүн олдохгүй байна гээд бод доо.
-Хангай нутагт газрын чийгийг тогтоон барьдаг, ус хуримтлуулдаг гол хүч нь мод. Тэгвэл говь, тал хээрт эдгээр чулуу газрын чийгийг тогтоон барьдаг гэдгийг мэдэх үү. Та нар ингээд хөрсийг нь эргүүлээд, чулууг нь аваад байвал тун удахгүй энэ нутагт ундрах булаггүй, ургах өвсгүй цөл болж хувирна. Тэр үед яаж амьдрах вэ?
-Энэ талаар үнэхээр мэдэхгүй юм байна. Бүр хатчихвал хэцүү л байна байх даа. Гэхдээ өөрөөр бид яаж амьдрахын.
-Мал аж ахуй эрхлэх, тариа ногоо тарих, эсвэл цалинтай, урамшуулалтай туслах малчин хийх гээд олон боломж байгаа юм биш үү?
-Уг нь мал маллаад байж болох ч худалдаж авах мөнгө алга. Туслах малчин хийхэд цалин бага ш дээ, тийм мөнгөөр яаж амьдрахын гээд хоёулаа дуугаа хураачихав. Халтайсан хоёр нөхөр газар ширтэн зогсохыг нь хараад өрөвдөх ч шиг. Ийн зогсохдоо хүртэл зүгээр байж чадсангүй, хөлөөрөө газар ухан шороо эргүүлнэ. Нүд нь чулуу хайн бэдэрнэ. “Өнөөдөр хэр олзтой байв. Чулууг чинь харъя” гэтэл тэрүүхэн хооронд хүүхэд зангаа гээгээгүй томоогүй гэнэн царай зурсхийв. Нэг нь өврөө ухаж байгаад том, жижиг гурван чулуу гаргаад ирлээ. “Энэ томыг нь ченж ах 20 мянгаар авъя гэхээр нь өгөөгүй. Та 5000-р авах уу” гээд нүүрэнд наах шахам сарвайв. “Би чулууны ченж биш гэж хэлсэн байх аа. Одоо газар ухаж, байгаль сүйтгэдэг ажлаа болиорой. Мал малла ойлгосон уу” гэвэл “Ойлголоо, эгч ээ” хэмээн толгой дохиод, яралзтал инээсээр мотоцикльдаа сундлан алга болов.
Хэнтий аймгийн БОАЖГ-ын дарга Г.Энхбаяр:
-Хуулийн ямар нэг зохицуулалт байхгүйтэй холбоотойгоор улам замбараагаа алдаж байна. Өнгөт чулууг олборлох, худалдан авах, хилээр гаргах гээд бүх үйл явц нь өдөр ирэх бүр нарийсаж, зохион байгуулалтад орсон. Байгаль дэлхий бол эх амь. Хүн бол бага амь. Гэтэл өнөөдөр эх амиа сүйтгээд байгаа нь хойшдынхоо амьдралыг хорлож байгаагаас ялгаагүй. Бид дуудлага худалдаагаар хураасан чулуугаа зарах гэж үзсэн. Төдөн сая төгрөг хүрлээ энэ тэр гээд байдаг чулууг дуудлага худалдаанд оруулахад нэг ч хүн сонирхоогүй, оролцоогүй. Тэгэхээр өндөр үнэ хүрдэг нь худлаа гэж харагдаад байгаа юм. Гэтэл Монгол Улс өнгөт чулууны судалгаа, үнэлгээ ч байхгүй. Чулууны мэргэжилтэн ч алга.
Өнөөдрийн байдлаар гэхэд аймгийн хэмжээнд 400 орчим кг чулуу хадгалаастай байна. Сумдаас хэсэг хэсгээрээ хураагдаад ирдэг. Бид улсын Эрдэнэсийн санд тушаах гэж хандсан. Гэтэл цөөн төрлийн эрдэнийн чулуу авдаг гээд манай өнгөт чулууг тоосонгүй. Иймд өнгөт чулууг худалдаж авдаг ченжүүд болон Хятад руу гаргадаг бүлгийг таслан зогсоох хэмжээний хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх талд төр, засгаас онцгой анхаарах хэрэгтэй байна гэв.
Үнэндээ өдөржин шороо малтаж олсон хэдэн чулуу нь тэдэнд хоногийн хоол залгахаас хэтрэхгүй. Шинээр ирсэн нинжануудын чулууг албаар үнэ өндөр авах зэргээр шуналыг нь хөдөлгөх, их чулуу хураахын тулд худал цуу тараан олон хүн цуглуулдаг гээд ченжүүдийн төлөвлөгөө улам бүр нарийссаар. Хамгийн гол нь нинжануудын гарт байгаль, газар шороо минь золиослогдож байна. Харин үүний цаана хөшигний ард нуугдсан хятад, монгол ченжүүд олзны төлөө эх орныг минь золиосолж байна.
Үргэлжлэл бий …
Ц.Цэвээнхэрлэн
Засгийн газрын мэдээ
URL: