Н.ЭНХБАЯРЫН УРАН НҮҮДЛИЙГ Ц.ЭЛБЭГДОРЖ БУЦААХ УУ
Н.Энхбаярт нэг л эрх ашиг бий, тэр нь өөрөө. Сүүлийн үед өрнөж буй хэрэг явдал ийм тодорхойлолтыг улам нотолж байх шиг. Хэдийгээр улс төрийн шатрын өрөг дээрх тоглогчийн хувиар гол нүүдлийг хийж байгаа мэтээр харагдаж байгаа ч тэр тийм ч сайн нөхцөл байдалд байгаа улстөрч огтоос биш гэдэг нь тодорхой.
УИХ-д нэр дэвших эрх нь хаалттай яваа Н.Энхбаярт байгаа ганцхан зэвсэг нь МАХН. Энэ зэвсгээ хамгийн сайн ашиглаж, сэлмээр бол эргэлдүүлж чадаж байгаа түүний ур чадвар гэдгийг харин хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй. МАН-ыг мангартуулж, АН-ыг азаартуулсан гэгдээд буй Н.Энхбаяр яг үнэндээ улс төрийн стратеги гэхээсээ илүүтэй, өөрийнхөө л эрх ашгийг нэн тэргүүнд хангаж авахын төлөө чиглэсэн тоглолт хийж байна. “МАН, МАХН эвсэнэ” гэдэг цуурхлыг МАН-ын Бага хурлаар баталгаажуулж, “Н.Энхбаярыг ялгүйд тооцсугай” гэдэг тогтоолын төслийг Байнгын хороогоор дэмжүүлж чадлаа. Өөрөөр хэлбэл, тэр магадгүй МАН-тай анхнаасаа эвсэх санаагүй байсан. Гагцхүү эрх баригч АН-аар өөрт ашигтай шийдвэр гаргуулахын тулд хэрэглэсэн ов мэх байх магадлалтай. Хамраараа газар хатгатлаа хууртсан МАН-ын зүгээс ч ингэж таамаглаж байгаагаа мэдэгдсэн.
Тэгвэл АН яагаад МАХН-ыг МАН-тай нэгдүүлэхгүйн тулд Н.Энхбаярын тавьсан болзлыг биелүүлэх ёстой юм бэ. Яагаад гэвэл, улс төрийн ямар ч эрхгүй энэ эрхэм “Сонгуулийн нөхцөл байдлыг хэний талд ашигтайгаар эргүүлж өгөх вэ” гэдгийг шийдэх эгзэгийг гартаа атгачихсан сууж байгаа. МАН, МАХН хоёр эвсэл байгуулсан тохиолдолд АН сонгуульд ялалт байгуулж, ирэх дөрвөн жил төрийн эрх барих боломж шууд багасна. Үүнийг Н.Энхбаяр овжиноор ашиглаж, АН болон МАН-ын дунд үнэ хаялцуулсан байж таараа. МАН-тай нэгдэх тухай яриа тохироо үргэлжилж байх үед Н.Энхбаяр АН-ын дарга З.Энхболдтой уулзсан байдаг.
Ингээд гол тохиролцоо хийгдсэн гэж үздэг. Тодруулбал, Н.Энхбаярыг ялгүйд тооцох тогтоолын төслийг УИХ-аар батлуулах амлалтыг АН авсан бололтой. Үүний хариуд Н.Энхбаяр МАН-тай нэгдэхээ болих ёстой. Ялгүйд тооцох нь Н.Энхбаярт яагаад тийм амин чухал вэ. Үүнийг ихэнх нь УИХ-д нэр дэвших эрхээ олж авахын тулд хэрэгтэй гэж тайлбарлаж буй. Үнэхээр ч тийм. Түүнд нам нь УИХ-д хэдэн суудал авах нь чухал биш гээд хэлчихвэл бүхэл бүтэн намын зорилгыг үгүйсгэсэн хэрэг болох байх. Гэвч Н.Энхбаярын хувьд юун түрүүнд өөрөө УИХ-ын гишүүн болж, халдашгүй дархан эрхтэй болж авах нь хамгийн чухал. Тэгэхгүйгээр түүнд заналхийлж буй аюул байсаар байх болно. Уг нь тэр энэ аюулаас мултарлаа гэж бодож байсан ч андуурсан болохоо Шадар сайдаар томилогдох оролдлого хийх үедээ мэдсэн. Түүнийг Шадар сайдаар томилогдохын даваан дээр бас л нэг саад гарч ирсэн нь ялын хугацааг нь дуусаагүй гэж АТГ-аас үзжээ.
Гэвч ялын хугацаа дуусаагүй гэдэг хамгийн ноцтой нь биш байсан юм. Н.Энхбаярыг Гүйцэтгэх ажлын тухай хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан, мөнгө угаасан, гэрээгээр халхавчлан бусдын өмч хөрөнгийг залилсан, бусдаас их хэмжээний хээл хахууль авсан хэргүүдэд холбогдуулан шалгаж байгаа гэдгийг АТГ-аас мэдэгдэв. Нэг ёсондоо Н.Энхбаярт дахин эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй нь тодорхой болсон юм. Тиймээс энэ аюулаас зугтах хоёр боломж Н.Энхбаярт байсан. Нэг нь эмчлүүлэх нэрээр БНСУ-д байнга оршин суух, нөгөө нь УИХ-ын гишүүн болж авах. Н.Энхбаяр хоёр дахь хувилбарыг сонгож, үүнийгээ МАН-аар далайлган, АН-аар хийлгэхээр оролдож байна гэсэн үг.
“Хууль хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Монгол Улсын Их хурлын тогтоолын төсөл” хэмээх нэртэй төслийг УИХ-ын олонхи дэмжиж батлагдах нь илэрхий боллоо. Энэ нь “2015 оны долдугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж, үндсэн ялыг эдэлсэн, өршөөл, уучлалд хамрагдсан хүний ялтайд тооцох хугацааг ямар гэмт хэрэгт холбогдсоноос үл хамааран уг хуулийн 6.1-д заасны дагуу өршөөн хэлтрүүлсэн тул хувийн хэрэгт нь ял шийтгэлгүйд тооцсон тухай тэмдэглэгээ хийж нэг мөр хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулсугай” гэсэн агуулгатай. Энэ тогтоолын төсөл батлагдвал Н.Энхбаяр ял шийтгэлгүйд тооцогдон УИХ-ын сонгуульд намаа удирдан оролцох боломжтой болно. Эсрэг талд, АН тогтоолын төслийг УИХ-аар батлахгүй бол яах вэ. Үүнээс сэргийлж, Н.Энхбаяр АН-д хугацаатай үүрэг өгсөн байх боломжтой. Нэн даруй буюу намууд сонгуулийн мөрийн хөтөлбөрөө Аудитын байгууллагад хүлээлгэн өгөх ёстой хугацаанаас өмнө уг тогтоолын төслийг батлахыг тэр АН-аас шаарджээ.
Тиймдээ ч Хууль зүйн байнгын хороогоор түргэвчлэн дэмжүүлж, УИХ-ын хуралдаанд оруулахаар болсон. Хэрвээ АН амлалтаасаа буцвал МАХН дахиад МАН-тай нэгдэх тохироогоо үргэлжлүүлж таарна. Үүний нотолгоо нь “Манай намын зүгээс хуулийн хугацаа дуусаагүй учраас дахин эвсэх санал хүргүүлнэ” гэсэн МАХН-ын мэдэгдэл. Энэ нь УИХ-аар тогтоолын төслийг батлах эсэхээс харгалзаж, шийдвэрээ гаргана гээд хэлчихсэнтэй адил утгатай юм.
Энэ тогтоолын төсөл ганцхан Н.Энхбаярт зориулагдсан эсэх тухайд олон тайлбар бий. Албан ёсны тайлбар нь “Хууль хүчний байгууллагын удирдлагууд Өршөөлийн хуулийн талаар янз бүрийн мэдэгдэл хийгээд байна. Өршөөлийн хуулийг нэг мөр ойлгуулах нь зүйтэй. Энэ талаар УИХ-ын тогтоолын төсөл гаргая гээд Хууль зүйн байнгын хорооны гишүүд санал гаргасан” гэх тайлбар байгаа аж. Гэвч бодит байдал, өрнөж буй үйл явц арай өөрийг хэлж байна. Энэ тогтоолын төсөл Н.Энхбаярт зориулагдаж гарч байгаад эргэлзэхгүй байх олон үндэслэл тэнд бий. Тухайлбал, Монгол Улс түүхэндээ олон удаа Өршөөлийн хууль баталж байсан ч нэг ч тохиолдолд ийм нэмэлт тайлбар, тогтоол гаргаж байгаагүй. Өршөөлийн хуулийг яаж хэрэгжүүлэх, яаж тайлбарлахаа холбогдох албан тушаалтнууд нь УИХ-аар заалгаж байгаагүй ээ гэсэн үг. Өршөөлийн хуулийг хэлэлцэж байхад З.Баянсэлэнгэ гишүүн “Н.Энхбаяр даргын ялтай байдал өршөөгдөх үү” гэж асуухад Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Уранчимэг, ШШГЕГ-ын дэд дарга Г.Туулхүү, Улсын ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат нар “өршөөгдөхгүй” гэж хариулж байсан. Хуулийг яг гардан хэрэгжүүлж байгаа хүмүүс нь өршөөгдөхгүй гэж байхад УИХ тогтоол гарган өршөөж болох уу.
Үүнд Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат “Тэр хүмүүс мэдэхгүй шүү дээ. Тэд бол хууль биелүүлдэг албан тушаалтнууд. Тэрнээс хууль тайлбарладаг хүмүүс биш шүү дээ” гэх тайлбарыг өгчээ. Тэгвэл бас нэг зүйлийг дурдах нь зөв. УИХ хууль тайлбарладаггүй, Дээд шүүх тайлбар гаргадаг. Гэтэл энэ тохиолдолд УИХ баталсан хуулиа тайлбарласан тогтоолын төсөл баталбал Дээд шүүхийн хууль тайлбарлах эрхэд халдаж байна гэж үзэх үү, эсвэл үгүй юү. Энэ мэт олон ээдрээ, зангилаа байгаа хэдий ч энэ тогтоолын төсөл батлагдаж л таарах болов уу. Н.Энхбаярын ов мэх, уран нүүдэл түүнийг УИХ-ын сонгуульд намаа удирдан оролцох эрхээр шагнах эсэхийг харах л үлдлээ. Гэвч эсрэг талын өрөг дээрх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж түүний энэ хичээл зүтгэлтэй эвлэрээд, зүгээр хараад сууна гэдэг юу л бол. Энэ нь УИХ-аар тогтоолын төсөл батлагдвал Ерөнхийлөгчийн зүгээс хориг тавьж магадгүй гэх мэдээллээр илэрч байна. Өрсөлдөгч нь тааж, мэдэж болж байгаа нөхцөлд ямар ч уран нүүдэл уран биш болдог учир бас бий. Тэр тохиолдолд буцаж нүүхгүй л бол ялагдал хүлээх эрсдэл шатарт бий.
Д.ДАМДИНЖАВ /АРДЫН ЭРХ/
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
monholiin ard tumen enhbauariigaa demjine uagaad gebel tseber mongol olon heleer uaridag ondor bolobsroltoi ene huniig guitseh hun baina uu ugui shu dee tiimees ualgaa ni ene .
Төмөр замийн гурван угсармалийн гомо мөнхжаргал чи нархан хотхоноос зайлаачээ ичдэггүй гомо. Бүдүүн намхан тэнэг гомо ичихгүй жоохон банди нар сонирхдог чи баярааг одоо сонирхохоо болио
монголын ард түмний өмнөөс гэж битгий худлаа бич. өөрийн гэсэн бодолтой хүмүүс маш олон хэзээ ч тэд энхбаярыг дэмждэггүй