Ази-Европын парламентын түншлэлийн Төслийн хорооны хуралдаан боллоо

05Монгол Улсын Их Хурал Ази, Европын дээд түвшний 11 дүгээр чуулга уулзалт /АСЕМ/-ын хүрээнд Ази-Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтыг Улаанбаатар хотноо 2016 оны дөрөвдүгээр сарын 21-23-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна. Энэхүү уулзалт нь Ази, Европын дээд түвшний 11 дүгээр чуулга уулзалтын хүрээнд болох хэд хэдэн цуврал арга хэмжээний эхнийх нь юм.

Ази-Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтын Бэлтгэл хурал дөрөвдүгээр сарын 21-ий өдрийн 15 цаг 30 минутад Төрийн ордны хуралдааны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд болов. Хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн С.Оюун даргалж, Ази-Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтад хүрэлцэн ирсэн улс орнуудын парламентын төлөөлөгчид оролцлоо.

Хуралдаан даргалагч Ази-Европын парламентын түншлэлийн энэ удаагийн уулзалтад одоогоор дэлхийн 32 орны парламентын төлөөлөгчид оролцохоор ирээд байгааг хуралдааны эхэнд дуулгаад маргааш нээгдэх Ази-Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтын хөтөлбөрийн төслийг парламентын гишүүдэд танилцуулсан юм.

Ази, Европын парламентын түншлэлийн хуралдааны дэгийн дагуу Нэгдсэн хуралдааныг Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд даргална. Энэ удаагийн уулзалт нь “Ази-Европын парламентын түншлэлийн АСЕМ дахь үүрэг оролцоо” гэсэн ерөнхий сэдвийн хүрээнд явагдах бөгөөд “Үр дүнтэй олон талт харилцаа, хамтын ажиллагаа”, “Ирээдүйн төлөөх түншлэл” гэсэн сэдвээр хоёр салбар хуралдаан хийх юм.

Бэлтгэл ажлын энэ удаагийн хуралдаанаар Ази-Европын парламентын түншлэлийн хуралдааны журмын дагуу хоёр салбар хуралдаан болон нэгдсэн хуралдаануудад илтгэл тавих орнуудын төлөөлөгчдийг хэлэлцэж тогтов. Уулзалтын орчуулгыг англи, монгол, орос, хятад, япон, итали хэлээр явуулах юм байна.

Ази, Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтын нээлт 2016 оны 04 дүгээр сарын 22-ны 09 цагаас Төрийн ордны Их танхимд болж, уулзалтыг Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд нээж үг хэлнэ. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ази, Европын парламентын түншлэлийн 8 дугаар уулзалтын Ерөнхийлөгч, Бүгд Найрамдах Итали Улсын парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Пьетро Грассо нар үг хэлэх юм.

Бэлтгэл ажлын хурлын дараа Ази-Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтын Төслийн /баримт бичгийн/ хорооны хуралдаан болж, хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн С.Оюун даргалав. Төслийн хорооны хуралдаанаар Ази-Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтаас гаргах Тунхаглалын төслийг хэлэлцлээ. Тунхаглалын төслийг уулзалтад оролцох орнуудын парламентын төлөөлөгчдөд урьдчилан хүргүүлж, ирүүлсэн саналуудыг төсөлд нэгтгэн тусгаж эцсийн хувилбарыг уулзалтад оролцож буй орнуудын парламентын төлөөлөгчдөд тараасан байна.

Ази-Европын парламентын түншлэлийн хуралдааны журамд Тунхаглалын баримт бичгийг хэрхэн хэлэлцэж батлах талаар тодорхой заасан байдаг аж. Энэ дагуу хуралдаан даргалагч Улсын Их Хурлын гишүүн С.Оюун Ази-Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтаас гаргах Тунхаглалын төслийг заалт тус бүрээр нь парламентын гишүүдэд уншиж танилцуулан саналыг нь сонсов. Төслийн хорооны хуралдаанд оролцсон парламентын төлөөлөгчид Тунхаглалын төсөлтэй холбогдуулан саналаа хэлж, төслийн зарим заалтыг өөрчлөн найруулах, утга агуулгыг сайжруулах зэрэг засвар оруулан нэгдсэн байр суурьт хүрсэн тул Тунхаглалын төслийг маргааш үдээс хойш болох Нэгдсэн хоёрдугаар хуралдаанд оруулж батлуулахаар тогтов.

Тунхаглалын төслийг хэлэлцэхэд Ази, Европын улс орнуудын парламентын төлөөлөгчид маш идэвхтэй оролцож, үнэтэй санал гаргаж төсөлд тусгуулан ажил хэрэгчээр хандсанд нь Төслийн хорооны хуралдааныг даргалсан Улсын Их Хурлын гишүүн С.Оюун талархал илэрхийллээ. Тунхаглалын төслийг хэлэлцсэн талаар Улсын Их Хурлын гишүүн, Төслийн хорооны хурал даргалагч С.Оюун Нэгдсэн хуралдаанд танилцуулах юм байна.

Ази-Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтын төгсгөлд Тунхаглалыг батлах бөгөөд энэхүү баримт бичигт Ази-Европын парламентын түншлэлийн үүрэг болон хоёр тивийн цаашдын хамтын ажиллагаанд гүйцэтгэх парламентчдын үүрэг, оролцоог тусгахаар төлөвлөжээ. Уг Тунхаглал нь дэгийн дагуу АСЕМ-ын дээд түвшний 11 дүгээр уулзалтын үеэр танилцуулагдах юм байна.

Ази-Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтад нийт 32 орон (Монгол Улсыг оролцуулан) болон Европын Парламентаас 150 гаруй төлөөлөгч оролцохоор бүртгүүлээд байна. Үүний дотор Энэтхэг, Тайланд, Итали (Сенатын танхим) гэсэн 3 улсын парламентын дарга, Австрали, Польш, Унгар, Вьетнам, Индонези, Финланд, Итали (Төлөөлөгчдийн танхим), Испани гэсэн 8 улсын парламентын дэд дарга нар оролцохоо нотлоод байна.

Ази, Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтыг зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд Улсын Их Хурлын даргын захирамжаар Үндэсний хороо байгуулагдаж, даргаар нь Улсын Их Хурлын дэд дарга Р.Гончигдорж ажиллаж байна. Мөн ажлын хэсэг байгуулагдаж, ахлагчаар нь Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар ажиллаж байгаа юм




URL:

Сэтгэгдэл бичих