Ядаж сонгуулийн өмнө “дүрмэндээ орж” үз, АН-ынхан!
АН-ынхан УИХ-д “арай олуулаа” болж, 1996 оны сонгуулиас хойш дахин яллаа гэж уухайлж байсан нь дөрвөн жилийн өмнө билээ. Хэдийгээр тэр ялалт нь яг хууль дүрмээрээ шүүгдвэл эсрэгээрээ эргэж болох байсан ч ард түмэн юу хийхийг нь тэсвэртэйгээр харж байв. Гэвч ялалт байгуулсныхаа дараа УИХ-ын даргаа томилохоос эхлээд л “Буйдантай жагсаал” мэтийг зохион байгуулахаас аргагүйд хүргэж төрийн их ажил АН-ынхны хувьд яг л тоглоом шиг үргэлжилсэн. УИХ-ын даргаа хүчээр тулгаж хүлээн зөвшөөрүүлж, Ерөнхий сайд нь аймгийн удирдлагуудыг хууль бусаар сонгосон гээд бүх ажил “дүрмийн бусаар” явагдах болов. Тэр ч байтугай өөрсдөө дотооддоо хагаралдсаар Засгийн газраа огцруулж МАН-ынхныг Бага хурлаа хийж байхад нь уран үгтэй захиа чулуудаж урьснаа аль болох ажил хийлгэхгүй байх талаас нь эдийн засгийн хориг арга хэмжээ авах мэт хөрөнгө мөнгийг нь шийдэж өгөхгүй гар, хөлийг нь тушиж байснаа төд удалгүй хөөгөөд гаргачихав.
Намын дарга нь Ерөнхий сайд байна гэдэг ч өнгөрч товчхондоо АН-ын дарга УИХ-ын дарга, Ерөнхий сайдын албыг бараг давхар хашаад байгаа нь олон нийтэд ажиглагдсаар буй. Генсекээ хүртэл дүрмийн бусаар сонгож, аймгууд дахь намын дарга нар маргаантай гэхчлэн З.Энхболд АН-ын даргыг, Л.Эрхэмбаяр АН-ын ерөнхий нарийн бичгийн даргын албыг хашиж чадахгүй байна гэдгийг харуулах үй түмэн жишээ үйлдвэрлэгдэв.
Зарим нь фракцгүй болъё гэх. Зарим нь фракц гэдэг нэрийг нь авч хаяад “санаачилга”, “клуб” гэж нэрлэх аргаар АН-ыг задлах арга улам нарийссан гээд бод доо. Бүр сүүлдээ АН-ын даргын хамгийн шадар хүн болох нэг гишүүн нь улс төрийн хамгаалалт үзүүлээгүйд нь намдаа хорсох шалтгаанаар халааснаасаа нам гаргаад ирэв. Бүр хоёр жилийн өмнө шахам байгуулагдсан гээд бодохоор “охин компани” сэм байгуулчихаад л компанийнхаа ерөнхий захиралтай шадарлаад байсан гэх үү дээ. Үүний адил АН гэдэг том намаар шаардлагатай тохиолдолд өрх тусгаарлана гэсэн сэтгэл өвөрлөж явсан гэсэн бодохоор бусад гишүүд нь ч гэсэн гоё нэртэй нам байгуулаад халаасалчихсан яваа, шаардлагатай тохиолдолд фракцийнхаа “ачаад яваад өгнө” гэхгүйн баталгаа алга.
Энэ мэтчлэн сонгуулийн өмнө тус намд цэгцлэх, ядаж 2016 оны сонгуульд оролцохдоо дүрмийн болоод орох нь чухал болоод байна. Дарга бүхэн хууль бус, эсвэл дүрмийн бус, дээр нь Ерөнхий сайд нь АН-ын даргаар ажилладаггүйгээс болоод өнгөрсөн хоёр жилд “Намын даргын хүн”, “Ерөнхий сайдын хүн” гэж талцан хуваагдаж удирдлагад нь ажиллах гашуун тавилангаасаа энэ удаагийн ҮЗХ-ны хурлаар салах болов уу. “Монгол хүн гарман дээр морио юүлдэггүй”, тиймээс сонгуулийн өмнө намын даргаа сольж болохгүй гэлцэж байгаад намын даргадаа Ерөнхий сайдын албыг аваад өгчих нь зөв гэсэн хүн ч цөөнгүй байх шиг. Ямартай ч ҮЗХ-ны хурлаар хэрхэн “дүрмэндээ орох”-ыг нь хараад 50-иад хоног харъя даа.
Г.Сүрэн
Эх сурвалж: Zaluu.com
URL: