Эрүүл мэндийн сайдыг өнөөдөр томилох ёстой

Эрүүл-мэндийн-яамны-зураг1Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнгөрсөн долоо хоногийн энэ өдөр “Эрүүл мэнд, спортын сайдыг ирэх долоо хоногт багтаж, УИХ-аар хэлэлцүүлнэ” хэмээн амласан. Түүний өөрөө товлосон сүүлчийн өдөр өнөөдөр. Албаны эх сурвалж “ЭМС-ийн сайдад хэд хэдэн хүний нэр яригдсан ч намын харьяаллаас болоод дэмжигдэхгүй байгаа. Мэргэжлийн хүнийг сайдаар томилоосой гэж байгаа ч намын харьяаллаар шийдэх бололтой. Ойрын хугацаанд сайдыг томилж чадахгүй байх” гэв.

Гамшгийн хэмжээнд хүрсэн улаанбурхны бодит мэдээллийг олон нийт Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт твитгер, фэйсбүүк, мессежээр удаа дараа бичиж, арга хэмжээ авахыг шаардсаны дараа тэрбээр зургаан сар орчим удирдлагагүй байлгасан эрүүл мэндийн салбарыг сайдтай болгохоо амласан. Гэвч ажлын сүүлчийн өдөр болоход сайдад нэр дэвшигчид ч тодроогүй байна. 59 хүүхэд улаанбурхнаар өвчилж, өвчнөө даалгүй амиа алдсан нь энэ салбарыг хариуцсан сайд хэрэгтэйг хангалттай баталж баймаар. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг улаанбурхан өвчнөөр өвчилсөн өвчтнийг эмчлэхэд зайлшгүй шаардлагатай эмийн зардалд 453.9 сая төгрөгийг Эрүүл мэнд, спортын сайдын багц руу шилжүүлсэн. Мөн шаардлагатай бүх арга хэмжээ авахыг холбогдох  албаныханд даалгаж, чиглэл өгсөн. Харин өнөөдөр ард түмний өмнө амласан ёсоороо Эрүүл мэнд, спортын сайдад томилох хүнийхээ нэрийг УИХ-д оруулна гэдгийг олон нийт хүлээж байгаа. Эрүүл мэнд, спортын яам сайдтай болох нь зөвхөн улаанбурхантай холбоотой асуудал биш юм. Монголын хамгийн чухал, эмзэг, үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой учраас энэ салбар нэн даруй хариуцсан эзэнтэй болох ёстойг улстөрчид төдийгүй олон нийт шаардаж байгаа билээ.

 

Х.АНАНД /ҮНДЭСНИЙ ШУУДАН/


URL:

Сэтгэгдэл бичих